Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улирлын хаалтын тоглолтууд болж байна. Тус театрын уран бүтээлчид дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьж байгаа билээ. Харин өнөөдөр 17.00 цагт 55 дахь улирлын хаалтыг дуурийн гала тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтод театрын уран бүтээлчдээс гадна БНСУ, ОХУ-ын дуурийн дуучид оролцохоор болжээ.
БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн (сопрано), И Ёон Сук (сопрано), Лю Хён Сунг (басс-баритон), ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин, Ардын жүжигчин Н.Мөнхзул нарын гадаадын уран бүтээлчид өнөөдрийн тоглолтод дуулах юм байна.
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, бүжгэн жүжиг, хөгжмийн бүтээлүүдээр сонгодог урлагт дуртай бүхэнд үйлчилжээ. Түүнчлэн дэлхийн дуурийн топ 10 хөгжмийн зохиолчийн есийнх нь бүтээлийг Монголын тайзнаа амилуулаад байгаа аж.
Тус театрын уран бүтээлчид маргааш Д.Сүхбаатарын талбайд Монголын болон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг үзэгчдийн сонорт хүргэснээр 55 дахь улирлаа хааж байгаа юм байна.
Ч.БОЛОР