ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолт өнгөрсөн шөнө болж, цааш өрсөлдөх эхний багууд тодорлоо. Франц, Уругвай шөвгийн наймд үлдсэн бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг эгнээндээ нэгтгэсэн Аргентин, Португал тэмцээнээ дуусгалаа.
Португалын алдарт тоглогч К.Роналдо энэ дэлхийн аваргыг дөрвөн гоолтойгоор өндөрлүүллээ. Хэсгийн эхний тоглолтод Испаний хаалганд гурван гоол хийж, шуугиан тарьж эхэлсэн Роналдо мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Мөн Мароккотой хийсэн тоглолтод нэг гоол оруулж, дөрвөн гоолтой болсон. Түүний энэ байрлалыг Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн таван гоол оруулж, гүйцсэн юм. Гэхдээ Роналдог өчигдрийн тоглолтод дахин гоол хийж, багаа ялалтад хүргэнэ гэж олон сая фанатууд нь харж байлаа. Гэвч Португалын шигшээ баг Уругвайд 2:1-ээр хожигдож, тэмцээнээ дуусгалаа. Энэ жил 33 настай Португалын алдарт тоглогч Криштиану Роналдо дөрвөн гоолтойгоор ДАШТ-ийг өндөрлүүллээ.
Роналдо ч бус түүнтэй хамт Лиональ Месси ч гэртээ харихаар боллоо. Түүнийг энэ жилийн Алтан цомын эзэн болно хэмээн хөгжөөн дэмжигчид нь хүлээлттэй байсан. Гэвч энэ жилийн ДАШТ-ийн таавар эхнээсээ эвдэгдэж, Криштиану Роналдо, Лиональ Месси нар гэртээ харихаар болов.
Аргентиний шигшээ баг Хорват, Исланд, Нигерийн багуудтай ‘D’ хэсэгт багтсан. Зарим баг урьдчилсан шатанд маш хүнд тоглолтуудыг хийж Орост ирсэн билээ. Тодруулбал, “Бяцхан шидтэн” Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс маш хүнд байдлын дундаас дэлхийн аваргыг зорих эрхээ авсан юм. Тэгвэл энэ удаа ‘D’ хэсэгт Аргентиний шигшээ баг эхний тоглолтод Исландтай тэнцэж, Хорватад хожигдон хүнд байдалд байсан. Хэсгийн сүүлийн тоглолтод Нигерийг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болоод байсан юм. Гэвч урьд шөнө Францын шигшээ багт 4:3-аар хожигдсоноор Лионель Месси багтайгаа гэртээ харихаар болов.
21 дэх удаагийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг Английн Харри Кэйн таван гоолтойгоор ганцаараа тэргүүлж байна. Түүний араас Белгийн Лукаку дөрвөн гоолтойгоор удаалж байгаа бол гурван гоол оруулсан дөрвөн тамирчин бий.
Ч.БОЛОР