512 тэрбум төгрөгөө нөхөхгүй бол төр хувьцаанд чинь оролцоно шүү!

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

512 тэрбум төгрөгөө нөхөхгүй бол төр хувьцаанд чинь оролцоно шүү!

512 тэрбум төгрөгөө нөхөхгүй бол төр хувьцаанд чинь оролцоно шүү!

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарт тодорхой реформ хийхээр болсон. Энэ реформын агуулга нь банк санхүүгийн салбарт хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл хангагдаж байна уу, цаашид хяналт шалгалтыг ямар зарчмаар хэрхэн сайжруулах вэ гэдэгт чиглэсэн байв. Хамгийн эхний алхам нь банкуудын төлбөрийн чадварыг сайжруулах явдал байсан. Үүний тулд өнгөрсөн намар активын чанарын үнэлгээг хийж эхлээд энэ оны хоёрдугаар сард хийж дуусгасан. Ингээд өөрийн хөрөнгийн шаардагдах хүрэлцээг хангахад 512 тэрбум төгрөгийн дутагдал гарчээ. Энэ ямар учиртай хаанаас гарсан тоо вэ. Банкинд өөрийн хөрөнгө эрсдлээс сэргийлсэн актив гэсэн харьцуулалт байдаг. Банк тодорхой хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Манайд энэ харьцаа 14 хувьтай байх ёстой. Энэ 14  хувьд хүрэхэд нь банкны системийн хэмжээнд 512 тэрбум төгрөг дутсан. Түүнээс биш өөрийн хөрөнгө нь алдагдсан, байхгүй болчихсон юм биш.

Чанарын үнэлгээний дараа Монголбанк арилжааны банкуудаас дутагдаж байгаа энэ хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэхээр тооцсон бизнес төлөвлөгөөг нь авчээ. Ингээд тэрхүү төлөвлөгөөнүүдэд ОУВС-тай хамтран дахин үнэлгээ хийгээд дутагдаж байгаа хөрөнгийг 2018 онд багтааж босгож нэмэгдүүлэх даалгаврыг арилжааны банкуудад өгсөн.  Монголбанк арилжааны банкуудад ямар шаардлага, санал тавьсан бэ гэхээр “28 их наяд төгрөгийн активтай байхад 14 хувийн зохистой харьцаа нь нийт дүнгээрээ 512 тэрбум болно.  Тиймээс та нар 512 тэрбум төгрөгөө энэ ондоо багтаж гүйцээж дутагдлаа нөх. Тэгж Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангана гэсэн байдаг. 

Үүнд “нийт банкны системийн хувьд 512 тэрбум төгрөг шүү” гэдгийг зөв ойлгуулах хэрэгтэй байсан. Мөн 512 тэрбум төгрөг гэдэг тоог биш ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх дутагдал байгааг “айдас” багатайгаар зарлах ёстой байсан болов уу.  Тэгээгүйгээс болж “Монголбанкны ерөнхийлөгчид 512 тэрбум төгрөг бага тоо биш гэнэ ээ” гэж ойлгуулаад эхэлж.

Банк бол “мөнгөтэй газар”-ын хувьд ч, “шалгуур өндөр”-ийн хувьд ч массын хувьд  эмнэлэг, сургууль зэрэгтэй адил “хайртай салбар” нь биш. Тэгсэн хэрнээ эмзэг, итгэл дээр амь нас нь тогтдог онцлогтой. Тиймээс сонгуулийн зардалд тэр нам төдийг авчээ гэдэг шиг тийм банкинд ийм төгрөг дутагдаад байна гэж зарлах тун аргагүй. Энэ нь хардлага дагуулаад байгаа хэрэг. Монголбанк хянаж шалгах эрхтэй ч тэр мэдээллээ олон нийтэд зарлаж болохгүй. Тухайн банкинд өөрсдөд нь мэдэгдсэн байгаа. Аль банкинд хэд дутагдалтай нь нууц учраас 512 тэрбумаас төдийг нь “авах нь” гэж хардах аргагүй.

Хэрэв та 512 тэрбум төгрөгт санаа зовинож байгаа бол тоглоомын дүрмийг цээжлээд хяналтаа тавих бүрэн эрхтэй. Юуны өмнө энэ тоог гаргаж ирсэн газар нь Монголбанк биш. Тэднийхийг хардах учраас дэлхийд шилдэгт тооцогддог гадны аудитын компани болох “TWC” хийсэн. Хэрвээ заасан хугацаанд дутагдал хэвээрээ байвал яах вэ. Тухайн арилжааны банкинд юу тохиолдох вэ.

Банкууд өөрсдөө энэ тоонд хүртэл хангах ёстой. Өөрсдөө хангаж чадахгүй бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллаж болно. Хувийн хэвшлийнхэн мөнгө гаргахгүй бол Засгийн газар банкны хувьцааг нь худалдан авах замаар дахин хөгжүүлээд банкны эзэмшлийн тодорхой хувийг өөрийн мэдэлдээ авна. Банкны хувьцааг нь авна гэдэг нь банкны удирдлагыг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төр тухайн банкийг нь эзэмшээд явна. Үүнийг ямар ч банкны эзэн хүсэхгүй. Тиймээс одоо хардаад байгаа шиг банкны эзэд төрөөс алгаа тосоод авах биш, банкныхаа тодорхой хувийг төрд алдах гээд байна шүү дээ.

Монголбанкны шаардлагыг хангахын тулд эх үүсвэрээ ямар дүрмээр нэмэх вэ. Эх үүсвэрийг өөрөөсөө л бүрдүүлж болно. Зээл авч болохгүй. Хувьцаагаа барьцаалж болохгүй. Зөвхөн хууль эрх зүйн хүрээнд олсон ашгаараа харьцаагаа хангах ёстой. Хэрэв энэ тоог хангахгүй бол төр хувьцаанд чинь оролцоно шүү гэсэн л санаа. Товчхондоо энэ хүнд үед чаддаг юм бол хуулийн дагуу хөрөнгөө нэмчих. Чадахгүй бол тэр хэмжээгээр чинь төр оролцоод, дутагдаад байгаа хэмжээнд чинь таарсан хувьцаа эзэмшээд удирдлагын багт нь ороод сайжруулж өгөөд гаръя гэж байгаа аж. Төр дээрэмдэх гэж байна гэж хардвал аятайхан дээрэм. Дэмжих гэж байна гэж үзвэл боломжийн дэмжлэг биш гэж үү.

Нэмж хэлэхэд “дахин хөрөнгөжүүлнэ” гэдэг хардахгүй байх аргагүй орчуулгын нөлөө бас бий шүү. Дахин хөрөнгөжүүлнэ гэж мушгиад байгаа тэр санаа бол “өөрсдөө зохистой харьцаагааны шалгуурыг давж чадахгүй бол төр хөрөнгөжүүлээд, тэр хэмжээгээрээ хувьцааг нь эзэмшээд, удирдлагын багт нь ороод үйл ажиллагааг нь сайжруулж өгнө гэсэн үг.  Өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангуулахын тулд л хэрэглэж байгаа арга гэх үү дээ. Хуулийн төслийг нь уншихаар дахин хөрөнгөжүүлэх гэдэг нь “хувьцааг нь мөнгөөр сольж ав” гэсэн санаа л ойлгогдож байгаа юм. Өөрсдөө босговол сайн байна. Чадахгүй бол төр оролцоно. Тэгэхээр банкууд лоббидож төрөөс мөнгө авах гээд байна гэж ойлгож болохгүй биз дээ. Банкууд хувьцаагаа төрд алдахыг хүсэхгүй учраас өөрсдөө бүрдүүлчих байх. Гэхдээ хэрэв бүрдүүлэхгүй бол төр хувьцааг авах эрхийг нээж энэ хуулийг баталчихсан байх нь зүйтэй. Эрхийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Өөрөөр хэлбэл, төр банкинд мөнгө өгөхгүй. Өгвөл энэ нь хувьцаагаар нь сольж байгаа хэрэг. Үүнээс ахиухан авахын тулд улстөрчдийг лоббидсоноор илүү мөнгө авах биш ихэнх хувьцаагаа төрд барьцаална гэсэн үг. Үүнийг дэмжлэг гэх үү. Бизнес хийж байгаа хүний хувьд “дүүжлүүрийн олс” л гэсэн хэрэг биз дээ. Тиймээс энэ хууль хэрэгжиж эхэлбэл харин ч эсрэгээрээ банкны эзэд хохирч мэдэх юм. Төр, төсөв хохирохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж