FIFA-2018: Шөвгийн 16-д шалгарсан багууд

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

FIFA-2018: Шөвгийн 16-д шалгарсан багууд

FIFA-2018: Шөвгийн 16-д шалгарсан багууд

Цэнхэр гаригийн ногоон талбайн хамгийн том баяр болох хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн замынхаа хагасыг туулаад байна. Тэмцээний хэсгийн шатанд Уругвай, Хорват, Бельгийн шигшээ багууд урамтай тоглож хэсэгтээ 3 хожил байгуулж бүтэн 9 оноо авч хасагдах шатанд шалгарсан. Харин зохион байгуулагч Оросын шигшээ багийг нутгийн дэвжээ ивээж хэсгээс гарсан нь бас нэг онцлог үйл явдал байлаа. Гэхдээ тэдний эхний хоёр өрсөлдөгч нь сул багууд байсныг мартаж болохгүй. Харин дэлхийн аваргаа хамгаалан ирсэн Германы шигшээ баг гол сенсацийг тарьж хэсэгтээ “хомоол” хамж гэртээ хариад байна. Мөн хэсгээ тэргүүлж мэргэжилтнүүдийн анхаарлыг төвд байсан Польшийн шигшээ баг маш хангалтгүй тоглож нутаг буцав. Тэднээс дутахгүй хүнд байдалд орсон баг бол “бяцхан шидтэн” Л.Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг. Гэхдээ Аргентины шигшээ хамгаалагч М.Рохогийн гоолоор Нигерийг буулгаж авснаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ халаасалсан. Ингээд шөвгийн 16-д өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорсон бөгөөд дэлхийн аваргын жинхэнэ “тулаан” өнөөдрөөс эхэлнэ. 

1.Уругвайн шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Португалын шигшээ баг: 07.01-ний 02.00 цаг

  • Уругвайн шигшээ багийн хэсгийн тоглолтоос өөлөх зүйл үнэндээ алга. Мэдээж хэсгийн шатны өрсөлдөгчид нь харьцангуй сул өрсөлдөгчид ч гэсэн хаалгандаа гоол алдаагүй ганц баг болсон бөгөөд өрсөлдөгчдийнхөө хаалганд 5 гоол оруулаад байна.  Уругвайд Л.Суарез, Э.Кавани хэмээх хоёр шилдэг довтолгооны хослол байгаа бол О.Табарез хэмээх туршлагатай, шилдэг мэргэжилтэн удирдаж байна.

2.Оросын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Испаний шигшээ баг: 07.01-ний 22 цаг

  • Зохион байгуулагч орны баг хүлээлтээс харьцангуй сайн тоглолтыг үзүүлсэн. Дэлхийн аваргын өмнө М.Салахтай Египетийг А хэсгээс Уругвайн хамт гарах байх гэсэн таамаг илүүтэй байсан ч Оросууд Арабын хоёр төлөөллийг буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан. Гэхдээ тэдний жинхэнэ потенциал нь Уругвайн эсрэг хийсэн тоглолтонд харагдсан.

3.Испаний шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Оросын шигшээ баг: 07.01-ний 22 цаг

  • Анх удаагаа дэлхийн аваргад оролцож буй Д.Коста Испаний шигшээ багийн довтолгоог нэр төртэй үүрч байна гэхэд нэг их буруудахгүй болов уу? Дэлхийн аварга эхлэхээс нэг өдрийн өмнө дасгалжуулагчаа халж багагүй асуудалтай тулгарсан ч том багийн эрэмбэ зааж хэсгээсээ шалгараад байна.

4.Португалын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Уругвайн шигшээ баг: 07.01-ний 02.00 цаг

  • Европын аварга Португалын шигшээ багт К.Роналдо хэмээх авъяаслаг, хөдөлмөрч тоглогч байгаа нь азтай хэрэг. Хамгаалалтын арын шугам нь ахмад учраас хаалгандаа гоол алдахаа хүрвэл хэдийг ч алдаж байгаа. Хамгаалагчдынхаа алдааг К.Роналдо засаж, ганцаараа зүтгэсээр багаа шөвгийн 16д хөтлөн оруулаад байна.

5.Францын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Аргентины шигшээ баг: 06.30-ний 22.00 цаг

  • Дэлхийн аваргад “ногт ганзгалан” ирсэн баг бол Францын шигшээ. Гэвч хэсгийн тоглолтуудаас харвал Д.Дешам багийнхаа гарааг нэр мөр шийдэж чадаагүй л байна. Гэхдээ Францын шигшээ багт бусад багуудыг бодвол харьцангуй сайн бүрэлдэхүүн байгаа нь давуу тал болж байх шиг. Өөрөөр хэлбэл талбай дээр сэлгээнээс хэнийг ч гаргаж болох авъяаслаг залуустай байгаа.

6.Данийн шигшээ баг

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Хорватын шигшээг баг: 07.02-ны 02.00 цаг

  • Данийн шигшээ баг Францын хамтаар хэсэгтээ ялагдалгүйгээр шөвгийн 16д шалгараад байна. Гэхдээ Данийн шигшээ багийг хасагдах шатанд шалгарахад хаалгач К.Шмейхел болон хагас хамгаалагч К.Эриксен нарын үүрэг оролцоо их байсан. Хэрвээ нээлтийн тоглолтонд Перугийн К.Куэва 11 м-н пеналтиа алдаагүй байсан бол нөхцөл байдал нэлээд сонирхолтой болох байсан болов уу?

7.Хорватын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Данийн шигшээ баг: 07.02-ны 02.00 цаг

  • Оросод хэсэгтээ оноо алдалгүй бүтэн 9 оноогоо ердөө 3 улсын шигшээ баг авсан. Тэдний нэг бол Хорватын шигшээ баг байсан юм. Дэндүү шилдэг хагас хамгаалагчдын тоглолтонд тулгуурласан Хорватын шигшээ баг гайхалтай тоглож Аргентины шигшээг буулгаж авсан нь нэгийг хэлээд байх шиг. Яг үнэндээ Нигерийн шигшээ баг бол Хорватад тийм ч хялбар өрсөлдөгч биш боловч төвөггүйхэн буулгаж авсан.

8.Аргентины шигшээ баг

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Францын шигшээ баг: 06.30-ны 22.00 цаг

  • Эмх цэгцтэй тоглолт, багийн нэгдэл Аргентины шигшээ багт дутагдаад байх шиг. Исландын шигшээ багтай тэнцэж, Хорватад 30 харьцаатай хожигдоход Аргентинд эргэлзэх байдал бий болж байсан. Гэхдээ Нигерийн эсрэг арай өөр тоглож, ялангуяа Л.Месси багаа талбай дээрх шилдэг тоглолт нь багаа ялалт байгуулах нөхцөл бүрдүүлсэн.

9.Бразилын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Мексикийн шигшээ баг: 07.02-ны 22.00 цаг

  • Хэсэгтээ Швейцарын шигшээ багтай хийсэн тоглолтонд тоглолтын II хагаст гоол алдаж тэнцсэн нь байдлыг ээдрээтэй болгосон. Бразилын шигшээ багт Неймараас хүлээх хүлээлт их байгаа ч яг одоогоор Ф.Коунтиньогийн тоглолт багтаа илүү үр нөлөө үзүүлж байна.

10.Швейцарын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Шведийн шигшээ баг: 07.03-ны 22.00 цаг

  • Дутуу үнэлэгдэж байсан ч уйгагүй хичээл зүтгэл, багийн лидер тоглогчдынхоо сайн тоглолтоор шөвгийн 16д шалгараад байна. Швейцарын дасгалжуулагч багийнхаа гол довтлогчид болох Ж.Шакири, Б.Жемаили нарыг илүү бүтээлч тоглолтыг бий болгосон нь үр дүнгээ өгч байна.

