УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтийг гаргаад байгаа билээ. Уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Прокурорын байгууллагаас нийтийн сонсгол явуулах боломжгүй гэсэн хариу ирсэн гэх мэдээлэл байна. Танд албан ёсоор хариу өгсөн үү?
-Прокурорын байгууллагаас тийм хариу ирээгүй. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь дэмжсэн тохиолдолд нийтийн сонсгол хийх хуультай. Үүнийг янз бүрийн байдлаар аргацааж байна. Хэрэв УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал руу орно. Үнэхээр буруугүй юм бол АТГ, Тагнуулын байгууллага, прокурорын байгууллага 60 тэрбумын хэргийг хаасан шалтгаанаа ил тод ярих хэрэгтэй. Энэ асуудлыг ярихаар УИХ, шүүх байгууллагын үйл ажиллагаа явуулах болно гэж буруугаар тайлбарлаад байна. Тэгэхээр аль ч улсын парламент хянан шалгах эрхтэй байдаг. Тэр ч байтугай дэлхийн 70 гаруй оронд “Халуун сандал” гэдэг арга хэмжээ бий. Үүгээр бүх үнэнийг нь хэлүүлж, сэтгүүлчдийн өмнө нэгдсэн тайлбар өгч, иргэдийн дундах эргэлзээг тайлдаг. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсголтой төстэй арга хэмжээ. Хэрэв буруу зүйл байвал шүүн тунгаадаг. Манай нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхардаг. Хэн нэг нь хоригдлоо гэхэд бие нь өвдөж хорихоос гараад улмаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ жишиг үргэлжилбэл иргэдийн хууль, шүүх засаглалд итгэх итгэл суларна. Хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж үзэх болно. Тэгэхээр энэ асуудалд цэг тавихгүйгээр хуулиар хаацайлсан байдлаар хандаж болохгүй. Энэ асуудлаар би яг одоо Хууль зүйн байнгын хорооны даргатай уулзах гэж байна.
-Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн байх. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Бүлгийн хурлаар энэ асуудлыг олон талаас ярьсан. Нам доторх асуудлыг чуулганы хуралдаанаар гаргаж тавьсан шалтгааны талаар ч надаас тодруулсан. Миний хувьд энэ асуудлыг зөвхөн намын хүрээнд харах ёсгүй гэсэн зарчмын байр суурь илэрхийлсэн. 2016 оны сонгуулиар ард түмэн УИХ-ын 65 суудлыг МАН-д өгөхдөө АН хариуцлагагүй, авлигалын хэрэгт эвлэрсэн учраас үүнд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн итгэл үнэмшлээр хандсан байх гэж бодож байна. Гэтэл хоёр жилийн хугацаанд Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр 2020 оны сонгуульд орох нь МАН-д халгаатай. Тиймээс энэ асуудлыг нээлттэй ярилцаж, манай нам дотооддоо хариуцлага тооцож чаддаг гэдгээ нотлон харуулж, нам өөрөө цэвэрлэгдэж байгаа гэдгээ илэрхийлж байж сонгуульд оролцох нь зөв.
-Таныг 60 тэрбумын асуудлаар улс төрийн тоглолт хийлээ гэж харах хүмүүс байна. Та өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын дарга М.Энхболдтой үй зайгүй ойр явсан. Гэтэл яагаад гэнэт эсрэг дуугарах болов?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Анх М.Энхболд даргыг хариуцлагаа хүлээх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байсан. Тиймээс ч УИХ-ын даргаар сонгогдох үед нь эсрэг санал өгсөн. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдорж дэвших нь хамгийн өндөр магадлалтай гэдгийг ч хэлж байсан. Гэвч намын бага хурлаар М.Энхболд дарга олонхын санал авсан юм. Нэгэнтээ намын гишүүд олонхын саналаар сонгосон тул дэмжихээс өөр арга байгаагүй. Тэр болтол 60 тэрбумтай холбоотой асуудлын талаар бүрэн мэдээлэл аваагүй байсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг л мэдэж байсан. Тиймээс үүнийг цэгцлэх ёстой гэдгийг намын Удирдах зөвлөлийн хурал дээр илэрхийлж байсан юм. Өнөөдөр бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй нэг намд байх, найз нөхөд байхаас өөр асуудал яригдаж байна. М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээх эсэх нь хувь хүний асуудал. Харин хуулийн хяналтын байгууллага хувь хүнд тохируулж, дүгнэлт гаргаж байгаа нь л хамгийн хүнд хэрэг. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл хуулийн засаглал гэх ойлголт үгүй болж, эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байх нөхцөл байдал руу орох болно. Өмнө нь олон хэрэг хаагдаж байсан. Гэхдээ ийм тодорхой бичлэгтэй хэрэг хаагдаж байсан тохиолдол байхгүй.
-АТГ-аас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэсэн тайлбар хийж байгаа шүү дээ?
-Би Авлигалын эсрэг парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Энэ бүлэг бол аль ч улс орны парламентад байдаг бүлэг. Энэ бүлгийг даргалах нь нэр хүндэд хүргээд байх гишгүүр биш. Дэлхийн аль ч улс оронд байгаа авлигалын хэргийг сэтгүүлчдэд ил болгох, дарагдсан асуудлыг гаргаж тавих зорилгоор ийм бүлгийг байгуулдаг. Би зөвхөн “60 тэрбум”-тай холбоотой асуудлыг гаргаж тавьсан юм биш. Би сонгогдсоноосоо хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, “Стандарт банк”-наас зээлсэн их хэмжээний хөрөнгө зэрэг олон асуудлыг гаргаж тавьсан. Дараа дараагийн олон асуудлыг гаргаж тавих болов уу гэж бодож байгаа. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд хэрэгтэй гэж огт харахгүй байгаа. Надад хийх хангалттай ажлууд байгаа. Би парламентын бүлгийн даргын хувьд энэ ажлыг хийх ёстой юм.
-Танд шинээр цуглуулсан баримт бий юу?
-Энэ талаар мэдээлэл өгөхөөр маш олон хүн холбогдож байгаа. Зарим хүмүүстэй нь уулзаж, ирүүлсэн материалыг нь хүлээн авч байгаа. Энэ материалуудыг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Ирүүлсэн материалуудад хувь хүний нууцтай холбоотой асуудлууд байгаа тул хэвлэлд нээлттэй мэдээлэх боломжгүй.
-Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулах хүсэлт гаргасан байдаг ч Монгол Улсын Ерөнхий Прокуорын газраас нийтийн сонсгол явуулах эрхзүйн орчин байхгүй гэдэг албан бичгийг УИХ-ын Тамгын газаар хүргүүлсэн байдаг. Тэгэхээр нийтийн сонсгол явуулах өөр ямар хуулийн гаргалгаа байна вэ. Магадгүй түр хороо байгуулж асуудлаа шийдүүлэх боломжтой юу?
-60 тэрбумын асуудлаар би тултал нь явж мухарлана. Ямар ямар шатандаа хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Ямар хариу өгөхийг нь харъя. Шинээр олдсон материалуудыг Ерөнхий прокуорт шилжүүлнэ. Хэргийг нээх нь үү эсвэл хаах нь уу харъя. Шүхэл үлээгч гэж нийгэмд ярьдаг. Нэг үгээр хэлбэл нийгэмд авлигалтай холбоотой асуудал гарлаа гэхэд мэдээлэл өгч Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ийм хуулийн заалтыг манай Авлигалын эсрэг парламентын бүлгээс өргөн баръя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл 60 тэрбумын схемд холбогдож магадгүй хандив өгсөн дараа нь ажлаасаа халагдсан, сэтгэл санааны хувьд хохирсон хүмүүс нийгэмд гарч ирээд дуугарах гэхээр дахиад Эрүүгийн хариуцлагад орох гээд байгаа. Энэ Эрүүгийн хариуцлагыг байхгүй болгож шүхэл үлээгчдээ хамгаалах хууль эрхзүйн орчныг Авлигын эсрэг хууль тогтоомжид оруулах нь зүйтэй гэж харж байгаа.
-Нээлттэй сонсголыг явуулах яг ямар эрхзүйн орчин байгаа юм бэ?
-Хяналтын сонсгол гэдэг энэ зүйл бол тухайн хэргийн бүх нууцын материалтай холбогдохгүй. Зүгээр олон нийтэд тайлбар хийх үйл явц юм. Олон нийтийн эргэлзээг тайлах зорилгоор л нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Дэлхийн бусад орнуудад ч байдаг. Ш.Раднаасэд гишүүн чуулганы хуралдаан дээр хуулийг өөрөөр тайлбарлаж байна лээ. Би олон улсын мөн Монголын хамгийн шилдэг хуулийн фирмүүдтэй ажиллаж байгаа. Миний бие ганцаараа бичээд яваад байгаа юм биш. Хуульзүйн байнгын хороо аливааг аргацааж явахаа болих хэрэгтэй. Дахиад л өнөөх болохгүй гэдэг нүдний шилээр чинээнд нь тултлаа харахаа боль. Дэлхийд манай Авлигатай тэмцэх газар шиг хэргийг эвлүүлэг байна гэсэн байдлаар ханддаггүй. Магадгүй 60 тэрбумын асуудал террорист халдлагатай холбоотой асуудал байсан бол яах уу. Эх бичлэг нь биш гээд асуудлыг авч хэлэлцэхгүй байх тухай ярих байсан юм уу. Байж болохгүй биз дээ. Бичлэг бол нотлох баримт. Тэр дундаа 60 тэрбумын бичлэг таван минутын ч бичлэг биш. Бүхэн бүтэн гурван цагийн бичлэг. Ийм байтал асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөллийн парламент. Гэтэл Хуульзүйн байнгын хороо эс үйлдэл хийж болохгүй. Энэ тохиолдолд цэцтэй холбоотой асуудлыг ярина. Мөн эсэргүүцлийн өөр арга хэлбэрийг илэрхийлнэ. Эсэргүүцлийн арга хэлбэрийг ордон дотроос битгий гаргаач ээ гэж Хуульзүйн байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт уриалмаар байна. Асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Үнэхээр буруугүй бол буруугүй нь нотлогдоно биз дээ.
-Та нийтийн сонсгол явуулахын тулд 19 гишүүний нэрсийг цуглуулахад хэр хэцүү байсан бэ?
-Гишүүдийн хаалга тогшоод л явсан. Зарим гишүүн маань гарын үсгээ зурна гээд зугтсан тохиолдол гарсан. Мөн зарим нь зурахгүй гэж байгаад зурсан ч тохиолдол бий. Олон нийтийн эргэлзээг тайлж эцэслэх нь нийгэмдээ хэрэгтэй юм даа гэсэн итгэл үнэмшлээр гишүүд хандсан. Миний хувьд Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр гарын үсгээ зурна гэж бодоогүй. Тэд өөрсдөө холбогдож дэмжсэн. Мөн манай авлигалын эсрэг парламентын бүлгийн гишүүдээс гарын үсгээ зураагүй гишүүд ч бий. Мэдээж хувь хүний өөрийнх нь асуудал. Парламентын гишүүн гэдэг бол ард түмнээс сонгогдсон төлөөллийн ёсзүйн субъект гэдгээ маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Энэ тохиолдолд аяандаа цэвэршинэ.
-Та чуулгандаа суухгүйгээр асуудалд хандаж байгаа нь хэр зохистой вэ. Арай өөр байдлаар эсэргүүцлээ илэрхийлж болоогүй юм уу?
-Сонсохгүй учраас л аргаа бараад л энэ хэлбэрийг сонгосон. Энэ нь дэлхийн аль ч улсад байдаг бойкот. Миний хувьд 60 тэрбумын асуудлыг олон нийтийн анхааралд оруулахын тулд арга буюу дуугарсан гэж тодотгож болно. Түүнээс биш би чуулганы хуралдаанд хамгийн их идэвхтэй сууж, бусдаасаа цагаа барихыг шаарддаг, Дэгийн тухай асуудлыг хөнддөг гишүүний нэг гэдгийг мэдэж байгаа байх.