Монголд гамшгийн улмаас 600 гаруй хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Монголд гамшгийн улмаас 600 гаруй хүүхэд амиа алджээ

Монголд гамшгийн улмаас 600 гаруй хүүхэд амиа алджээ

Азийн сайд нарын гамшгийн эрсдэлийг бууруулах бага хурал долдугаар сарын 3-6-нд Улаанбаатарт болно.  Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас улбаалан гарч буй гамшгийн давтамж ойртож, үргэлжлэх хугацаа нь уртасч, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа.

Монгол Улсад ч байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох, эд материалын гарз тохиолдох нь нэмэгдэж байна. Тухайлбал, дэлхийн хэмжээнд 2017 онд 66.7 сая хүн гамшигт өртсөн байна. Харин Монголд сүүлийн 12 жилд буюу 2005-2017 онд онцгой байдлын байгууллагын аврагчид осол гамшгаас 15 мянган хүнийг аварсан ч 600 хүүхэд аврагдаж чадалгүй амь алдаж, 250 орчим хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна.Тэдний дийлэнх нь 3-6 насны хүүхэд байжээ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр Тогтвортой хөгжлийг хангах нь” уриан дор зохион байгуулах гэж байна. Хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулахаар бүс нутаг, улс орнуудын хүлээсэн үүрэг, хэрэгжүүлж буй арга хэмжээний дэвшлийг дүгнэх юм. Мөн “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагааг хэлэлцэх тул томоохон үйл явдалд тооцогдож байгаа билээ.   

Сонирхуулахад, Япон Улсын Сендай хотод 2015 онд 187 улсын төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” хэмээх баримт бичгийг баталсан юм. Барим бичигт дараах дөрвөн зүйлийг тусгажээ. Нэгдүгээрт, гамшгийн эрсдэлийг ойлгойх. Хоёрт, гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх. Гуравт, гэмшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах. Дөрөвт, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах сэргээн босгох, нөхөн сэргээх үе шатанд “Сайжруулан барих” үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж