Д.Дорлигжав: Оросуудтай их зөрчилддөг байсан

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Оросуудтай их зөрчилддөг байсан

Д.Дорлигжав: Оросуудтай их зөрчилддөг байсан

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой зургадугаар сарын 27-нд тохиож,  баяраа тэмдэглэлээ.  Энэ үеэр тус  үйлдвэрийн ерөнхий захирлын алба хашиж байсан Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай ярилцав. 


-Та 1990-ээд оны сүүл үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг хүнд, “Эрдэнэт” үйлдвэр өөрөө мөн амаргүй үеийг туулсан гэдэг.  Дурсах зүйл танд олон байгаа болов уу?

-Одоогоос 20 жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдож, 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байлаа.  Эргээд санахад цаг хугацаа маш хурдан өнгөрчээ.

Эрдэнэт маань хаяа тэлж, их сайхан залуу хот болж, хөгжиж байна. Хотоор өчигдөр явсан. Үйлдвэрийн ажил сайн байгаа гэж хэлсэн, цехүүдээр бол явж үзсэнгүй.

-Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр улсын төсөвт хэдий хэмжээний татвар төвлөрүүлж байсан бэ?

-Тэр үед улсын хэмжээнд ганц, хоёрхон том үйлдвэр ажиллаж байсны нэг нь “Эрдэнэт” үйлдвэр юм. Түүнийгээ дагаад эдийн засагт эзлэх байр суурь ч том байсан. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийнх шиг нэг тонн нь 7000-8000 ам.долларт хүрч байгаагүй ч жил болгон улсын төсөвт 30-40 сая ам.долларыг двидент хэлбэрээр өгдөг.  Зэсийн үнэ нэг тонн нь 1200-1300 ам.доллар хүрдэг байсан юм.  Үйлдвэр хүнд ч 7000 гаруй ажилчдаа болгоод ажилладаг байлаа. Намайг ажиллаж байх үед “Эрдэнэт” үйлдвэр түүхэн дэх хамгийн хүнд үеийг амжилттай даван туулсан. Эргээд харахад сайхан байна.

Тэр цагаас хойш Монгол Улсад уул уурхай болон бусад салбар хүч түрэн орж ирж, эдийн засаг нэг, хоёрхон үйлдвэрээс хараат байдаг цаг үе өнгөрчээ.

-Үйлдвэрийн ажилчдын олонх нь оросууд байсан ч одоо бол их цөөрсөн харагдана?

-Тэр үед Орос үйлдвэр юм уу гэмээр байсан. Орос ажилчид их байгаад зогсохгүй бүх үйл ажиллагаа Оросоор явдаг. Гол шийдвэрийг оросууд гаргадаг байсан гэсэн үг л дээ. Оросуудаа ч их хардаг тийм л цаг үе.  Түүнийг өөрчлөх шаардлагатай гээд нэлээд ажил болсон.

Эхний ээлжинд үүрэг роль багатай хэрнээ өндөр цалин авдаг хүмүүсийг явуулахыг нь явуулж, заримыг нь өөр ажилд шилжүүлж, ачааллыг нь тэнцүүлэх. Байр суурин дээр тавихыг нь тавьж, тэрэн дотроо хөөрхөн тэмцэл өрнөж л байлаа.

-Орос, Монгол ажилчдын цалин газар тэнгэр шиг ялгаатай байсныг ойртуулсан гэж яригддаг нь энэ үетэй холбогдоно гэсэн үг үү?

-Ажилчдын хүсэл мөрөөдөл тийм л байсан. Оросын гол, гол том мэрэгжилтэнгүүдээс бусад нь бид нартай л адилхан ажилчид. Тийм байтал биднээс өндөр цалин авдаг гээд. .. их гомдолтой.

Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээртэй учраас өөрчлөх гэхээр болдоггүй. Арга буюу онц шаардлагагүй Орос мэргэжилтнүүдийг цөөлөх арга хэмжээ л авсан. Хэдийгээр үйлдвэр хүнд ч ажилчдынхаа цалинг нэмээд, дутуу баригдсан байр, орон сууцыг гүйцээж бариулах. Үйлдвэрээ 15 сая ам.доллараар өргөтгөх, цоо шинэ технологи нэвтрүүлэх ажил эхлүүлсэн. Миний ажиллаж байх хугацаанд өдөр, шөнөгүй, завсар зайгүй хөдөлмөр өрнөсөн цаг үе байсан.

-Үйлдвэр жилдээ хэдий орчим зэсийн баяжмал экспортод гаргадаг байсан юм бол?

-Жилдээ 15 сая орчим тонн уулын цул гэж хөрс хуулалт хийдэг, 500 мянган тонн арай хүрэхгүй баяжмал экспортолдог байсан. Үлдвэрийн өөрийн өртөг их өндөр болчихсон, зардал маш их болсон учраас бүх чиглэлээр хэмнэлт гаргах гэж дарга нарынхаа машиныг хязгаарлах,  бензин шатахууны нормыг хянах гээд их л олон талт ажил болж байсан. Тэгж байж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, үйлдвэрээ унагахгүй, дампууруулахгүй авч гарсан юм даа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг  улс төрийн томилгоогоор тавьдаг. Тэрийг дагаад хүн, бараа их “шахдаг” гэх нь бий. Тэр үзэгдэл таныг ажил авах үед ямар байв?

-Үнэхээр тийм байсан юм билээ.  Үйлдвэрийн энэ хэдэн агуулахад байгаа запас тоног төхөөрөмж хэрэгцээтэй  гэж байгаа ч ихэнх нь шахаагаар дүүрчихсэн. Хятад виски хүртэл хэдэн машинаар нь чихчихсэн. Заримыг нь эргэж эзэнд нь өгөөд, заримыг нь худалдаж борлуулах, хятад вискиг нэрж, спиртийг нь гаргаж, химийн цехэд шилжүүлж, ашиглах гэх мэтээр юм юм л болж байсан. Миний үед шахуулж, шахаад байсан юм байхгүй. Яаж үйлдвэрээ авч үлдэх вэ гэдэг нэн тэргүүний зорилго байлаа.

-Ажлаа дүгнэхэд хамгийн зөв ирээдүйг харсан ажил юу байх юм?

-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаснаас үйлдвэр түүхэндээ санхүүгийн маш том хямралд байсан хүнд үе тул унагачихгүй авч гарах нь эхний хамгийн том зорилго.  Хоёрдугаарт нь, орос, монгол мэргэжилтний харьцаа, үйлдвэрийн удирдлагыг өөрийн гэсэн бодлоор удирдах гэж их тэмцэл хийсэн.

Тэр үед өмч хувьчлал болоод өнгөрсөн ч үйлдвэрийнхэн маань байраа хувьчилж авч чадаагүй, цалингаа нэмэгдүүлж чадаагүй байсан үе.  Байруудыг ажилчиддаа хувьчилж, өгье цалингаа нэмье гэхэд Оросын тал зөвшөөрч өгөхгүй болохоор нь  захирлын ажлаа өгье гэж дэнчин тавих шахуу байж,  үйлдвэрийн байрыг ажилчиддаа хувьчилж, цалинг нь нэмсэн. Энэ бол хүмүүстээ хүрсэн овоо ажил.

Сүүлчийн том ажил нь хэдий хүнд цаг үе байсан ч хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй, үйлдвэрийнхээ шинэчлэл өргөтгөлийг хийсэн. Технологийн хоёр гурван том шинэчлэл хийсэн. Тэр бол их хүнд туссан. Лабораторийн туршилт, хагас үйлдвэрийн туршилт сайн хийлгүйлгээр шууд шинэ технологи үйлдвэр лүү нэвтрүүлэх гэлээ гээд шинэ технологи нэвтрүүлэх ажлыг маань хийлгэхгүй саад тавина. ОХУ-аас өдөр болгон зэмлэнэ, “Наад ажлаа зогсоо” гээд шахна, шаардана. Гэсэн ч бид эхэлсэн ажлаа зогсоолгүй зүтгэсээр манай үйлдвэрийн хамт олон өөрийн технологи болгож авсан. Энэ ажил бол үйлдвэрийн өөрийн өртгийг хямдруулах том ажлын нэг байсан. Метал авалтыг нэмэгдүүлэх зорилготой технологийн шинэчлэл юм.

Ажлаа өгөөд 10 жил болсны дараа энэ ажлыг маань үнэлж, Төрийн соёрхолд нэр дэвшүүлж, авсан.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросоос Монгол руу шилжүүлж авсан ажиллагаа нэлээн маргаан дагуулж байна. Та тухайн үед Засгийн газрын гишүүн байсан, хэр мэдэээлэлтэй байв. Ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Олон улсын гэрээтэй холбоотой ийм асуудлыг хууль зүйн маш нарийн үнэлэлт дүгнэлттэйгээр буурь суурьтай хөдлөх ёстой байсан. Харамсалтай нь, тэр үед Хууль зүйн яамнаас санал аваагүй, Засгийн газрын хуралдаанд нь би оролцоогүй.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Орос Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаагаа Монголд шилжүүлэх санал ирсэн, Монгол компани авах гэж байгаа” гэж мэдээлэл хийгээд түүнийг зөвшөөрөх бодолтой байгаа.  Дахин Засгийн газрын хуралдаанаар оруулна, нууцын зэрэглэлтэй оруулж ирнэ” гэдэг зүйл ярьсан тухай тэр үеийн Засгийн газрын гишүүд хэлдэг.

Сонгууль болж байсан, дууссан. Засаг солигдсон.  Анхнаасаа тулхтай,  буурьтай, суурьтай, хууль дүрмээ сайн харж хийгээгүйгээс болоод одоо сунжирсан хэрүүл яваад, энэ хэрүүлээрээ нэг, нэгнийгээ давах гэсээр байгаад Монголын хууль, Монголын төр гэдэг төр биш,  хууль биш болтлоо тэмцэл өрнөчихсөн. Харамсалтай юм энэ л байна.

Анхнаасаа хуулийн дагуу хийчихгүй, тухайн үеийн УИХ-аар асуудлыг оруулж батлуулаагүй нь том алдаа. Яагаад гэхээр УИХ-аар баталгаажуулсан олон улсын гэрээг цуцлах асуудал УИХ-д танилцуулагдаж, шийдэгддэг.  Энэ бол Засгийн газар дангаараа шийдэх асуудал биш. УИХ-аар шийдүүлчихсэн бол ийм хэл үг, хэрүүл гарахгүй шүү дээ.  

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж