Оюутнууд цэргийн эрдэмд суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Оюутнууд цэргийн эрдэмд суралцаж байна

Оюутнууд цэргийн эрдэмд суралцаж байна

Тос даасан бор залуус даргынхаа тушаалаар ярс ярс хийтэл нэгэн зэрэг алханаТэд бол эх орны хүү болохоор цэргийн эрдэмд шамдан суралцаж буй оюутан цэргүүд юм. Албандаа татагдан ирснээс хойш арав хонож байгаа бөгөөд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд байрлажээ.

Тэд өнөөдрөөс /2018.06.30/ ‘Цэргийн мэргэжлийн бэлтгэл’ сургалтаа эхлүүлж байна. Оюутан залуус өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд онолын сургалтад хамрагдсан бол өнөөдрөөс шат ахиулж, мэргэжлийн сургалтад суралцаж эхлүүллээ. 

Улсын хэмжээнд 1000 оюутан ‘Оюутан цэрэг’ хөтөлбөрт хамрагдсанаас 650 нь Улаанбаатар хотод, 350 нь орон нутагт алба хааж байна. 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ‘Оюутан цэрэг’ хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж, УИХ-аас баталснаар тав дахь жилдээ тус хөтөлбөр хэрэгжиж байгаа нь энэ юм.  Залуу үеэ эх оронч хүмүүжилтэй, эх орноо хайрлах, бахархах сэтгэлтэй, цэргийн эрдэмд мэргэшсэн болгоход хөтөлбөрийн гол зорилго оршиж буй бөгөөд үр дүн сайн, жил ирэх тусам ‘Оюутан цэрэг’ хөтөлбөрт хамрагдах сонирхолтой залуусын тоо өсөж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолсон юм. 

‘Оюутан цэрэг’ сургалтын ‘Цэргийн мэргэжлийн бэлтгэл’ сургалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал, хурандаа П.Жаргалан нарын албаны хүмүүс оролцож, оюутан залууст цэргийн албаа амжилттай хаахыг хүсэн ерөөлөө.

Дээрх арга хэмжээний үеэр бид дараах хүмүүсээс байр суурийг нь сонслоо.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, доктор, профессор, бэлтгэл хурандаа Г. Мягмаржав:

Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас тав дах удаагаа хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Залуус маань хоёр сарын хугацаанд онолын хичээлээ үзэж дуусгаад өнгөрсөн 10 хоног цэрэгт дасах бэлтгэлээ хийж дуусгалаа. Өнөөдрөөс цэргийн мэргэжлийн бэлтгэлд оюутан цэргүүд шилжиж байна. Цэргийн 11 мэргэжлийн эзэмших сургалтын нээлт болж байгаа юм.

Энэ жилийн сургалтын нэг онцлог нь оюутан бүр өөрийн гэсэн сурах бичигтэй. Тэр сурах бичгээ уншаад багш нартайгаа ажиллана. Мөн энэ хавар Батлах хамгаалахын их сургуулийг төгссөн залуу дэслэгч нар оюутан цэргийн салаан даргаар ажиллаж байна. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд хичээлийн хөтөлбөр дуусна.

Засгийн газраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, ажиллаж байна. Бидний энэ сургалт хийж байгаа цэргийн хээрийн төвийг байнгын ажиллагаатай болгох зорилгоор гурван барилга барьсан. Цаашдаа нэмж барилга барина. Мөн оюутан цэргийн тоо өмнөх жилийнхээс нэмэгдсэн. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Н. Энхболд:

Энэ жилээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт мөн хэрэгжүүлж байна.  Дөрвөн аймаг, Улаанбаатар хотыг багтаагаад таван газарт 1000 гаруй оюутнуудын дунд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөр их ач холбогдолтой хөтөлбөр юм байна гэдгийг бүгд ойлгодог болжээ. Цэргүүдийг сонгохдоо оюутнуудаас шалгалт авч, сурлага сайтайгаас нь шалгаруулсан. Жил ирэх тусам өрсөлдөөнтэй болж байна. Бололцоо байдаг бол оюутан цэргийн тоог нэммээр байдаг. Энэ жил хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 600 сая төгрөг гарган байр сууц зэрэг олон асуудлыг шийдсэн.  Ирэх 2019 оны төсөвт ‘Оюутан цэрэг хөтөлбөр’-т шаардлагатай санхүүжилтийг нэмж оруулахаар Батлан хамгаалах яам ажиллаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд олон зүйлийг сурдаг, төлөвшдөг, хатууждаг. 

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын  сайд Ц. Цогцолмаа: 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтын агуулга дээр нь бид ажиллаж байна. Орчин үеийн залуус эх орон, өвөг дээдсээрээ бахархах үзлийг суулгаж өгөхийн тулд сургалтын хөтөлбөрийн агуулга чухал. Мөн залуусын ёс зүйг сайжруулахад анхаарч ажиллаж байна. 

Оюутан цэргүүд хатуужил, хамт олонч үзлийг сургалтаар дамжуулж авах ёстой. Оюутан цэргүүдийн дунд нэг хүндрэлтэй асуудал байгаа нь эрүүл мэндийн хувьд зарим нэг нь хангалтгүй байна. 10 км газар гүйгээд ирэхдээ замаасаа буцсан байна.

Оюутан цэрэг Х. Батзолбоо:

-МУИС-ийн оюутан. Манай сургуулиас маш олон оюутан ‘Оюутан цэрэг’ хөтөлбөрт хамрагдахын тулд өрсөлдсөн. Дүнгээрээ болон бусад үзүүлэлтээр давуу байж чадсанаар тэнцсэн. Маш олон зүйлийг сурч мэдэж авч байна. Тэсвэр хатуужил, тэвчээр, бие даах чадвар, хамт олны тус дэм гээд олон зүйлийг сурч байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсандаа үнэхээр баяртай байгаа.

Сургалтын нээлтийн үеэр шинээр баригдсан сургалтын төвийн гурван барилгыг нээх ёслол болсон юм. Энэхүү барилгууд нь цэргүүдийн сурч боловсрох орчинг бүрдүүлэхээс гадна жилийн дөрвөн улирал байнгын ажиллагаатай байхаараа онцлог юм. 

Цэргийн мэргэжлийн сургалтыг гар утас, интернэтгүй вакум орчинд хийдэг бөгөөд сургалтын хугацаанд оюутнуудыг нэг л удаа ар гэрийнхэнтэйгээ уулзах өдрийг зохион байгуулдаг байна. Энэ өдөр нь ирэх долдугаар сарын 13-нд буюу Уяачдын баярын өдөр болох юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж