Олон нийтэд залуучуудыг байгаль орчиндоо ээлтэй байхыг уриалан “JCI” эко салбар байгууллагын зүгээс өнөөдөр /2018.06.29/ хэвлэлийн хурал зарласан юм. Тус хэвлэлийн хурлаар Дархан цаазат Богд хан уулаа хамгаалах үндэсний аян төслийг хэрэгжүүлэхээр болсноо зарласан юм. Энэхүү төсөл нь Богд хан уулын эко системд өөрчлөлт орж байгаа учир “JCI” эко салбар байгууллагын зүгээс Богд хан уулыг ойжуулах төсөл юм байна. Төслийн хүрээнд маргааш Их тэнгэрийн амны зүүн талын энгэрт эхний ээлжийн тарьц суулгацаа суулгах аж. “Энэхүү төслийн зорилго нь Богд хан ууланд ойн шинэ төгөлийг бий болгох, хүний оролцоотойгоор байгалийн нөхөн сэргээх процессыг хурдасгах зорилготой юм. Төслөө хийхээсээ өмнө өргөн хүрээнд судалгаа явуулсан байгаа. НҮБ-ын байгаль орчны сан, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчны яам, Дархан цаазат Богд хан уулын захиргаа Гандантэгчилэн хийд зэрэг олон байгууллага манай төслийг дэмжиж ажиллаж байна. Богд хан уулаа хамгаалах ажил бол бидний үеийн үед хийж байх ажил юм. Манай төсөл бүх хүний өмнө нээлттэй байгаа. Бидэнтэй нэгдээд хамтарч ажиллаж болно.” гэж “JCI” эко салбар байгууллагын үүсгэн байгуулагч, Эко сангийн тэргүүн Т.Хасбаатар онцолсон.
Дашрамд дурдахад “JCI” байгууллага нь 18-40 насны залуучуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийн 117 оронд салбар нэгжтэй, 200 мянга гаруй гишүүдтэй, 104 жилийн түүхтэй байгууллага юм байна.