Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурал 06 сарын 27-28-ны өдрүүдэд боллоо. Олон улсын бага хурал бүхэлдээ ‘Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030’-д жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн зорилтуудыг биелүүлэх, энэ хүрээнд ололт амжилт, туршлагаа хуваалцсан, харилцан санал бодлоо солилцсон найрсаг уур амьсгал дор өрнөсөн.
АНУ, Канад, Австрали, Япон, БНСУ зэрэг орны Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг өргөн хүрээг хамарсан хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцлоо. Тэрбээр, ‘Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээрх олон улсын түншлэл хамтын ажиллагаа’ салбар хуралдаанд ‘Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлого төлөвлөлтөөр тогтвортой хөгжлийг дэмжих нь’ сэдвээр илтгэл тавьсан юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 619 мянган хүн ажиллаж байгаагийн 53.4 хувь нь эмэгтэйчүүд, 46.6 хувь нь эрэгтэйчүүд эзэлдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад өрнөсөн нийгэм, эдийн засгийн шилжилтийн үр нөлөөгөөр хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдад жендэрийн олон асуудал тулгарч байна. Жишээлбэл, малчдын хүйсийн харьцаа алдагдаж эрэгтэйчүүд давамгайлж байгаа бол газар тариалангийн салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа юм. Мөн салбарын төрийн албан хаагчдын хувьд ч ажлын орчинд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхал гарах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, ажиллагсдын ажил -ар гэрийн тэнцвэрийг хангах зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд бий.
Тиймээс эдгээр болон бусад тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г оролцооны аргаар боловсруулан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-94 дүгээр тушаалаар батлаад байна. Салбарын жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт боловсруулж, түүнийгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх нөхцөл бүрдэж байна. Энд нэг зүйлийг тодруулахад, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт гэдэг нь хүйсийн тэгш байдлыг хангасан, хүн рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм.
Уг бодлогын хэрэгжилтийг хангахын тулд ХХААХҮЯ-наас гурван зорилт бүхий тодорхой ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах” НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг үндэсний болон бүс нутгийн түвшинд манлайлах чадавхийг бэхжүүлнэ. Мөн ХХААХҮ-ийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад донор орнууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа, үр өгөөжийг сайжруулах юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санаачилгаар манай улсад анх удаа болсон олон улсын бага хурлын төлөөлөгчдөд хандан ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мэдлэг, инноваци болон тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, бодлогын түвшний техникийн туслалцааг эрчимжүүлэх, гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, амжилттай ажиллахыг хүслээ.
Эх сурвалж: ХХААХҮЯам