“ТВ Коктейль” хамтлагийн залуус маргааш “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг “Мөнгөний гахай” нэртэй хоёр дахь бие даасан дэлгэцийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Өнөөдөр тэд “Монгол ньюс” мэдээллийн төвд энэ баяртай мэдээгээ сэтгүүлчидтэй хуваалцсан юм. Өнгөрсөн жил өөрсдийн бүтээсэн анхны киногоо өлгийдөн авсан тэд энэ удаад ч инээдмийн шинэ бүтээлээ бие даан туурвижээ.
Кино зохиолыг тус хамтлагийн жүжигчин, найруулагч, зохиолч Д.Энхбаяр бичиж, ерөнхий найруулагчаар ажилласан бол адтай гурав болох Цоомоо, Өөскө, Аюуш нараас гадна топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин С.Баттулга, Г.Алтаншагай нар оролцон тогложээ. “Коктейль”-ийн залуусын шинэ киноны дууг “ A sound” хамтлаг, дуучин Эгшиглэн нар хамтран дуулсан юм байна.
“Мөнгөний гахай” инээдмийн киноны албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш “Өргөө” кино театр 18.00 цагт болно.