Ази дахь гарааны бизнес, энтерпрёнеруудыг дэмжих хамгийн том нетворк, мэдээллийн суваг болох e27.co Монгол Улсын гурван технологийн гарааны бизнесийг 2018 оны Ази Номхон Далайн бүсийн ТОП100 жагсаалтдаа багтаагаад байна.
Уг жагсаалтад багтсан 100 компанийг 400 хөрөнгө оруулагч хийгээд 5000 оролцогчдод танилцуулах, мөн тэдний дундаас шилдэг 10 ялагчийг шалгаруулах Fight Club үйл ажиллагаа зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан Echelon Asia Summit 2018 арга хэмжээний хүрээнд явагдлаа. Энэхүү Ази тивийн технологийн гарааны бизнесүүдийн хамгийн том цугларалтад Монгол Улсаас анх удаа Erxes, LendMN, iHotel.mn гэх гурван баг оролцож, эх орноо Хөгжүүлэгч Монгол нэрээр таниулахад багагүй үүрэг гүйцэтгээд байна.
Эх орныхоо технологийн хөгжлийг илтгэхээр олон улсад өрсөлдөж буй эдгээр гарааны бизнесүүдийг Монголоос шалгаруулах уралдаант хөтөлбөрийг Startup Mongolia ТББ-аас 2018 оны 3-р сард зарлаж, эцсийн шалгаруулалтыг өнгөрөгч 5-р сард Echelon TOP100 APAC: Mongolia Qualifier Roadshow үйл ажиллагаагаар явуулсан юм. Уралдаанд Монголын шилдэгт тооцогдох 10 технологид суурилсан гарааны бизнесүүд мэргэжлийн шүүгчдийн өмнө танилцуулга хийж өрсөлдсөн. Шалгаруулалтын тэргүүн байранд ERXES маркетинг борлуулалтын платформ шалгарсан бол удаах байруудад Монголын шилдэг финтек бүтээгдэхүүн LendMN, зочлох үйлчилгээний захиалга, мэдээлэл хайлтын iHotel.mn систем шалгарсан юм.
Эдгээр гурван багийн хөгжүүлсэн платформууд нь олон улсад хэдийнээ танигдсан ижил төстэй өрсөлдөгчидтэй харьцуулахад өндөр хурд, бүтээмжтэй ажиллагаа, хэрэглээнд нэн ойр байдлаараа илүүрхэх чадамжтайн дээр, тогтсон зах зээлийг доргиох хэмжээний бүтээгдэхүүн, бизнесийн өсөлт хөгжлөөр онцгойрч байсныг шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэгч, Techstars компанийн Ази Номхон Далайн үйл ажиллагаа хариуцсан захирал Д. Око /Бат-Октябрь/ онцолж байв.
Ийнхүү гарааны бизнесээ дэлхийн тавцанд таниулж, хөрөнгө оруулагч татах томоохон боломжийг атгасан гарааны бизнесүүд маань цаашид Сингапур улсын гарааны бизнесийн орчинтой танилцаж, туршлага солилцонгоо олон улсад хэрхэн зах зээлээ олж өрсөлдөх талаар Азийн тэрбумтан менторуудаас олон талын зөвлөмж хүлээн авах юм.
ERXES маркетинг, борлуулалтын платформын тухай
ERXES нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй харилцах бүхий л сувгуудыг нэг цонхоор нэгтгэн удирдаж, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, маркетинг, борлуулалтыг дэмжих хиймэл оюун ухаанд суурилсан нээлттэй эхийн платформ юм.
ERXES нь бизнес хөгжүүлэлт, дэвшилтэт маркетинг, мэдээлэл технологийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Нью Медиа Групп компанийн олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээгдсэн нээлттэй эхийн платформ бөгөөд өдгөө Монголын 11 компани уг платформыг ашиглаж эхлээд байна. Хөгжүүлэгч Монгол уриатай ERXES гарааны бизнесийн баг олон улсаас амжилттай хөрөнгө оруулалт босгох зорилгын хүрээнд 6-р сард Тайвань, Сингапур зэрэг улсуудаад ажиллаж, тэдгээр улсуудад зах зээл, хөрөнгө оруулалт, бизнес орчны судалгаа хийгээд байна.
LendMN-н тухай
Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын анхны Финтек брэнд ЛэндМН нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монгол Улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж өнгөрсөн жил гарангийн хугацаанд компанийн хэрэглэгч, харилцагчдын тоо 50,000 гаран бөгөөд өдөрт дундажаар 1500 хэрэглэгчдийн яаралтай зээлийн хэрэгцээг шийддэг юм.
ЛэндМН 2018 онд олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болж компанийхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон.
iHotel.mn захиалгын системийн тухай
iHotel.mn захиалгын систем нь Монголын 100 зочид буудал, 200 гаруй амралтын газар, жуулчны бааз, сувиллын газрыг өөрийн цахим хуудсандаа нэгтгэж, Монголын болон гадаадын зочдоос захиалга хүлээн авч байгаа юм. iHotel.mn системийг хөгжүүлж буй Айхотел компани нь Монгол улсад 2016 оны АСЕМ дээд хэмжээний уулзалт, 2017 оны JCI АСПАК, 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зэрэг олон улсын 8000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон арга хэмжээний зочид буудлыг хариуцан ажиллаж iHotel.mn системээр нийт захиалгыг гүйцэтгэсэн туршлагатай юм.
Мөн iHotel.mn –ийн хамт олон улсын нэр хүнд бүхий booking.com, agoda.com, airbnb, Сtrip зэрэг онлайн захиалгын системүүдтэй хамтран ажилладаг ба дэлхийн 1,800,000 илүү зочид буудал, амралтын газрыг хамгийн хурдан, хялбар, нэмэлт төлбөр, шимтгэлгүйгээр эх хэл дээрээ захиалах боломжийг Монголчуудад олгож буй онлайн зөвлөгч юм.
Echelon Asia Summit арга хэмжээний тухай
Echelon Asia Summit нь залуу энтерпрёнеруудад компани байгуулах, компаниа өргөжүүлэхэд нь туслах зорилгоор анх зохиогдож эхэлсэн бөгөөд гарааны компаниудад хэрэг болох бүхий л боломжуудыг ойртуулахыг зорьсон арга хэмжээ юм. Echelon Asia Summit-н хувьд Сингапур улсад хоёр дахь жилдээ дараалан зохиогдож байгаа бөгөөд 2018 онд ‘Азид итгэ!’ уриан дор Ази номхон далайн орнуудын топ гарааны бизнес, компаниуд, хөрөнгө оруулагчид, засгийн газар, хэрэглэгч зэрэг 5000 оролцогчийг нэг дор цуглуулсан байна.
Жилийн туршид Зүүн Өмнөд Азийн улс орнуудын технологийн экосистемүүдийг дижитал платформд цугларуулж, Азийн өнцөг булан бүрээс ирсэн авъяаслаг лидерүүдийн дунд улс орны хил хязгаараас давсан харилцаа холбоог бий болгох, хөрөнгө оруулагчид, боломжит хэрэглэгчдийг зөв гарааны бизнес, тэдний бүтээгдэхүүнүүдтэй холбох, сүүлийн үеийн технологийн дэвшил, шинэлэг санаа туршлагуудыг танилцуулах зэрэг олон ашиг тустай үйл ажиллагаа Echelon арга хэмжээний хөтөлбөрт багтана.
Р.СУВД