Мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй дөрвөн Их Дуулга тэмцээний нэг болох Уимблидоны 2018 оны тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Уимблидон нь дөрвөн Их Дуулга тэмцээнүүдийн дундаас хамгийн эртнийх нь бөгөөд анх 1877 онд зохиогдож байжээ. Уимблидон нь дэлхийн I болон II дайны үед түр завсарласныг эс тооцвол 141 дэх жилтэйгээ золгож байна. Их Дуулга тэмцээнүүд дундаас ялгагдах онцлог нь зүлгэн гадаргуутай талбайд болдогт оршиж байна.
Их Дуулга тэмцээний 23 дахь удаагийн цомын эзэн, Уимблидоны долоон удаагийн аварга АНУ-ын алдарт теннисчин С.Уилльямс тэмцээний 25-д эрэмблэгдээд байна. С.Уилльямс өнгөрсөн оны Австралийн Их Дуулга тэмцээнээс хойш Их Дуулга тэмцээнд оролцоогүй байгаад энэ оны Францын Их Дуулга тэмцээнд оролцож дөрөвдүгээр шат хүрч байсан. Тэгвэл энэ удаа Уимблидонд өрсөлдөхөөр болж байна. Ямар ч гадаргуутай талбайд сайн тоглож чаддаг С.Уилльямс энэ удаагийн тэмцээний хүчтэй өрсөлдөгч байх нь гарцаагүй юм.
Ташааны бэртлийн улмаас сүүлийн жил гаруй хугацаанд тогтвортой амжилттай тоглож чадаагүй Британи теннисчин Э.Мюррей нутгийнхаа талбайд эргэн ирж байна. Гэхдээ түүний өрсөлдөгч нь нутгийн тамирчин К.Эдмунд байх юм. Э.Мюррейгийн хувьд Их Дуулга тэмцээний гурван цом хүртсний хоёр нь Уимблидоны цом юм.
Уимблидоны эмэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөх 128 теннисчдээс чансааны эхний 32-т багтсан тамирчдид дундаас тус тэмцээний цомыг хүртсэн ердөө дөрвөн теннисчин байна. С.Уилльямс долоон удаа, Чехийн П.Квитова хоёр удаа түрүүлсэн бол М.Шарапова болон Г.Мугуруза нар тус бүр нэг түрүүлээд байна.
Б.БЯМБАБАЯР