Монголын Тусгай олимпийн хорооноос санаачлан өнөөдөр /2018.06.30/ Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн бамбар залах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Энэ үйл ажиллагаа нь оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдгээрийг нийгэмшүүлэх, нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх зорилготой аж.
Тус арга хэмжээнд хууль сахиулах байгууллагаас 500 орчим бие бүрэлдэхүүн, 100 тусгай олимпийн тамирчин, сайн дурын ажилтан оролцохоос гадна яам тамгын газар, Тусгай олимпийн олон улс болон бүсийн төлөөлөгчид, урлаг спортын одод урилгаар оролцох юм.
Анх 1968 онд АНУ-д оюуны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор хөдөлгөөн өрнөж, Тусгай олимпийн хороо байгуулагдсан бөгөөд эдүгээ 172 орны таван сая гаруй оюуны бэрхшээлтэй иргэдийг багтаасан, эрхийг нь хамгаалах зорилготой байгууллага болон өргөжжээ.
Харин Монголын Тусгай олимпийн хороо 2013 онд байгуулагдсанаасаа хойш нийт 1800 гаруй оюуны бэрхшээлтэй тамирчид, 80 дасгалжуулагч, 200 орчим сайн дурын ажилтан, 1500 гаруй эцэг, эхийн төлөөллийг эгнээндээ багтаасан төрийн бус байгууллага болсон байна.
Г.ХОРОЛ