Наадам хаяанд иржээ. Ердөө хоёр долоохон хоногийн дараа Үндэсний их баяр наадам болно. Тал нутаг дахь монгол гэрийн хананд хөхүүртэй айраг исч, хацартаа улаа бутруулсан жаалуудын гийнгоон дуу цангинаж, уяа тойрч морь шинжсэн эрчүүдийн дунд халуун яриа ид өрнөж байгаа биз. Харин Улаанбаатарт улсын наадмын бэлтгэл ажил өрнөхийн зэрэгцээ наадмын гоёлууд худалдаанд аль хэдийнэ гарч, хэн хүний нүд хужирлаад эхэллээ. “Мишээл экспо” төв орж энэ жилийн наадмын гоёлыг сонирхлоо. Учир нь, энд “Бүтээлч Монгол 2018” үзэсгэлэн өчигдөр /2018.6.28/ нээгдсэн юм.
цагаан сарын дараа наадмын дээлээ оёж эхэлсэн
Тус төвөөр ороход үзэсгэлэнд зориулсан танхим дүүрсэн байв. Үүдний ойролцоо байрлах лангууны худалдагч, “Чамин хийц” төвийн эрхлэгч М.Гантуяагаас бүтээгдэхүүнийх нь талаар сонирхов. Тэрбээр “Орхон аймгаас ирж үзэсгэлэнд оролцож байна. Оёдол хийгээд есөн жил болжээ. Наадмын үзэсгэлэнд зургаа дахь жилдээ оролцож байна. Цагаан сар өнгөрөөгөөд л материалдаа яваад, наадмын дээлээ оёж эхэлсэн. Энэ жил нимгэн, хөнгөн, зөөлөн материалтай дээл түлхүү сонирхож байна. Залуус сүүлийн үед үндэсний хувцсаар гоёх дуртай болсон нь ажиглагдлаа. Эмэгтэйчүүд тод, эрээн өнгөтэй дээл сонирхож байна. Манай бүтээгдэхүүн дундаж үнэтэй байгаа. Эмэгтэй цамц, дээлийг 60000-115000 төгрөг, эрэгтэй цамцыг 80000-90000 төгрөгөөр борлуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр эхэлсэн ч захиалга их байна” гэлээ.
Өвөрмонголчууд ирж авдаг
Тус үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ борлуулахаар оролцож байгаа “Nar fashion” салоны оёдолчин Р.Нармандах “Манай салон Монголд наадам болон цагаан сараар дээлээ зардаг. Бусад үед өвөрмонголчууд ирж авдаг. Монголоос аваад Өвөрмонголд аваачиж зардаг гэсэн. Манайх Солонгосоос материалаа авдаг. Энэ жил үндэсний хувцасны хэв маягийг хадгалсан мөртлөө сул, чөлөөтэй, европ хэв маягтай дээл зонхилж байна. Манай дээл 85000-195000 төгрөгийн үнэтэй байгаа. Цамцыг 45000 төгрөгөөр борлуулж байна” гэв.
Манай дээлийг өдөр тутамдаа өмсч болно
Үзэсгэлэнг сонирхогчид хамгийн их саатаж, сонирхож буй хэсэгт очив. Тэнд хүннү захтай дээл борлуулж байлаа. Хүннү захтай дээл бусдаас содон, эрхэмсэг харагдаж байгаа бололтой. Ээжтэйгээ үзэсгэлэн сонирхож явсан жаал “Ээж ээ, зурагтаар гардаг хаадын эхнэрүүдийн хувцас байна” гэх нь өхөөрдөм. “Дээдсийн гоёл” салоны менежер Т.Долгорсүрэн “Манай салоны онцлог нь судалгаан дээр суурилан хүннү загвартай дээл оёдог. Манай дээлийг өдөр тутамдаа, өмдөн дээр өмсч болохоор энгийн, халаастай, биед эвтэйхэн байдаг. Мөн шинэ жилээр өмсч болох гоёлын дээл ч бий. Австри, Турк, Японоос оруулж ирсэн материалаар дээлээ оёж байгаа. Дээлтэйгээ хослуулж болох цүнх, толгойны зүүлт борлуулж байна. Бүгдийг нь шаглаж, гар оёдлоор оёдог. Цүнх нь 80000-220000 төгрөгийн үнэтэй. Үзэсгэлэнд зориулан манайх бүх бараандаа 5-50 хувийн урамшуулал зарласан” гэв. Тус салон нь захиалагчийн загвараас шалтгаалан үнийн хувьд өөр байх ч үзэсгэлэнд дэлгэж буй дээлнүүд нь 185000-1800000 төгрөгийн үнэтэй байлаа. Дээл чамин, өвөрмөц, хийц, гар ажиллагаа их байхын хэрээр үнэ нь өндөр байдаг юм байна.
Үзэсгэлэнд ирж, таалагдсан дээлээрээ гэр бүлээрээ ижилсэх боломж ч байв. Хүүхдийн дээлийн үнэ 50000 төгрөгөөс эхэлж байлаа. Сонголт хэр байгааг, мөн хийсэн дээлийн загвар, материал, хийц болон үнэ таалагдаж байгаа эсэхийг нь үйлчлүүлэгчдээс асуулаа.
Үнийн хувьд материал, загвартайгаа уялдсан, боломжийн байна
-Үзэсгэлэнгээс дүгнэхэд дээлийн загвар их өөр болжээ. Даашинз шиг харагддаг, Европ загвартай, өдөр тутамдаа өмсч болохоор хэрнээ үндэсний хувцасны элементийг шингээж урласан байна. Үнийн хувьд материал, загвартайгаа уялдсан, боломжийн байна. Дээлэн дээрээ гутал өмсөнө. Тиймээс монгол хээ, угалзтай арьсан гуталнуудыг сонирхоод явж байна.
Гэрийнхэндээ дээл авна
-Миний хувьд Унгарт 20 жил амьдарч байна. Ээж, аавтайгаа уулзахаар Монголд ирээд, энэ үзэсгэлэнтэй таарлаа. Дээлүүд нь маш их таалагдлаа. Материал, загвар нь их гоё юм. Үнийн хувьд ч боломжийн байна. Эндээс гэрийнхэндээ, эрэгтэй, эмэгтэй дээл аваад цагаан сараар өмсөнө.
Үзэсгэлэнд дээлтэй зохицох малгай, толгойн гоёл, ээмэг зүүлт, гутал зэрэг шаардлагатай бүх зүйл байсан юм. Арьсан гутал 250000-400000 төгрөг гэж байлаа. Харин толгойн гоёл болон ээмэг 15000 төгрөг гэж байв. Үзэсгэлэн өдөр бүрийн 11.00-20.00 цагт гарч байгаа бөгөөд долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.