Сүүлийн үед цахим сүлжээ буюу фейсбүүк хуудсаар “хүүхэд алга боллоо” гэсэн зар, мэдээлэл багагүй цацагдах болсон. Хамгийн сүүлд гэхэд 14 настай охин алга болсон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Хүүхдүүд сураггүй алга болсон гэх зар ихэссэн шалтгаан юу вэ. Өөрсдөө гэрээсээ дайжив уу, өөр нэгний гэмт хэргийн хохирогч болов уу гэх асуулт эндээс тавигдаж байна.
Хүүхэд нь сураггүй боллоо, гэртээ ирэхгүй хэд хонолоо гэж эцэг эх, ар гэрийнхнийх нь зүгээс цагдаагийн байгууллагад хандах дуудлага сүүлийн үед нэмэгдэх болсон байна.
Харин олсон талаарх мэдээллээ олон нийтийн сүлжээнд тавьдаггүйгээс болоод ‘Олон хүүхэд алга болоод байгаа юм шиг буруу ойлголт төрүүлдэг’ талаар цагдаагийнхан хэллээ.
Д.Сэржмядаг охин алга болсон хэрэгт холбогдуулан 36 хүнийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд алга болсон. Алга болсноос хойш найман сар өнгөрлөө. Гэвч өдийг хүртэл ямар ч сураг чимээгүй хэвээр. Сүүлийн үед охиныг Эрээнээс амиа алдсан байдалтай олдсон ч цагдаагийнхан маш ихээр нууцалж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Харин энэхүү мэдээллийг цагдаагийн байгууллагаас лавлахад эрс үгүйсгэн, ташаа мэдээлэл гэдгийг онцлоод, эрлийн ажиллагаа үргэлжилсээр байгааг дурдлаа. ‘Замын-Үүд сум, орон нутагт шалгагдаагүй, орхигдуулсан газар, объект үлдээгүй. Бүгдийг нь л дахин шалгаж үзсэн ч одоог хүртэл охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирсэнгүй’ гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Сугаржавын мэдээлэл өгсөн бөгөөд Д.Сэржмядаг охин алга болсон хэрэгт холбогдуулан 36 хүнийг сэжигтнээр татаж, мэдүүлэг авсан байна.
Тэднийг тас шувуу шүүрсэн байж болзошгүй
Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй болсон юм. Тэд хоёулаа хөдөөгийн малчин айлын хүүхдүүд байжээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Загаст нуур” гэх газарт тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү алга болсон гэх дуудлага цагдаагийнхэнд иржээ. Хүү зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон байна. Цахим сүлжээнд өчигдрөөс /2018.06.27/ эхлэн “Эцэг нь хүүгээ хөнөөгөөд, гэрийнхээ ойролцоох газарт булсан” гэх мэдээлэл тархсан ч үүнийг мөн л цагдаагийн байгууллага үгүйсгэж “Худал мэдээлэл. Бид хүүг хайсаар байгаа” гэсэн юм.
Харин Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан охин сураггүй алга болсон байна.Тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл зургадугаар сарын 8-ны өдрийн 20:36 цагт иржээ. Эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Иргэд тэднийн хүн авч явсан байж болзошгүй гэж хардаж байгаа ч албаны хүмүүсийн хэлж байгаагаар хүүхдүүд алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, алслагдмал нутаг учраас хүн авч явсан байх магадлал бага. Ойр хавьд нь уул уурхайн компани, хятад ажилчид огт байхгүй гэнэ.Тиймээс хүүхдүүдийг гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж, эрлийг хийж байгаа аж.
А.Ивээл охины бие хэвийн байгаа гэв
Гэрээсээ гараад сураггүй босон А.Ивээл охиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн алба хаагчид энэ сарын 27 буюу Лхагва гаригт олсон байна. Тэрбээр алга болсон гэх дуудлагыг ар гэр нь цагдаа нарт өгснөөс хойш 14 хоногийн дараа олджээ. Охин эмээтэйгээ амьдардаг байсан аж. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр охин “Найзтайгаа гадуур явж байсан” гэсэн байна. Чухам хаагуур юу хийж явсан, яагаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй 14 хоног болсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Охины гэр бүлтэй холбогдоход “А.Ивээлийн биеийн байдал нь хэвийн байгаа. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Сураггүй алга болсон хүү осгож нас баржээ
16 настай Т.Цогт нь дөрөвдүгээр сарын 2-ны оройн 19:20 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 18 хоногийн дараа түүний цогцсыг олсон. Т.Цогт нь аутизмын хүрээний эмгэгтэй тул хүнтэй харьцах, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг байсан юм. “Хүүгийн цогцсыг Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон. Урьдчилсан байдлаар хүүг осгож нас барсан гэж таамаглаж байна” хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдэж байв.
Алга болсон охин эмнэлэгт эмчлүүлж байжээ
21 настай Б.Ариунзаяа нь тавдугаар сарын 6-ны өдөр 18.00 цагт Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Оршил хотхоноос гараад сураггүй болсон тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цахим орчинд мөн л цацагдсан. Хэргийн хариуцан хэсгийн байцаагч нь охиныг тавдугаар сарын 7-ны өдөр олсон гэж мэдэгдсэн. Б.Ариунзаяа нь бие муутай бөгөөд тухайн өдөр ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Эмнэлгийн ажилтнууд охиныг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг хараад түүний ар гэртэй холбогдсон байна. Охины аавын хэлснээр Цагдаагийн байгууллагад энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг хаалгасан ч одоог хүртэл цахим орчинд охиных нь зурагтай, эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл явж байгаад санаа зовж байгаагаа хэлж байсан юм.
Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр бүжгийнхээ бэлтгэлд явна гэж гэрээсээ гарсан есдүгээр ангийн сурагч Б. Дэлгэрмөрөн хүү тав хоног сураггүй байсны эцэст эсэн мэнд олдсон билээ. Хүүг алга болсон гэх мэдээлэл цахим хуудсаар эрчимтэй цацагдсан. Харин хүүгийн ээж “Хүү минь олдсон. Сайхан сэтгэлт ард түмэн ахан дүүс хамт олон найз нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Одоохондоо хүүгээ амрааж байна. Эмчилгээ хийлгэж байгаа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байсан юм. Хүүг 18-20 орчим насны хэдэн залуус өөрсдийн амьдардаг нийтийн байранд аваачиж хорьсон маягтай байлгаж байсан аж. Тэд хүүгийн гар утсыг ломбардад тавьсан бөгөөд олсон мөнгөөрөө PС тоглодог байсан байна.
Алга болсон хүүхдүүд агуйд дөрөв хоножээ
Өнгөрсөн оны наймдугаар сарын 14-ны өдөр , Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байсан таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэднийг цагдаагийн алба хаагчид наймдугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шилхэнцэг хайрханы агуйгаас эсэн мэнд олсон байдаг. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоор зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ.
Сураггүй болсон охин найзынхаа гэрт байжээ
“13 настай охин гуравдугаар сарын 12-ны өдөр хичээлдээ явах гэж гараад гэртээ иргэж ирээгүй тул эрэн хайж байна” гэх мэдээлэл цахим хуудаснаа тархаж байсан билээ. Тухайн үед Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, охиныг гуравдугаар сарын 14-ны олсон юм. Охины биед ямар ямар нэгэн гэмтэл учраагүй, эрүүл саруул олдсон бөгөөд найзындаа байсан аж.
алга болсон охиныг гурав хоногийн дараа олжээ
13 настай Г.Одгэрэл охин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг “Аман хуур” хотхоноос хичээлдээ явахаар гэрээсээ гараад алга болсон талаар цахим хуудаст мэдээлэл нийтлэгдсэн билээ. Охиныг гурав хоногийн дараа олсон, охины бие зүгээр гэсэн мэдээллийг аав нь дуулгаж байлаа. Тухайн үед Г.Одгэрэл охины ээжтэй утсаар холбогдоход “Охиноо дөнгөж сая оллоо, биеийн байдал сайн байгаа. Өөр мэдээлэл өгөхгүй” гэж байсан юм.
Ийнхүү цагдаагийн байгууллагад хүүхэд алга боллоо гэсэн дуудлага сүүлийн үед нэмэгдэх болсон, тиймээс эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдэдээ хийж болох, болохгүй үйлдлийг нь ойлгуулах ёстой гэдгийг холбогдох албаны хүмүүс зөвлөж байна.
Э.Бурам