Хатан хаан хаанаас санхүүждэг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хатан хаан хаанаас санхүүждэг вэ?

Хатан хаан хаанаас санхүүждэг вэ?

Их Британийн хааны гэр бүл тэр тусмаа ханхүү Уиллиам болон түүний гэргий Кэйт Миддлтон, ханхүү Харри нарын орлого урьд урьдны жилүүдээс өссөн байна. Өнгөрсөн 2017 он тэдний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, арвин орлоготой жил байлаа. Хаатны гэр бүлийн орлого, зарлагынх нь талаар нарийн судалгаа хийхэд хэцүү ч өнгөрсөн 2017 он хамгийн их орлого олсон жил байжээ. Ханхүү Чарлесийн санхүүгийн албан ёсны тайланд ханхүү Уиллиам, түүний гэргий Кэйт, ханхүү Харри нарын орлого өнгөрсөн онд 40 хувиар буюу 5 сая фунтаар нэмэгдсэн байна. Гэхдээ хааны удмын данс нэг байдаг тул дан ганц ханхүүгийн хөрөнгө гэхэд хэцүү аж. Харин Корнволлын гүн ханхүү Чарлес, гүнгийн ахайтан Камилла нарын орлого өнгөрсөн жил 10 хувиар нэмэгдсэн байна.

Ханхүү Харри, Меган Маркл нарын хурим энэ оны тавдугаар сарын 19-нд болж өнгөрсөн. Хуримын зардал хэд болсныг олон нийт сонирхож байсан. Хааны гэр бүл болон Их Британийн засгийн газар нарийн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хааны гэр бүлийн санхүүжилт нэмэгдсэн нь  ханхүү Уиллиам хааны удмын эрх мэдлийг хүлээн авч, хариуцлага нь нэмэгдсэнтэй нөгөө талаар ханхүү Чарлес хүүгийнхээ үйл ажиллагаанд илүү их хөрөнгө оруулалт хийдэгтэй холбоотой байж мэдэх юм.

Хааны гэр бүлийн ханхүү Харри, Меган Маркл нарын хуримыг Америкт 29 сая хүн телевизээр хүлээн авч үзжээ.

Хатан хаан, түүний өв залгамжлагч ханхүү Чарлес болон бусад гэр бүлийн гишүүд орлогынхоо дийлэнх буюу 90 хувийг 1337 онд байгуулагдсан Корнволлын хувийн үл хөдлөх хөрөнгөнөөсөө олдог аж. Энэ оны гуравдугаар сар хүртэлх ханхүүгийн санхүүгийн тайланд ханхүү Чарлес, Камилла нар үл хөдлөх хөрөнгөнөөсөө 21.7 сая фунт олжээ. Энэ нь өмнөх жилээс 5 хувиар их гэсэн үг. Мөн хатан хаан хоёрдугаар Элизабетаас санхүүжилт авдаг байна. Өнгөрсөн жилийн байдлаар уг үл хөдлөх хөрөнгөөс ханхүү Чарлесийн гэр бүл 28 сая долларын ашиг олсон байна. Мөн Хатан хааны эрх мэдлийн мөнгөнөөс 1.8 сая, Их Британийн Засгийн газраас 627 мянган долларыг авчээ.

Хатан хаан хоёрдугаар Элизабетийн орлогын гол эх үүсвэр бол түүний эрх мэдэл юм.

Хатан хаан Элизабет нь хааны удмын хүн учраас Их Британийн Засгийн газраас жил бүр тодорхой төсөв олгодог бөгөөд хатан хааны жилийн турш хийсэн аялал, аюулгүй байдал, түүнд үйлчилсэн албатын цалин, хааны ордны цэвэрлэгээний хөлс зэргийг засгийн газраас нь бүрэн даадаг байна. Хатан хаан эрх мэдлийн мөнгөөр нийт 58 сая долларын татвараас чөлөөлөгдсөн байдаг.

Эрх мэдлийн мөнгийг “Титэм үл хөдлөх хөрөнгө” буюу Их Британийн улсын өмчит хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө болон фермээс өгдөг аж.

Орлогын дараагийн гол эх үүсвэр нь Ланкастерийн үл хөдлөх хөрөнгө. Ланкастерийн үл хөдлөх хөрөнгө нь 1265 оноос хойш хааны гэр бүлд өвлөгдөн ирсэн худалдаа, ХАА, орон сууцны үл хөдлөх хөрөнгө юм. Өнгөрсөн оны байдлаар хатан хаан үүнээс 26 сая долларын нэмэлт орлого олжээ. Түүнчлэн хатан хаан эцгээсээ өвлөн авсан Шотландын Балморал ордон, Английн Сандрингхам үл хөдлөх хөрөнгө зэргээс орлогоо олдог байна. Түүний хөрөнгө зөвхөн үл хөдлөх хөрөнгөөр хязгаарлагдахгүй. Хатан хаан үнэт эрдэнийн тамганы цуглуулга, титмүүд, алт эрдэнэс, болон олон олон уран зурагтай. Мөн олон тооны хувьцаа эзэмшдэг байна.

Орлогын дийлэнх нь засгийн газрын санд ордог боловч 25 хувийг хатан хааны гэр бүлд эргүүлээд зарцуулдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж