Хуучирсан мэдээ: 2018.06.29-нд нийтлэгдсэн

“Богема”-тай өдөр

“Богема”-тай өдөр

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьж байна. Театрын уран бүтээлчдийн энэхүү ойг угтан “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг өчигдрөөс эхлэн гурван өдөр зохион байгууж байна. Мөн энэхүү сонгодог дуурийн өдрүүдийн уран бүтээлд БНСУ, ОХУ-ын дуурийн дуучид оролцохоор болжээ. БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн (сопрано), И Ёон Сук (сопрано), Лю Хён Сунг (басс-баритон), ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин, Ардын жүжигчин Н.Мөнхзул нарын гадаадын уран бүтээлчид оролцох юм байна.

Өнөөдөр “Богема” дуурийг тоглох бол дуурийн гала тоглолтыг Бямба гаригт сонгодог урлагт бүхэнд зориулан бэлтгэж байгаа аж. 

Дж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт дуурь өнөөдөр дуурийн тайзнаа эгшиглэнэ. Тус дуурийн тухай товчхон танилцуулахад анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Париж хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Дж.Пуччинийг дуурь бичсэн байна. Дж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгаа харуулахыг зорьжээ.

Дж.Пуччинийн хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь хийгээд заяасан авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан юм. Уг романыг дуурь болгоход нилээд товчлох шаардлагатай байсан ба зохиолын утга санаа огт хөндөлгүй хадгалж үлдсэн байна.  

Энэхүү дуурийн зохиол нь анхаарал татсан огцом хөдөлгөөн адал явдал дуулианаар бага ч хүний сэтгэлийн дотоодод болж буй хямрал, залуу хүмүүсийн ертөнцийг ил тод, сэтгэл хөдлөл болон дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн байдаг гэнэ. Хөгжим нь бүхэлдээ гол баатруудынхаа мэдрэмж болон сэтгэл санааны байдлыг маш тод зурсан байдаг аж. 

“Богема” дуурь нь маш хурдан хугацаанд үзэгчдийн сэтгэлийг татаж олон орны дуурийн театрын тайзнаа амилж байжээ. 

СОНГОДОГ ДУУРИЙН ӨДРҮҮДИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

  • VI.29 – 19:00 – “Богема” дуурь
  • VI.30 – 17:00 – Дуурийн гала тоглолт

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж