Залуу насны ааг, их хайр, найрамдлын үрээр бүтээгдсэн их бүтээн байгуулалт бол “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хот юм. Энгэртээ ойн медаль гялалзуулж, нүдэндээ баярын нулимс цийлэгнүүлэх буурлууд бол 40 жилийн тэртээ “Эрдэнэт”-ийг цогцлоохоор эзгүй талд ирж байсан илгээлтийн эзэд, геологчид юм. Тэдний хөлс хүчээр Монгол Улсын ХХ зууны хамгийн том бүтээн байгуулалт “Эрдэнэт” цогцолсон бөгөөд үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний хамгийн хүндтэй зочид байлаа.
Орхон аймагт өчигдөр “Эрдэнэт” үйлдвэр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ болж, өндөрлөлөө. Түүхт 40 жилээрээ “Эрдэнэт” үйлдвэр Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонг хүртсэн бол үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ажилчиддаа тус бүр 3 хүртэлх сая төгрөгийн урамшуулал, тэтгэвэрт гарсан ахмадууддаа нэг сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргасан байлаа.Түүх сөхвөл 1964 онд Монгол, Чехийн хамтарсан экспедиц геологийн судалгааг эхлүүлж, Эрдэнэтийн овооны зэсийн нөөцийг тогтоох ажилд орсон бол дараа нь Монгол, Зөвлөлтийн геологичид хамтран ажиллаж, 580 сая тонн хүдрийн нөөцтэй болохыг тогтоожээ.
1973 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Монголын талаас Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар “Эрдэнэт” үйлдвэрийг барьж, байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь дагуулаад Эрдэнэт хот байгуулагдах үндэс суурийг ч тавьсан байна. Уг хэлэлцээрт Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн “Эрдэнэт” үйлдвэрийг барихтай зэрэгцүүлэн Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто зам, Эрдэнэтийн овоо хүртэлх өндөр хүчдэлийн шугам, соёлын төв, орон сууц зэрэг нийгмийн хэрэгцээ болсон барилга байгууламжийг барихаар зааж, удалгүй ажлыг эхлүүлжээ. Зэрэгцүүлээд мөн “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдээ хойд хөршид сургаж эхэлсэн бөгөөд 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж ашиглалтад ороход анхны үндэсний ажиллах хүчнүүд бэлтгэгдсэн байжээ.
Тухайн үед үйлдвэрийн гол ажлыг ЗХУ-аас ирсэн инженер, мэргэжилтнүүд гүйцэтгэж байсан ч давхар монголчуудад зааж, мөн Монгол Улс аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчнүүдээ төрөл бүрийн мэргэжлээр хойд хөршид сургах зэрэг бодлогыг төр засгаас хэрэгжүүлснээр “Эрдэнэт” үйлдвэрт өнөөдөр ажиллах монголчуудын тоо 96.1 хувийг эзэлж байна. Анх үйлдвэрийн нэгдүгээр ээлж ашиглалтад орсон жилүүдэд нийт ажиллагсдын 72 хувь нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан бол өнөөдөр 3.9 хувь нь гадаад мэргэжилтэн болсон нь аж үйлдвэрийн салбарт “А” ч үгүй байсан монголчуудын хувьд энэ бол том амжилт. Монголчууд Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс суралцсаар эцэстээ үйлдвэрийг бие даан ажиллуулах боломжтой болсон нь энэ. “Эрдэнэт” үйлдвэр ирээдүйд 60 жил ажиллах боломжтой бөгөөд түүх нь 100 жилээр яригдаж байна. Энэ бол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн зөв ашиглаж чадсаныг харуулсан том үзүүлэлт юм.
Өнөөдөр тус үйлдвэр 6500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 2017 онд 650 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 320 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь үйлдвэрийн нэг ажилчин 100 гаруй сая төгрөгийг бүтээж байна гэсэн үг юм гэж “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн ойн баярын үеэр онцолсон юм. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид болон тус үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудаас баярынх нь сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
‘Эрдэнэт’ үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн:
Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 45 жил, 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсноос хойш 40 жилийг тойрчээ. Энэ хугацааны 38.5 жилд Монгол Оросын хамтарсан үйлдвэрийн статустай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд идэр залуу насаа зориулсан ОХУ-ын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо, хичээл зүтгэл их байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орж, анхны баяжмалаа галт тэргэнд ачуулж, үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж байсан нь саяхан мэт санагдавч түүхийн хуудас хэдийнэ 40 жилээр эргэж, Эрдэнэт үйлдвэр ХХК хөгжлийг түүчээлсээр ирлээ. Өнгөрсөн хугацаанд шат дараатай өргөтгөл шинэчлэл хийсний үр дүнд өнөөдөр 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Монгол улсын уул уурхайн салбарт хамтран зүтгэж, эрдэм оюун, ур чадвар, мэдлэг туршлага, эрч хүч, итгэл сэтгэлээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулж яваа Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчид, баялаг бүтээгч нийт ажилтан, ажилчид, ахмад буурлууд, анхдагчдадаа мөн бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмад уурхайчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов:
Би 1975 онд Эрдэнэт хотод ирснээс хойш 40 гаруй жил амьдарч байна. Энэ сайхан уулын буян, “Эрдэнэт” үйлдвэрийн буян их, Монголын ард түмэнд ч их хүртээлтэй, улсын маань хөгжлийн эрдэнэсийн авдар болсон үйлдвэр. Ийм сайхан үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баярладаг. “Эрдэнэт” үйлдвэрийнхээ “Уурхайчин” гэдэг дууны үгийг бичсэн хүн. Ойн баяраа тохиолдуулж, үе, үеийн уурхайчиддаа, эрдэнэтчүүддээ, Монголын ард түмэнд сайн сайхан ерөөлийг өргөе. Аз хийморьтой, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвинтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе.
Ахмад уурхайчин, төрийн шагналт геологич Г.Сандуйжав:
Одоогоос 54 жилийн өмнө онгон зэрлэг байгаль малчдын сайхан нутаг байсан үед Эрдэнэт ууланд ирж ажилласан. Анх Монгол, Чех улсын хамтарсан экспедиц Эрдэнэтийн овоог зэстэй болохыг илрүүлж байлаа. Чехүүд явснаар монголчууд дангаараа ажлаа үргэлжлүүлж 580 гаруй сая тонн хүдэр байна гэж тогтоосон. Дараа нь ЗХУ-ын геологичид монголчуудтай нийлж, Эрдэнэтийн овооны нөөцийг тогтоох ажлыг хийснээр 546 сая тонн хүдэр байна гэж тогтоогоод, ТЭЗҮ хийн, үйлдвэр барих шийдвэр гарч, “Эрдэнэт” үйлдвэр, энэ том хотыг байгуулах ажил эхэлсэн юм. 50 гаруй жилийн өмнөөс эхэлсэн энэ ажил маань улс ардын аж ахуй, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж, одоог хүртэл үргэлжлээд залуучууд маань бидний халааг авч, тэр бүх нөөцийг өсгөх ажлыг үргэлжлүүлээд, цаашдаа үйлдвэр маань олон жил ажиллах, улс ард иргэддээ өгөөжөө өгөх ирээдүй харагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрт ажилласан алдарт уурхайчиддаа 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
“Эрдэнэт үйлдвэр”-ийн машинист Н.Отгонтуяа:
Эрдэнэт үйлдвэрт 13 дахь жилдээ ажиллаж байна. Баяжуулах фабрикт уурын нунтаглах хэсэгт нацоссны машинист ажилтай. Энэ ажлаараа бид бүхэн бахархаж, урам зоригтой ажилладаг. Бид бүхэн 40 жилийн ойгоо хөдөлмөрийн өндөр үр бүтээлтэй угтахаар их ч ажилласан. Үр дүн ч сайн байна. “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажилчид, үйлдвэрт ажиллаж гавьяаныхаа амралтад суусан ахмад буурлууддаа 40 жилийн тэгш ойн баяр хүргэж, сайн сайхныг хүсэж ерөөе.
Машинист Ч.Ганчимэг:
“Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсад залуу үе болон ахмад үеийнхэндээ баярын мэнд хүргэе. Би бол үе дамжсан уурхайчин. Аав маань “Эрдэнэт” үйлдвэрийн фабрикт ажиллаж байсан юм. “Эрдэнэт” үйлдвэртэй ажил, амьдралаа холбоод 19 жил болжээ. Энэ хугацаанд үйлдвэрийнхээ 25, 30, 35, 40 жилийн ойг тэмдэглэсэн. Сайхан байна. Ажлын нөхцөл хүнд ч, үйлдвэрээс ажлын нөхцлийг хөнгөвчлөх, ажлын аюулгүй байдлыг хангахын төлаа маш их анхаарч ажилладаг. Ажилчдынхаа төлөө анхаарал тавьдагт нь үйлдвэрийн удирдлагадаа баярлаж байна.
Г.ХОРОЛ