Олон нийтэд зориулсан энтертайнмент, соёл урлагийн гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой дэлхий даяар өргөн тархсан Dome төрлийн байгууламж White Rock Center үүд хаалгаа нээхэд бэлэн боллоо.
Энэхүү төв нь Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд тоног төхөөрөмж, тайз засал, менежментийн баг, инженерүүд нь хүртэл Япон стандартын шаардлагад нийцсэн юм.
Монгол талын хамтрагч, ҮАХ захирлаар хөгжмийн зохиолч, продюсер МУГЖ Н.Халиун ажиллаж байна. Мэргэжлийн хүний хувьд тэрээр Монголын соёл урлагийн өнөөгийн хандлагыг дэлхийн түвшинд байлгахыг зорьж, үзэгч, сонсогчдод тухайн урлагаас авах таашаалыг дээд цэгт нь хүргэхийг хүссэн аж.
Тийм ч учраас хэт чанга нүсэр хөгжим, хараанд нөлөөлөх хурц тод гэрэлтүүлэггүйгээр доторх заслыг шийджээ. White Rock Center нь хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөс гадна Монголд анх удаа 360 градусын өнцгөөр харагдах Projection Mapping Show үзүүлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.
Түүнчлэн хүүхэд залууст зориулсан Соёл амралтын хүрээлэнд байгуулагдаж байгаа гэдэг утгаараа тэдэнд зориулсан контентуудыг тогтмол үзүүлж байх аж. Нээлтийн ёслол маргааш буюу 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд , хүүхэд багачууддаа зориулсан 360 градусын өнцгөөр харагдах Project Mapping Show үзүүлбэрүүд болон Сүхийн цагаан унага үлгэр гэх мэт сонирхолтой контентуудийг 2018 оны долдугаар сарын 1-ний 15.00, 16.00, 17.00 цагуудад үнэ төлбөргүйгээр толилуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Та бүхэн Ням гарагт гэр бүлийнхэнтэйгээ White Rock Center-г зориорой.
Г.ТУЯА