МАН-ын бүлгийн талцал Тавантолгойг гацаах уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн талцал Тавантолгойг гацаах уу?

МАН-ын бүлгийн талцал Тавантолгойг гацаах уу?

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2018.06.28/ шөнө дөл болтол хуралдаж, нээлттэй сонсгол явуулах эсэхийг хэлэлцжээ. Гэвч бүлгийн хуралдаан нээлттэй сонсголоос давж, намын дотоод асуудал руу орж, 32:32-ын бүлгийн гишүүд бие бие рүүгээ хатуухан үг шидэлцээд авчээ. Бүлгийн хуралдаанд намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг байлцуулах санал гаргасны дагуу Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд оролцсон байна. Харин генсек нь хөдөө томилолтоор явж байгаа тул оролцоогүй аж. 

Гишүүдийн зүгээс намын даргадаа хандаж, бүлэг нь 32, 32-оороо хуваагдсанд буруутгажээ. Зарим гишүүн намын дарга, генсек хоёр намаа зангидаж чадахгүй байна гэх шүүмжлэлийг хэлсэн гэнэ.

УИХ-ын даргын зүгээс нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлыг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдүүлэхээ мэдэгджээ. Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Нээлттэй сонсгол зохион байгуулах эсэхээ бичгээр мэдэгдэнэ. Гэхдээ сонсгол зохион байгуулахгүй байх хуулийн гаргалгаа бий” гэсэн хариулт өгсөн байна.

Бүлгийн хуралдаанаар маргаан дагуулсан бас нэг асуудал нь Тавантолгойн төсөл байжээ. Засгийн газраас хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Тавантолгойг УИХ-д оруулж ирсэн бөгөөд өмнө нь энэ асуудлаар АН-ын бүлэг хоёр хоног завсарлага авах санал гаргаж байсан. Гэвч, өчигдөр сөрөг хүчин завсарлагаагаа цуцалсан учир шалтгаантай байсан бололтой. Ингэхдээ “Эрдэнэс Монгол” компанийн тодорхой хувийг нээлттэй хувьчлах тохироотойгоор АН-ын бүлэг Тавантолгой дээр авсан завсарлагаа цуцалсан гэсэн мэдээлэл ч сонсогдов.

"Эрдэнэс Монгол’-ын 49 хувийг хувьчлах асуудалд МАН-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж, ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Тавантолгойгоо л явуул. ‘Эрдэнэс Монгол’-оор оролдох хэрэггүй. Олон компани толгойлж байгаа компаниар оролдох хэрэггүй. Хэрэв ийм шийдвэрт хүрвэл дэмжихгүй. Зөвхөн Тавантолгойгоо л явуул” хэмээн байр сууриа хатуухан илэрхийлжээ.

Хэрэв АН-ын бүлэгтэй хийсэн тохирооноосоо ухарч, “Эрдэнэс Монгол” компанийн тодорхой хувийг хувьчлах тохироог МАН дэмжихгүй бол сөрөг хүчин дахин завсарлага авч, Тавантолгой төсөл ээлжит бус чуулган эсвэл намрын чуулган руу шилжих магадлалтай. Ямартай ч өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэнэ. Чухам эндээс Тавантолгой төсөл цааш хөдлөх эсэх нь тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж