Манайд 80 мянган цусны донор шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Манайд 80 мянган цусны донор шаардлагатай

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас сэтгүүлчдийн дунд “Ариун цус-алтан амь” сэдэвт сургалт зохион байгуулав.
ДЭМБ, Олон улсын Улаан загалмайн, Улаан хавирган сар нийгэмлэгээс тухайн улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг. Гэтэл манай улсын хэм­жээнд өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивласан нь хангалтгүй үзүүлэлт аж. Холбогдох мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай гэнэ. Сайн дураараа цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөгчийг “Цусны донор” гэж албан ёсоор нэрлэдэг ажээ. Сургалтын үеэр “Насанд хүрсэн хүнд 4-5 литр цус эргэлдэж, элэгнээс, чөмөг­­нөөс, бөөрнөөс, дэлүүнээс цус­ны эд эсүүд шинээр төлжиж, хоног гүйцсэн нь үхэж байдаг. Гурван сард ганц удаа 400 мл цусаа өгөхөд эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сар тутамд цус нь бүрэн шинэчлэгдэж байдаг” гэж МУЗН-ийн Донорын хөтөлбөрийн удирдагч Д.Энхцэцэг хэллээ.Түүнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.

-Өнөөдөр манай хүн амд ногдох цус, цусан бүтээгдэхүүний хангамж яагаад хүрэлцэхгүй байна вэ?

-Цусны донорын асуудал өнөө­­­­дөр манай улсад хамгийн тулгамд-сан асуудлын нэг болсон. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд хамгийн багадаа гэхэд л 7-10 хоногийн нөөцтэй, түүнээс дээш 15-20 хоногийн нөөц байдаг. Их хэмжээний цусны шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн онд 22 мянга гаруй хүн цусаа бэлэглэсэн байдаг. Тэднээс 55-56 орчим хувь анх удаа цусаа өгсөн бол 40 орчим хувь нь гурван сар тутамд цусаа өгдөг байнгын донор болсон хүмүүс байдаг. Мөн гэр бүл, төрөл төрөгсдийн донор тав орчим хувь нь байгаа. Тэгэхээр нийт хүн амын ядаж нэг хувь буюу 25 мянган хүн нь донор болчихвол бас л боломжийн тоо байх юм.

-Ямар хүн цусны донор байж болох вэ?

-Дэлхий нийтийн жишгээр яс үндэс, шашин шүтлэгийг нь харгалзахгүйгээр донор байж болдог. Манай улсын иргэн, 17-60 насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн донор байх боломжтой. Донорын цусыг хэрэглэгч нь энэ хүний цусыг авна гэсэн эрхгүйгээр бүлэг нь тохирч л байвал хэрэглэх бүрэн боломжтой. Тэгэхээр өөрийгөө эрүүл гэж үзэж байгаа Монгол Улсын иргэн бүр донор байна гэсэн үг. Аюулт өвчин туссан бяцхан үрс, осол аваарьт орсон, мэс засал хийлгэх гэж байгаа элэг нэгтнүүддээ бид нар л цусаа бэлэглэж эрүүл мэнд, амь насыг нь аврахгүй бол гаднаас цус, цусан бүтээгдэхүүн авна гэдэг огт боломжгүй асуудал. Тээвэрлэлтээс эхлээд цус, цусан бүтээгдэхүүний амьдрах хугацаа зэргээс үзэхэд үнэхээр ямар ч боломжгүй.

-Манай улсад цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэдэг мэргэж­лийн хэдэн байгууллага байдаг бол?

-ЭМЯ-ны шууд харъяанд I эмнэлгийн ард байршилтай ЦССҮТ   ажиллаж байна.Цус, цусан бүтээгдэ­хүүнийг цуглуулах, доноруудаас цус авахаас эхлээд үйлдвэрлэл, хяналт шинжилгээ, хадгалалт хамгаа­лалт, түгээлт, өвчтөнд хийх хүр­тэлх энэ бүх үйл ажил­лагааг тус төв хариуц­даг. Харин үүний өмнөх үйл ажиллагаа болох донорыг олж өгөх, сурталчлах, донор элсүүлэх, бэлтгэх ажлыг МУЗН хуулийн дагуу гүйцэтгэж байгаа. Бид энэ үйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр хүчин мөхөсдөж байгаа учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээлийнхэнд хандаж өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал болгож тавьж байна

-Нийслэл хотын хувьд цус, цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хамгийн их байдаг байх шүү?

-Нэг сая хол давсан хүн амтай , орон нутгаас олон мянган оюутан суралцдаг, зам тээврийн хөдөлгөөн болон барилгажилт нэмэгдсэнээс осол аваар их гарч байгаа зэргээс үүдэн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж донорын эгнээг өргөжүүлэх шаардлага гардаг. Жилээс жилд донор нэмэгддэг ч цус хүрэлцэхгүй л байна. Мөн бага насны хүүхдүүд янз бүрийн цусны хорт хавдраар өвчлөх нь эрс нэмэгдэх болсон. Хавдрын өвчин ихэд залуужиж байна. Ер нь хавдрын болон туяа, хими гээд бүх эмчилгээнд цус, цусан бүтээгдэхүүн шаардагддаг.

–Донорын хэдэн төрөл байдаг вэ?

-Манай улсын донорын төрөлд сайн дурын авлагагүй цусны донор гэж байдаг. Тэд ямар ч шан харамжгүй хүмүүнлэг сэтгэлээр хүний амь насыг аврагчид юм. Төрөл төрөгсдийн донор гэдэг нь тухайн хүнд зориулж ах дүү, найз нөхөд нь цусаа өгөхийг хэлдэг. Мөн өөртөө зориулж цусаа өгдөг донор байдаг. Тэд өөртөө хийх төлөвлөгөөт мэс заслын үед болон хагалгааны дараа хэрэглэхээр 14 хоногийн өмнө цусаа өгч нөөцлүүлдэг. Бас хөдөө орон нутагт сумын донор гэж байдаг. Тэр болгон төвдөө очиж шинжилгээ өгөх боломжгүй хүмүүс бий. Сумын төвийн иргэдэд түргэвчилсэн тест бөглүүлж, халдварт өвчингүй, эрүүл иргэнээ донор болгодог. Тэд шаардлагатай үед цусаа өгдөг.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж