“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлага, тодруулгуудаа тоймлон хүргэж байна.
“60 тэрбумын асуудлыг хаасан шалтгаанаа ярих ёстой”
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтийг гаргасан юм. Энэ асуудлаар өчигдөр /2018.06.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд дараах асуултад хариулт авлаа.
-Прокурорын байгууллагаас нийтийн сонсгол явуулах боломжгүй гэсэн хариу ирсэн гэх мэдээлэл байна. Танд албан ёсоор хариу өгсөн үү?
-Прокурорын байгууллагаас тийм хариу ирээгүй. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь дэмжсэн тохиолдолд нийтийн сонсгол хийх хуультай. Үүнийг янз бүрийн байдлаар аргацааж байна. Хэрэв УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал руу орно. Үнэхээр буруугүй юм бол АТГ, Тагнуулын байгууллага, прокурорын байгууллага 60 тэрбумын хэргийг хаасан шалтгаанаа ил тод ярих хэрэгтэй. Энэ асуудлыг ярихаар УИХ, шүүх байгууллагын үйл ажиллагаа явуулах болно гэж буруугаар тайлбарлаад байна. Тэгэхээр аль ч улсын парламент хянан шалгах эрхтэй байдаг. Тэр ч байтугай дэлхийн 70 гаруй оронд “Халуун сандал” гэдэг арга хэмжээ бий. Үүгээр бүх үнэнийг нь хэлүүлж, сэтгүүлчдийн өмнө нэгдсэн тайлбар өгч, иргэдийн дундах эргэлзээг тайлдаг. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсголтой төстэй арга хэмжээ. Хэрэв буруу зүйл байвал шүүн тунгаадаг. Манай нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхардаг. Хэн нэг нь хоригдлоо гэхэд бие нь өвдөж хорихоос гараад улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ жишиг үргэлжилбэл иргэдийн хууль, шүүх засаглалд итгэх итгэл суларна. Хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэх болно. Тэгэхээр энэ асуудалд цэг тавихгүйгээр хуулиар хаацайлсан байдлаар хандаж болохгүй. Энэ асуудлаар би яг одоо Хууль зүйн байнгын хорооны даргатай уулзах гэж байна.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=282202 линкээр унших боломжтой.
“60 тэрбумыг зохион байгуулалттайгаар сөхдөг”
УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-“60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэж гарын үсгээ зурсан 19 гишүүний дунд таны нэр байсан. Та тус асуудалд ямар өнцгөөс хандаж гарын үсгээ зурсан бэ?
-60 тэрбумын асуудал ужиг боллоо. 2016 оноос хойш яригдаж байна. Хууль хяналтын байгууллагууд уг хэрэгт цэг тавьсан. Гэхдээ үүнийг зохион байгуулалттайгаар сөхдөг. Сөхөж буй хүмүүс нь манай намын зарим нөхдүүд болон сөрөг хүчин. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаад тодорхой болсон. Тэгэхээр нийтийн сонсгол хийгээд энэ асуудлыг мухарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2020 оны сонгуулиар дахиад л 60 тэрбумын асуудал сөхөгдөх нь. Ийм нэг эзэн холбогдогчгүй хэрэг бий болчихлоо шүү дээ.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=282206 линкээр унших боломжтой.
Л.Энхболд: Намайг харлуулах гэсэн бүлэглэл байна
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцсанаа хүргэе.
-Сошиалд явж байгаа зургаа та олж харсан биз дээ. Ерөнхийлөгчийн залрах ёстой сэнтийд заларснаараа та багагүй баалуулж байна. Яагаад та тийм зураг авахуулсан юм бэ?
-Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэх шалтгааны улмаас оролцохгүй тохиолдолд төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг томилох журамтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн захирамж гаргаж, 2018 оны зургадугаар сарын 22-нд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр миний биеийг томилсон. Бүрэлдэхүүнд нь аймгийн удирдлагууд, мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа, Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц нарыг томилсон захирамж гаргасан.
Энэ захирамжийн дагуу би Ерөнхийлөгчийг төлөөлж нутгийнхаа Говьгурвансайхан уулын төрийн тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслолд оролцоод ирсэн юм.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=281944 линкээр унших боломжтой.
Л.Мөнхбаатар: Хураас мэдээлэл авах тул ТҮЦ машин ашиглахгүй
Улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан, ажлын хэсэгт багтаж ажилласан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.
-Улсын бүртгэлийн багц хуулиуд батлагдаад 4 жил ч болоогүй байхад дахин шинэчлэн баталлаа. Ийнхүү богино хугацаанд хууль өөрчлөх болсон шалтгаан юу вэ?
-Төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийт үйлчилгээний 70 орчим хувь нь улсын бүртгэлийн үйлчилгээ байдаг. Тэгэхээр Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг ойрхон хөндөх нь нэг талаас, хуулийн хэрэгжилтэд сөрөг боловч, орсон өөрчлөлтийн агуулга нь нийгэмд, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд эерэг үр нөлөө үзүүлнэ.
Эдгээр хууль батлагдсаны гол ач холбогдлыг ерөнхий агуулгаар нь хэлбэл,
Нэгд, улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн хувьд төдийгүй бүртгэлийн байгууллагын хувьд хөнгөвчилж байгаа.
Хоёрт, төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд ч улсын бүртгэлийн мэдээллийг иргэнээс аль болох шаардахгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьсон.
Гуравт, төрийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж, хурдыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлдээ дэвшил гарна гэж үзэж байгаа.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=281889 линкээс унших боломжтой.
С.Ганбаатар: Би МАХН-д гялалзаж яваа
УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга, С.Ганбаатар цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед та хэвлэлээс хол хөндий байх шиг. МАХН-ын дэд даргын хувьд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг идэвхтэй ажиглаж байгаа байх. Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Энэ бүх үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Нөхөн сонгуульд МАН, АН, МАХН болон бусад намууд өрсөлдөх байх. Ямар ч байсан Монголын ард түмнийг сайхан амьдруулах, улс уурхайн дээрмээс нь салгах боломжийг улс төрийн хүчин болгон ашиглах ёстой. Улс орныг дампууруулж байгаа МАН, АН-ыг таслан зогсоох бас нэг боломж нь нөхөн сонгууль гэж харж байна. Манай нам энэ сонгуульд ялах ёстой. Хэнтийн ард иргэддээ бид итгэж байгаа.
-Нөхөн сонгууль болохтой зэрэгцэн танай намаас хэн нэр дэвших бол гэдэг таамаглал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Намын дарга нь эсвэл таныг нэр дэвшиж магадгүй гэсэн учир битүүлэг мэдээлэл байна. Энэ асуудалд та албан ёсны байр сууриа илэрхийлнэ үү?
– Сүүлийн үед энэ талаар гадуур албан бус худал мэдээлэл гарч ард иргэдийг дэгстүүлэх явдал ихээр гарч байна. Энэ болгоны араас нь очоод тэр нь буруу ярьсан байна, энэ нь зөв ярьсан байна гэж хэлэх боломжгүй. Тиймээс би албан ёсны мэдээллийг танай сайтад анх удаа өгөх гэж байна. МАХН нөхөн сонгуульд орно. Хэнтий нутгийн ард иргэд биднийг дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байгаа. МАН, АН биднээс ухаан алдалтаа айж байгаа. Биднийг нөхөн сонгуульд ялах магадлал өндөртэйг ч мэдэж байгаа учраас тэд булхай, луйвар хийх бэлтгэлдээ аль хэдийнээ орсон байна. МАХН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрээр удахгүй нэр дэвшигч тодорно.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=281747 линкээс унших боломжтой.
Б.Лхагважав: Тавантолгойн IPO-г намчид хийж чадахгүй
Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Долоо хоногийн өмнө та нэлээд бухимдалтай,“Огцорсон засаг өс хонзон авахын тулд татварын хуулийг унагаалаа” гээд мэдээлэл хийж байсан. Одоо тайвширсан биз дээ, Засгийн газар хуулийн төслөө УИХ-д ахиад өргөн барьчихлаа?
-Тайвшрах юу байх билээ. Би өөрийнхөө төлөө бухимдаагүй ээ. Монголын татварын систем, татварын эрх зүйн орчинг өөрчлөхийн төлөө худалч хүнд бараг 10-аад жил ярьж байна. Эдийн засагт асар том хүлээлт үүсчихсэн. Энэ реформыг хийснээр Монголын эдийн засагт ямар хэрэгтэй юм бэ гэж зарим хүн асуудаг. Том зургаар нь хариулах юм бол авлига багасна, далд эдийн засаг буурна, бизнесийн орчин сайжирна, улсын төсөв нэмэгдэнэ. Зах зээлд эргэлдэж байгаа орлого болгоныг, төгрөг бүрийг бүртгэхийн тулд НӨАТ-ыг 2015 онд шинэчлэн баталсан. Үүний үр жимсийг улс ч, иргэд ч хүртэж байгаа шүү дээ.Өнгөрсөн онд 78 тэрбумыг буцаан олголтоор тараалаа. Татварын орлого хоёр жил дараалан зуун хувиа давж биеллээ. Одоо үлдсэн реформыг нь хийгээд өгөөч, батлаад өгөөч гэж хэлж байгаа юм
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/3?id=281851 линкээс унших боломжтой.