Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг хамруулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах” сайд нарын түвшний хурал ирэх долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохиож байгаа уг хуралд 50 гаруй улсын 3000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 2018-2020 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийхээ төлөвлөх юм.
“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулагдах тус хурлын төгсгөлд 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгож, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгийг хэлэлцэн гаргана.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын гол зорилго нь ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдэнэ.
Азийн сайд нарын бага хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ юм.
А.ТУЛГА