2008 оны долдугаар сарын 1-ны өдөр хохирч амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2018.06.29/ хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хуралд 2008 оны долдугаар сарын 1-ний хохирогчдын ар гэрийнхэн оролцсон юм. Долдугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц. Энхбаяр “2008 оноос хойш 10 жил өнгөрсөн байна. Монголын төр энэ явдлаас хойш сургамж аваад Монголын гэсэн бүх зүйлийг төр хамгаалах ёстой байсан. Өнөөдрийг хүртэл харахад төр сургамж авсангүй. Долоо сарын нэгэн шиг үйл явдал өдөр бүр Монголд болж байна. Хэдийгээр төр нь иргэдээ буудаагүй ч Монгол хүний амь өдөр бүр эрсдэж байна. Монголын бүх хүмүүсийн амь үнэ цэнэгүй байна. Монголын ард түмэн амар амгалан байхыг хүсэж байна. Төрд гарсан мулгуу улсууд улсаа удирдаж чадахгүй бол буух хэрэгтэй” гэв.
Долдугаар сарын 1-ний үйл явдлын 10 жилийн хүндэтгэлийн өдөр ирэх ням гаригт болох юм байна. Хүндэтгэлийн өдөр 11-13 цагийн хооронд хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, Тусгаар тогтнолын ордын өмнө зул асаах юм байна.