Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд “Швейцар цаг” хэмээх Р.Федерер болон “Шороон кортны хаан” хэмээх Р.Надал хоёрын тулаан сүүлийн 10 гаруй жил чимэж байна. Энэ долоо хоногийн амралтын өдөр нээлтээ хийх энэ оны 3 дахь Их Дуулга болох Уимблидонд Р.Федерер тэргүүлэн оролцож байгаа бол Р.Надал дэд байранд эрэмбэлэгдсэн. Иймд алдарт хоёр теннисчин бүх өрсөлдөгч нараа хожиж чадвал шувтрагын шатанд шалгарах боломжтой. Хэрвээ Уимблидоны шувтрагын шатанд шалгарч чадвал хоёр алдартны 39 дэх удаагийн тоглолт байх бол тэмцээний шувтрагын шатанд уулзаж буй 25 дахь, Их Дуулгын шувтрагын 10 дахь, зүлгэн гадаргуутай талбайн тэмцээний шувтрагын шатанд таарч буй 4 дэх удаагийн тоглолт байх юм. Энэ бол талбайн теннисний ертөнц дэх хамгийн алдартай ривал тоглолт юм.
“Швейцар цаг” Р.Федерер сар гарны дараа 37 нас хүрнэ. Р.Федерер мэргэжлийн карьераа 1998 онд эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэргэжлийн талбайн теннисний оргил болох 4 Их Дуулга тэмцээний 20 цомыг хүртэж Их Дуулга тэмцээний бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон цом өргөсөн. Мөн тэрээр Их Дуулга тэмцээнд дөрвүүлэнд нь түрүүлсэн цөөхөн теннисчдийн нэг юм. Хатуу гадаргуутай талбайд болдог Австралийн нээлттэй тэмцээний шувтрагын шатанд 7 удаа шалгарч 6 удаа, Америкийн нээлттэй тэмцээнд 7 удаа шалгарч 5 удаа, зүлгэн гадаргуутай Уимблидоны шувтрагын шатанд 11 удаа шалгарч 8 удаа, шороон гадаргуутай Ролан Гарросын шувтрагын шатанд 5 удаа шалгарч 1 удаа түрүүлсэн.
“Шороон кортны хаан” Р.Надал өдгөө 32 настай бөгөөд мэргэжлийн карьераа 2001 онд эхлүүлж байсан. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд Их Дуулга тэмцээний 17 цомыг хүртсэн бөгөөд энэ амжилтаараа Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн бүх цаг үеийн амжилтаараа Р.Федерерийн ард дэд байранд бичигдэж байна. Р.Надалын хамгийн өндөр амжилтаа шороон корттой талбайд үзүүлдэг бөгөөд нийт хүртсэн Их Дуулга тэмцээний 17 цомын 11 нь Францын Их Дуулга буюу Ролан Гарросын цом юм. Харин тэрээр хатуу гадаргуутай талбайд зохиогддог Австралийн нээлттэй тэмцээний шувтрагын шатанд 4 удаа шалгарч 1 удаа, Америкийн нээлттэй тэмцээний шувтрагын шатанд 4 удаа шалгарч 3 удаа, зүлгэн гадаргуутай Уимблидоны шувтрагын шатанд 5 удаа шалгарч 2 удаад нь түрүүлж байсан.
Сүүлийн арав гаруй жил өөрсдийн хаанчлалыг тогтоож чадсан хоёр теннисчин сүүлийн жилүүдэд бэртэл, гэмтлийн улмаас төдийлөн амжилт үзүүлж чадахгүй байсан. Тэдний их спортоо орхих цаг нь болж гэж байсан ч харин өнгөрсөн оноос гайхалтай эргэн ирэлт хийсэн. Р.Федерер 2012 оноос хойш Их Дуулга тэмцээний цом хүртээгүй байсан бол 2017 онд хоёр ч Их Дуулга тэмцээний цомыг хүртсэн бол Р.Надал 2014 оноос хойш 3 жилийн дараа мөн гурван Их Дуулга тэмцэний цомыг өргөөд байна.
Б.БЯМБАБАЯР