Монголд жилд дунджаар 5700 гаруй хүн хорт хавдартай гэж оношлогдож, 4000 илүү нь уг өвчний улмаас нас барж байна. Хорт хавдартай гэсэн онош сонссон хүн тэр өдрөөсөө эхлэн сэтгэл зүйн болон эдийн засгийн дарамтад ордог.
Хавдрын эмчилгээний нэг арга нь химийн эмчилгээ байдаг. Гэвч химийн эмчилгээ нь хүний биеийн эрүүл эрхтнийг гэмтээдэг. Тухайлбал, хавдрын химийн эмчилгээнд химийн найрлагатай бодисыг дангаар нь эсвэл хоёр гурваар нь судсаар тарьж, эсвэл уулгадаг. Ингэснээр судсаар хүний биед хор болон орж биеийн эрүүл эд эрхтнийг гэмтээдэг. Химийн эмчилгээний сөрөг шинж нь дотор муухайрч, хоол боловсруулах замын тогтолцоонд нөлөөлж өтгөн хатах, суулгах зэргээр илэрдэг. Сүүлийн үед ихэнх улс хорт хавдрыг эмчлэхдээ химийн эмчилгээг тусгай эм, тариа буюу бай эмчилгээтэй хавсрах болжээ. Бай эм, тариа нь зөвхөн тухайн хавдрын эсэд үйлчилдэг, эрүүл эд эсийг гэмтээдэггүй. Гэвч бай эмчилгээний өртөг өндөр. Тухайлбал, хөх, ходоодны хавдрын үед хэрэглэдэг бай эм Herceptin нь хоёр сая төгрөгөөс дээш үнэтэй, нэг удаагийн тарилга нь 1000 ам.доллар бөгөөд нэг хүнд 6-гаас дээш удаа хийх шаардлагатай байдаг аж.
‘Хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ’ олон улсын хурал өнөөдөр /2018.6.29/ болж, бай эмчилгээг Монголд үр дүртэй нэвтрүүлэх арга замын талаар хэлэлцлээ.
Хөгжилтэй орнуудад бай эмчилгээний эмийг даатгалаас нь санхүүжүүлдэг
Бай эмчилгээг Монголд нэвтрүүлэх арга замын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Химийн тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэгээс тодрууллаа.
-Бай эмчилгээ ямар үр дүнтэй вэ?
-Бай эмчилгээ 2000 оны эхэн дэлхийн эрүүл мэндийн практикт нэвтэрч эхэлсэн. Уг эмчилгээний онцлог нь зөвхөн тухайн хавдрын эсэд үйлчилдэг. Эрүүл эд эсийг гэмтээдэггүй. Хавдрын эсийн генийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хавдрыг эмчлэхэд илүү үр дүнтэй байдаг. Өвчтөний амьдрах хугацааг уртасгаж, эмчилгээг илүү үр дүнг сайжруулдаг.
-Харин Монголд уг эмчилгээг хэрхэн хийж байна вэ?
-Эрүүл мэндийн тухай хуульд хавдар, сүрьеэ зэрэг өвчнийг эмчлэх зардлыг улс даахаар тусгасан байдаг ч улсын эмнэлэг хязгаарлагдмал төсөвтэй тул уг эмийг авах боломжгүй. Төсөвт химийн эмээс гадна мэс заслын боолт, лабораторийн урвалж, халдваргүйтгэлийн бодис зэрэг зүйлс багтдаг. Тиймээс улсын төсвөөс бай эмчилгээг нэвтрүүлэх боломжгүй байсан. Харин ийм эмчилгээ байдаг гэдгийг өвчтөнд хэлж, эдийн засгийн хувьд боломжтой хэсэг нь гаднын оронд захиалж авчруулдаг байсан. Энэ жил эм, эмнэлгийн хэрэгслийн тендерт цөөн тооны бай эм оруулж ирж чадсан ч цөөн тоотой ирж байгаа тул бүх өвчтөнд хийх боломжгүй.
-Бай эм, тарианы үнийг хөнгөлж, хавдартай олон хүний амийг аврах боломж байна уу?
-Эрүүл мэндийн даатгалд хамруулчихвал өвчтөн хөнгөлөлттэй үнээр бай эмийг авах боломж бүрдэнэ. Хөгжилтэй орнуудад бай эмчилгээний өндөр үнэтэй эмийг даатгалаас нь санхүүжүүлдэг.