Нийт экспортод салбарын эзлэх хувийг 20-30 хувьд хүргэх боломж бий

Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

Нийт экспортод салбарын эзлэх хувийг 20-30 хувьд хүргэх боломж бий

Нийт экспортод салбарын эзлэх хувийг 20-30 хувьд хүргэх боломж бий

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 53 хувь ажиллаж, ДНБ-ий 30 хувийг үйлдвэрлэдэг ч экспортын орлогын 4-5 хувийг бүрдүүлж байна. Ингээд бодохоор салбарын хувийн хэвшлийн чадавхийг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам хамтран энэ салбарт хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хувийн хэвшлийнхэнд танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэлж, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам үр дүнтэй, харилцан өгөөжтэй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах зорилготой уулзалтад хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөл оролцож, гадны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонсож, хамтран ажиллах боломж эрэлхийлж байсан юм. 

Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг онцгойлон анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх гол гарц гэж харж байна. Энэ утгаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 2015 онд 98 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан бол жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж, 2018 оны төсөвт 151 тэрбум төгрөг суулгасан юм. Одоогоор сайдын багцад 5 төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд бүгд салбарын яамандаа зангидагдах бус бусад яаманд ч энэ салбарын тодорхой төсөл, хөтөлбөрүүд харьяалагдаж байсан нь учир дутагдалтай.

Гадаадын түнш, донор байгууллагууд Монгол Улс тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг ихээхэн сонирхдог ч хөрөнгө оруулахад тулгамдсан асуудал байсаар байна. Хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжвэл нийт экспортод хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эзлэх хувийг 20-30 хувьд хүргэх боломж бий. Ингэснээр нийт хүн амын талаас илүү хувь нь тогтмол орлоготой болж, амьжиргаа нь сайжрах төдийгүй бусад салбар ч дагаад хөгжих боломжтой гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Жайка, Койка зэрэг олон улсын байгууллага төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн тухайд, даатгал, сургалт-судалгаа, санхүүгийн дэмжлэг гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Азийн хөгжлийн банкны зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь үр ашигтай, ажлын байрыг олноор бий болгодог учраас дэмжлэг үзүүлдэг гэдгээ онцолж байлаа. Тус банк нь өнгөрсөн 27 жилийн турш Монгол Улсад хөрөнгө оруулсан, манай улсын томоохон хандивлагчдын нэг юм. 

Азийн хөгжлийн банкны Монгол дахь сууриан төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Деклан Магий

Хөгжлийн банк нь дангаараа болон олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Гол нь хувийн хэвшлүүд санхүүжүүлэхэд бэлэн буюу эрсдэлээ бүрэн тооцсон, тогтмол үр ашгаа өгөх төсөл санал болгох нь зүйтэй гэдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм.

Хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Д.Дэлгэрсайхан

Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд, Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Одоогоор 140 орчим аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлснээс 80 хувь хүнс, хөдөө аж ахуйн салбарынх байна. Эдгээрээс 55 компанид үр дүнгийн үнэлгээ хийж үзэхэд, үйл ажиллагааны үр өгөөж нь 60 хувиар өсөж, нийт 800 гаруй ажлын байр шинээр бий болсон. Хамгийн чухал нь жижиг, дунд үйлдвэрүүд богино хугацаанд үр ашгаа өгөх төсөлд хамрагдахыг эрмэлзэхээсээ илүү алсын хараа, стратегиа зөв тодорхойлж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэх нь зүйтэй гэдгийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер С.Байгалмаа ярьж байна.

ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер С.Байгалмаа

Гадаадын төсөл, хөтөлбөрүүд санхүүжүүлэх, дэмжих аж ахуйн нэгжээ оновчтой сонгож, хувийн хэвшлүүд өөрийн хэрэгцээ шаардлага, онцлогтоо тохирсон төслийг амжилттай хэрэгжүүлэн, хамтран ажиллаж чадвал үр өгөөж нь аль болох богино хугацаанд гарч, улсын эдийн засаг, экспортод чухал түлхэц болох юм.

Уулзалтад оролцогч гадаадын төсөл, хөтөлбөр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж