УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-“60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэж гарын үсгээ зурсан 19 гишүүний дунд таны нэр байсан. Та тус асуудалд ямар өнцгөөс хандаж гарын үсгээ зурсан бэ?
-60 тэрбумын асуудал ужиг боллоо. 2016 оноос хойш яригдаж байна. Хууль хяналтын байгууллагууд уг хэрэгт цэг тавьсан. Гэхдээ үүнийг зохион байгуулалттайгаар сөхдөг. Сөхөж буй хүмүүс нь манай намын зарим нөхдүүд болон сөрөг хүчин. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаад тодорхой болсон. Тэгэхээр нийтийн сонсгол хийгээд энэ асуудлыг мухарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2020 оны сонгуулиар дахиад л 60 тэрбумын асуудал сөхөгдөх нь. Ийм нэг эзэн холбогдогчгүй хэрэг бий болчихлоо шүү дээ.
Энэ асуудлаар нийтийн сонсгол хийх эрх зүйн боломжгүй гэж үзэж байгаа юм байна.Асуудлыг шийдвэрлэх өөр ямар гарц байгаа бол?
-Хаврын чуулганыг хаасан ч байнгын хороогоороо хэлэлцээд явж болно. Хууль эрх зүйн үндэслэлтэй бол нийтийн сонсгол хийгээд л мухарлаж болно шүү дээ.
-Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Та хаврын чуулганыг хэр үр дүнтэй хуралдсан гэж үзэж байгаа вэ?
-Ингэж сайн ажилласан парламент байхгүй. Баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын тоо хэмжээгээрээ ч тэр дээгүүрт орно. Ялангуяа олон жил ужгирсан Дэгийн тухай хуулийг баталлаа. Уг хуулиар УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Чуулгандаа суудаггүй нөхдүүд сандраад эхэлж байна. Энэ хуулийг чангаруулаад ирэхээр улс төржилт зогсож хариуцлагатай болж байгаа юм. Тэгэхгүй бол өөрөө хуралдаа суухгүй байж бусдыгаа шүүмжилдэг л болоод байна шүү дээ.
-Өчигдөр танай бүлгийн хуралдаанаар Тавантолгой төслийг батлах асуудлаар гишүүд санал нэгдсэн үү?
-Би бүлгийн хуралд суугаагүй.
-З.Нарантуяа гишүүн Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай асуудлаар зарчмын санал гаргасан. Уг саналыг МАН-ын бүлэг дэмжих үү?
-Ямар ч тооцоо судалгаагүй юм байна лээ.
-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Та уг хуулийн төсөлд байр, сууриа илэрхийлнэ үү?
-Засгийн газрын шийдвэрийг Цэц шийдээд явчихна шүү дээ. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол Захиргааны шүүх байх шаардлагагүй байгаа юм. Засгийн газрын шийдвэр бүрт шүүх оролцоод байх шаардлагагүй. Тэгэхээр энэ асуудлыг эргэж харж үзэхээс өөр аргагүй асуудал.