Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирсэн. Энэ асуудлаар хуульчдын төлөөлөл болох Б.Мэргэн, Э.Хашчулуун нар өнөөдөр /2018.06.29/ Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Энэ үеэр хуульч Б.Мэргэнтэй Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирлээ. Үүний дагуу захиргааны шүүхийг татан буулгах, өөрчлөх асуудал яригдаж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар 2018 оны зургаадугаар сарын 06-ны өдөр, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачлан боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв, түүний бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заасан. Ингэснээр нэгдүгээрт, Засгийн газрын шийдвэр хоёрдугаарт, түүнийг хэрэгжүүлэх нэрийн дор бүх байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр нь захиргааны шүүхийн хяналтаас гарахаар байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар Засгийн газарт холбогдуулан үүсгэн шалгагдаж байгаа бүх хэргүүд хэрэгсэхгүй болохоор байна.
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан нь та бүхний үзэж буйгаар Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байгаа вэ?
-Тухайлбал, Үндсэн хуулийн 49.1-т
“Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэсэн заалттай, 49.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд засгийн газрын гишүүн, төр олон нийтийн нам байгууллага, иргэн хэн ч байсан шүүн таслах үйл ажиллагаанд оролцож хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох” тухай заасан байдаг.
Одоогоор Засгийн газар хариуцагчаар нь татагдсан 10 орчим маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа. Эдгээр маргаан хянагдах явцад Засгийн газар хариуцагчаар нь оролцож байж өөрийгөө Захиргааны шүүхийн хяналтаас гаргана гэдэг нь Засгийн газар шүүх ажиллагаанд хөндлөнгөөс орж байгаа хамгийн том хэлбэр. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс шударга ёс хууль дээдлэх нь төрийн үндсэн зарчим” гэж зааж өгсөн байдаг. Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхгүйгээр ардчилал, шударга ёсны тухай ярих боломжгүй. Төр аливаа шийдвэр гаргахдаа хуульд үндэслэсэн байх ёстой. Монгол Улсад хууль тогтоомжийн тухай хуулийг хэрхэн боловсруулах талаар зохицуулсан хууль байдаг. Уг хуульд зааснаар тухайн хуулийн талаар судалгааг заавал хийсэн байх ёстой.
-Өөрөөр хэлбэл та бүхний саналыг сонсолгүйгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хууль зөрсөн үйлдэл гэсэн үг үү?
-Тийм. Тухайн хууль төрөхөөс өмнө төрийн холбогдох байгууллага, бүх байгууллагаас 30 хоногийн хугацаанд санал авсан байх ёстой. Гэтэл энэ хууль иргэдээс санал авсан зүйлгүй, судалгаагүй, төрийн байгууллагаас санал авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байгаа гэж бид үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын гишүүнийхээ хувиар хууль зөрчиж байна гэж үзэж байгаа.
Э.Ариун
Холбоотой мэдээ