Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд одоогоос арван сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа юм.
Өглөөний 09.40 цагт тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд талийгаач охины шүүх хурал хаалттайгаар үргэлжилж байлаа. Шүүх хурлын танхимын гадаа талийгаач охины ээж, эмээ, өвөө охиныхоо зургийг барьж хүлээн зогсоно. Хуралд охины аав хохирогчийг төлөөлөн оролцжээ. Энэ үеэр охины ээж хоолой зангируулан “Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай, охиноо алдчихаад арван сар сэтгэлээ сэмлэн арай ядан тэсэж ирлээ” хэмээн ярьсан юм.
Шүүх хурал үргэлжлэх зуур охины эмээтэй хэдэн үг солилоо. Талийгаач охины эмээг С.Оюунцэцэг гэдэг. Тэрбээр “Охиноо алдсандаа туйлын их харамсч байна. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй’ гэсээр яриагаа эхлүүлэв.
-Хэрэг шийдэгдэхгүй хойшилсон асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Талийгаачийн хэрэг маш тодорхой байтал шүүх эмнэлгийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж өдийг хүрлээ. 2018 оны нэгдүгээр сард талийгаачтай холбоотой хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Тэр үед нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар хэргийг прокурор руу буцаасан. Болсон явдлаас хойш манай гэр бүл сэтгэл санааны маш хүнд байдалд орсон. Эцэг нь сэтгэл санааны насан туршийн өвчтэй болчихлоо. Бидний зүгээс гэмт хэрэгтнүүдэд хуулийн дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ял оногдуулаасай гэж хүсч байна.
-Шүүх эмнэлгийн дүгнэлттэй та бүхэн санал нийлсэн үү?
-Шүүх эмнэлгийнхэн мөнгөнөөс өөр юм бодохоо байж. Тэдэнд мөнгө өгч байвал нөгөө талд хариуг гаргадаг. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр охиныг минь үүдэн шүдгүй гэж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа техникийн саатал гарсан байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Улсын хэмжээний шүүх эмнэлгийн байгууллага ийм дүгнэлт гаргаж болох уу. Тэд яаж ажлаа хийгээд байгааг ойлгохгүй байна.
Талийгаач охины ээж С.Баясгалан охиныхоо зургийг гартаа барьж, нүдээ бүлцийтлээ уйлчихсан суугаа харагдана. Тэрбээр “Бид нар үнэн зөв хариуг хүлээсээр байна. Зөрчлийн хуулиас болж гэмт хэрэгтнүүд сар гаруй гадуур явсан. Тухайн үед гэмт хэрэгтнүүд үгсэн тохиролцсон байх магадлал өндөртэй. Үүнд төр засаг, хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулж энэ хуулиа эргэн нэг хараасай. Хуучин хуулиар тэр харгис алуурчид шоронд хоригдох ёстой байсан. Тэгтэл маргааш нь суллана гэдэг байж боломгүй асуудал. Миний нялх үр харамсалтайгаар эндчихсэн байхад яагаад хуулийн байгууллага чимээгүй суугаад байгаа юм. Хүйтэн сэтгэлтэй алуурчдад хуулийн дээд хэмжээг оноогоосой гэж найдаж сууна” гэлээ.
Шүүх хуралдаан одоогоор яг одоо хаалттай үргэлжилж байна. Мөн “Лантуун дохио” төрийн бус байгууллагын 10 гаруй залуус цугларчээ.
17.15
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс талийгаач охины хэргийг ‘нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх’ гэсэн үндэслэлээр прокурор руу буцаах шийдвэр гаргажээ. Шүүх хурлын завсарлагааны үеэр талийгч охины аав Т.Лхагвасүрэн шүүх хурлын үйл явцаас ярьжээ. Тэрбээр “Тэдний нэг нь хэргээ хүлээсэн. Тэд охиныг минь 0.75 грамм архийг ганцаараа уусан. Бид хоёр тасраад уначихсан байсан мэт ярилаа. Гэтэл хор судлалын үндэсний төвийн даргын хэлж байгаагаар энэ нь байж боломгүй зүйл юм байна. Яллагдагчийн талаас хоёр удаа миний биед халдсан. Гэртээ амарч байтал нэг үл таних н.Оюунчимэг гэх эмэгтэй орж ирээд “Танай охин заяа муутайдаа хүнд хүчиндүүлж нас барсан. Хохино” гээд нүүр ам руу маажиж, цохисон. Дараа нь Д.Жавхлангийн өвөө гэх хүн “Би 16 сая төгрөгөөр өмгөөлөгч авсан. Та нар юу ч олж долоож чадахгүй. Хүүгээ би ялгүй гаргаж авна гэсэн” гэж мэдээлжээ. Уг хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна.
18.15
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дараах мэдээллийг өглөө. ‘Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр н.Жавхлан, н.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч нарыг хохихогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан’ гэж мэдээллээ.
Э.Ариун