Монгол Улсын нийт иргэдийн 2.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй. Үүнээс 114370 иргэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор тогтоолгож, 2017 оны байдлаар нийгмийн даатгалын сангаас 72241 иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа гэсэн тоон мэдээ байна. Тэгвэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээг сайжруулах аян”-ныг улсын хэмжээнд 2018 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд зохион байгуулахаар болсон тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос мэдээллээ.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох хурлын өрөө, хүлээлгийн танхим, ариун цэврийн өрөөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хэлбэрээр засч тохижуулах, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа, санал, гомдол, хүсэлтийг нээлттэй хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Аяны хүрээнд хийгдэх өөр нэг чухал ажил нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэдийн сүүлийн 5 жилийн судалгаа, Үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчийн судалгаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгоод ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон хугацаагүйгээр тогтоолгосон иргэдийн судалгааг тус тус хийж, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг даатгуулагчийн тэтгэврийн хувийн хэргийг цахим мэдээллийн сантай тулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээлэл статистикийг нэгтгэж, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чиглэлээр суурь судалгаатай болох юм.
Э.УРАН