“Сүү” хувьцаат компани бонд эзэмшигчдийнхээ дансанд эргэн төлөлтөө хүүгийн хамт байршуулснаар Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээгээ дүгнэн акт үйлдлээ. Гэрээг дүгнэсэн актад Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, “Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар гарын үсэг зурав.
Тус компани нь өнгөрсөн оны зургадугаар сард 17.5 хувийн хүүтэй, зургаан тэрбум төгрөгийн “Сүү бонд”-ыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гаргасан юм. Улмаар 67547 ширхэг захиалга ирж, захиалга нийлүүлэлтээс давснаар дотоодын компаниудын IPO амжилттай болох суурь болсон хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа юм.
Акт үйлдэх үеэр Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Сүү” компани бонд гаргаснаар хувьцааных нь хөрвөх чадвар сайжирч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 4.8 тэрбум төгрөгийн хувьцаа арилжиж, нэгж хувьцааных нь үнэ 64 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна” гэлээ.
Харин “Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Олон улсын санхүүгийн корпорацаас сүүлийн 2-3 жилд авсан ам.долларын зээлтэй холбоотойгоор ханшийн алдагдал нэлээд өндөр байсан. Компани жилдээ 2-3 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээж байлаа. Харин төгрөгийн эх үүсвэр рүү шилжсэнээр зургаан сая ам.долларын гаднын зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан.Өнгөрсөн жилд бид 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. “Сүү” бонд гаргаснаар борлуулалтын жилийн орлого 41 хувиар өссөн байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх боломжтой. Бид савлагааны шинэ технологид хөрөнгө оруулсан. Ингэснээр тослоггүй сүүн ундаа, тараг зэрэг шинэ бүтээгдэхүүнийг ирэх арванхоёрдугаар сард зах зээлд нийлүүлэхээр зэхэж байна” гэв.
Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжааг 2001 онд анх хийж байжээ. Үүнээс хойших 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжаалагдаж, 23.4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож байжээ. Энэ мөнгөний 20 хувийг “Сүү” компани дангаараа босгосон аж.
Өдгөө нэгэн жарантай золгож буй “Сүү” компани өдөр бүр 100 мянган иргэнийг сүүгээр хангадаг. Тус компанийн цэвэр ашиг нэмэгдсэнээр өнгөрсөн жилд 1400 хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан байна. Цаашид компанийнхаа ажилчдыг хувьцаажуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Р.Ренчиндулам