11.Шведийн шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Швейцарын шигшээ баг: 07.03-ны 22.00 цаг

  • Шведийн шигшээ багт Златан байхгүй ч асуудал алга. Шведийн шигшээ баг гоц гойд тоглолтыг үзүүлэхгүй байгаа ч хэсгийн сүүлийн тоглолтонд Мексикийн шигшээ багийг аатайгаар буулгаж авснаар хасагдах шатанд шалгарах эрхээ авсан. Мэдээж дэлхийн аваргын урьдчилсан шатанд Нидерланд, Италийг ардаа оруулсан Шведийн шигшээ баг сул өрсөлдөгч биш.

12.Мексикийн шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Бразилын шигшээ баг: 07.02-ны 22.00 цаг

  • Дэлхийн аваргын цомыг хамгаалагч Германыг буулгаж авснаар эхлэлээ тун сайн тавьсан. Гэхдээ энэ хэсэгт маш сонирхолтой өрсөлдөөн өрнөсөн бөгөөд Шведэд хожигдсон ч нөгөө талд Өмнөд Солонгосчууд Германыг хожсон нь хэсгээс гарах боломжийг нээж өгсөн.

13.Бельгийн шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Японы шигшээ баг: 07.03-ны 02.00 цаг

  • Байрлал бүртээ Европын том лигүүдэд тоглодог ТОП тоглогчидтой Бельгийн шигшээ багт хэсгийн шатанд саад хийх баг байсангүй. Урдаа Р.Лукаку хэмээх хүчирхэг довтлогчтой бол дундаа маш бүтээлч тоглолттой Э.Азар, де Бройне нарын авъяслаг залуустай Бельгийн шигшээ багаас бусад багууд бэргэж байгаа нь лавтай.

14.Английн шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Колумбын шигшээ баг: 07.04-ний 02.00 цаг

  • Дасгалжуулагч Г.Саутгейт Английн шигшээ багийг үнэхээр үзүүштэй тоглолттой болгосон нь сайн хэрэг. Гэвч хэсгийн сүүлийн Бельгитэй хийсэн тоглолтонд “бараг” л хэргээр хожигдож, хөгжөөн дэмжигчид нь баярлаж байсан. Магадгүй энэ хожигдол нь тэдэнд амьдралын жигүүрт гарч финалд хүрэх замыг нь нээж байгаа ч нөгөө талаар том зорилготой ирж байгаа багийн хувьд тийм ч сайн зүйл биш юм. Колумбын шигшээ баг тэдэнд сул өрсөлдөгч биш л байх болов уу?

15.Колумбын шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Английн шигшээ баг: 07.04-ний 02.00 цаг

  • Маш ширүүн өрсөлдөөн дундаас хасагдах шатны эрхээ авсан. Японы эсрэг эхний 3 дахь минутанд гоол алдаж өөрсдөө нөхцөл байдлыг ээдрээтэй болгож бүтэн 90 орчим минут хүнд тоглолт хийж хожигдсон. Гэхдээ дараагийн 2 тоглолтоос хожил авснаар хасагдах шатанд шалгараад байна. Колумбын шигшээ багийн гол асуудал нь багийн лидер Х.Родригесын бэртэл болоод байна.

16.Японы шигшээ баг:

  • Шөвгийн 16н өрсөлдөгч Бельгийн шигшээ баг: 07.03-ны 02.00 цаг

Ази тивийн нэр төрийг нуруун дээрээ үүрч шөвгийн 16-д шалгарсан цорын ганц баг бол Японы шигшээ баг. Дэлхийн аварга эхлэх үед Японы шигшээ багаас хүлээх хүлээлт харьцангуй доогуур байсан. Япончууд хэсэгтээ Сенегалын шигшээтэй оноо, гоолын зөрүү тэнцсэн ч 2 шар картаар бага байсан тул дараагийн шатанд шалгарсан.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж