Япон – Польш
Баатар хот Волгоград хотноо H хэсгийн Япон-Польшийн тоглолт болно. Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаас эрс муу тоглож хэсэгтээ ганц ч хожил авч чадаагүй байгаа Польшийн шигшээ баг нэр төрийн ялалтын төлөө өнөөдөр талбайд гарна. Харин харьцангуй сул бүрэлдэхүүнтэй гэгдэж байсан Азийн төлөөлөл Японы шигшээ баг нэг ялалт, нэг тэнцээтэй хүснэгтийг Сенегалын хамтаар тэргүүлж байна. Өнөөдрийн тоглолтонд Японы шигшээ баг тэнцэхэд л хэсгээс гарах эрхтэй болно. Хоёр баг өмнө нь хоёр удаа учраа таарч тоглоход Японы шигшээ баг хоёуланд нь ялалт байгуулж байжээ.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Япон: Э.Кавашима, Х.Сакай, М.Ёшида, Г.Шожи, Ю.Нагатомо, М.Хасебэ, Г.Шибасаки, Г.Харагучи, Ш.Кагава, Т.Инуй, Ю.Осако
- Польш: Л.Фабьянский, Л.Пищек, К.Глик, Я.Беднарек, Б.Берешиньский, Г.Крыховяк, Я.Гуральский, М.Рыбус, П.Желиньский, Р.Левандовский, К.Гросицкий
Өнөөдрийн тоглолтонд Польшийн шигшээ баг гарааны хаалгачаар Л.Фабьянскийг нэрлэсэн байна. В.Щенсный хэсгийн эхний хоёр тоглолтонд маш хангалтгүй тоглосон. Тэгвэл энэ удаа Л.Фабьянский хаалгаа манаж нэр төрийн хожлын төлөө талбайд гарч магадгүй байна. Мөн төвийн хамгаалагч К.Глик өнөөдрийн тоглолтонд оролцоход бэлэн болоод байна. Ерөнхийдөө Польшийн шигшээ баг хэсгээс гарч чадахгүй нь тодорхой болоод байгаа ч дэлхийн аваргын ялалтын төлөө тоглох нь гарцаагүй юм. Харин Японы шигшээ баг өөрт олдсон боломжоо ашиглаж хасагдах шатанд шалгарч үлдэхийн төлөө тоглоно. Өмнөх тоглолтын үр дүнгүүдээс Японы шигшээ баг ялалт байгуулах боломжтой.
Сенегал – Колумби
Самара хотын “Самара Арена” цэнгэлдэх хүрээлэнд Сенегалын шигшээ багийн эсрэг Колумбын шигшээ баг тоглоно. Хэсгээс хэн нь хасагдах шатанд шалгарахыг шийдсэн уг тоглолт хоёр багт хоёуланд нь маш чухал юм. Сенегалын шигшээ баг нэг хожил, нэг тэнцээтэй хэсгээ Японы хамтаар дөрвөн оноотой тэргүүлж байгаа бол Колумби нэг хожилтой гурван оноотой хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна. Хоёр баг 2014 онд нэг удаа нөхөрсөг тоглолт хийхэд 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Сенегал: К.Н’Диай, Ю.Сабали, К.Кулибали, С.Сане, М.Ваге, Ш.Куяте, П.Н’Диай, И.Гейе, С.Мане, М.Ньянг, И.Сарр
- Колумби: Д.Оспина, С.Ариас, Д.Санчес, Е.Мина, Ж.Мохика, М.Урибе, К.Санчес, Х.Куадрадо, Х.Кинтеро, Х.Родригес, Р.Фалькао
Энэ тоглолтонд Сенегалын шигшээ баг тэнцэхэд л хэсгээс гарах бол Колумби заавал хожиж байж шөвгийн 16-д шалгарна. Колумбын шигшээ багийн хамгаалагч К.Санчес өнөөдрийн тоглолтонд оролцох бүрэн боломжтой болсон. Харин тэдний өрсөлдөгч Сенегалын шигшээ баг бүтэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрийн тоглолтонд бэлэн байна. Сенегалын шигшээ баг бүтэн талбайн гүйлт, хурдаараа энэ удаагийн дэлхийн аваргад ялгарч байгаа. Иймд өнөөдрийн тоглолтонд Колумбын шигшээ багт хүнд тоглолт болно. Магадгүй Сенегалын шигшээ баг ялалт байгуулах боломжтой.
Б.БЯМБАБАЯР