Суу! Парламент сайн, засаг анхаар

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Суу! Парламент сайн, засаг анхаар

Суу! Парламент сайн, засаг анхаар

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийх хэдий ч эдийн засагт чухал асуудлууд хүлээлгийн танхимд нь дугаарлаж байна. Иймээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, “Энэ асуудлуудаа шийдэж өгөх” нь нэгэнтээ тодорхой болжээ.

Бүрэн эрхийнхээ хоёр жилийг яг үдэж буй М.Энхболдын парламент, хаврын чуулганаар нийт 23 асуудлыг хэлэлцэхээс эдийн засаг, уул уурхай, нийгмийн боловсролд хэрэгтэй нэн чухал хуулиудыг батлан гаргасан.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хуулийг шинэчлэн баталсан билээ.

Хэдийгээр МАН парламентад 65 суудалтай ч, бүлгийн хуваагдал, сөрөг хүчний шантааж, эсрэг хүчний Ерөнхийлөгчтэй эвссэн довтолгоог спикер хүлээцтэйгээр шийдвэрлэж байгаа гэвэл аядуу зөөлөн магтаал болохгүй ч биз. Үнэндээ хүчний тэнцвэртэй хуваагдсан намын талцал нь УИХ дээр илүүтэй тодорч байгаа үед М.Энхболд хэрэвзээ З.Энхболд шиг дээрэнгүй хийгээд хатуу хахир хандсан бол УИХ-ын дээр утаа суунаглахад тун ойрхон байв. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард дуулиан болсон ШХАБ-ын асуудлаар “ҮАБЗ болон УИХ-ээр энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш “өвдөг сөгдсөн” рейтингээ өсгөхөд чамгүй нөлөөлсөн биз.

Харин эдийн засагт хүлээлт үүсгэсэн Тавантолгойн төсөл, татварын багц хуулиудыг парламентаар яаралтай хэлэлцэх Засгийн газрын хүсэлтийг тэрбээр хүлээж аван, оочер дайруулан хэлэлцсэн ч хаврын чуулганы завсарлах хонх дуугарсан нь М.Энхболдын парламентын буруу биш. Төслөө эртхэн оруулж ирээд бодлогоо цаг тухайд нь хамгаалаад гарч чадаагүй Засгийн газрын алдаа юм.

Ардын засгийн гол реформ, гол төсөл болох Татварын багц хуулиуд ээлжит бусаар орох уу эсвэл намрын чуулган хүртэл хүлээлгийн танхимд байх уу гэдэг яг үнэндээ М.Энхболдын парламентаас илүү Засгийн газрын овжин зангаас шалтгаална.

Товчхондоо, танхимдаа зөрчилтэй байгаа төслүүдээ нэгтгэж чадахгүй, УИХ-д оруулсан бодлогоо хамгаалж чадахгүй чуулганы танхимд ганц хоёрхон сайд нь утсаа маажаад суухаар өргөн барьсан хуулиуд нь парламентын босгыг яаж давах билээ. Татварын багц хуулийн төслийг уг нь УИХ-д эртхэн оруулаад бүлгээ байг гэхнээ албан бус 32-оо ядаж албадан суулгаад батлуулчихсан бол  наад зах нь жижиг дунд үйлдвэрүүдэд, том зургаараа Монгол Улсын эдийн засагт ашигтай байх байлаа. Дээр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар наашаа харж IPO яриад, цаашаа харж “Эрдэнэс Тавантолгой”-н 49 хувийг наймаалцах аваас танхимын сайдууд нь хүртэл гацааж болзошгүй байгааг өчигдөр болсон олонхын бүлгийн гал авалцсан хуралдааны үеэр Ц.Нямдорж сайдын илэрхийлсэн байр сууринаас ч харагдаж байна.

Гуяа дагуулж хүзүү оруулж ирж байгаа бол өөр хэрэг. Харин хүзүү дагуулаад гуяа өгнө гэдэг Д.Сумъяабазарын яриад байгаа “Тавантолгойн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр зарах IPO” нь байж боломгүй. Нөгөө талаар ядаж л Засгийн газрын гишүүд нэг амаар ярихгүй бол олон толгойтой болох тусмаа бодлогоо дэмжүүлэхэд хэцүү. Зуун хувь давхар дээлтэй засаг байж парламентаар бодлогоо хамгаалж чадахгүй байгаа нь бол “хохь нь шүү дээ”.  Тавлаж байгаа ч юм биш л дээ.

Хаврын чуулганаар батлагдсан нэг хууль бол УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хувийнхаа ажлын зав чөлөөгөөр гишүүнийхээ ажлыг хийх эрхгүй болж байна. Өөрөөр хэлбэл, мандат авсан тойргийнхныхоо төлөө хууль батлалцах, хэлэлцэх үндсэн үүргээ биелүүлэх тухай хууль. УИХ бол хууль баталдаг субъект гэдгийг мэдэхгүй, өөрөө хууль батлалцах ёстойгоо ойлгохгүй, хаана нэг засаг огцрох сургаар гараад ирдэг “долоовор хуруу”-дад хариуцлага тооцох цаг ингээд ирлээ. Энэ хуулийг маргаашийн үр дүн магадгүй М.Энхболдын парламенттай зайлшгүй холбогдох нь тодорхой.

Энэ мэт дөрөвдүгээр сарын 5-наас зургадугаар сарын 29 хүртэл Монголын улс төрийн өрнөлийг ажиглаж, парламент ба засагт тавих  иргэдийн  дүн нь “Суу! Парламент сайн, засаг анхаар” байж мэдэх нь.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж