ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16 баг өнөө шөнө бүрэн тодорно. Өчигдөр “F” хэсгийн сүүлийн тоглолт болж, Швед, Мексикийн шигшээ баг хэсгээсээ шалгарлаа. Аваргаа хамгаалахаар хойд хөршид ирсэн Германыг Өмнөд Солонгосын шигшээ баг 2:0-оор хожсон нь мексикчүүдэд томоохон боломжийг өгсөн юм. Мексикийн хөгжөөн дэмжигчид өчигдөр шигшээ баг нь шөвгийн 16-д гарахад тусалсан Өмнөд солонгосчуудад талархлаа илэрхийллээ. Гэхдээ тэд Мексикт байдаг Өмнөд Солонгосын элчин сайдын яамны өмнө баяраа тэмдэглэсэн байна. Гэнэтийн ялалт, ялагдлын үр дүнд Герман гэртээ буцаж, Мексик шилдэг 16-д үлдсэн нь энэ дэлхийн аваргын нэг том дуулиан байсан юм.
Тоглолтын өмнө Мексик зургаан оноотой тэргүүлж, Герман, Швед гурван оноотой удаалж байсан. Багууд аль аль нь хожил авах даалгавартай талбайд гарсан ч Швед Мексикийг 3:0-оор хожиж, хэсгээ тэргүүлсэн. Тэгвэл Герман Өмнөд Солонгост хожигдсон нь Мексикийн шигшээ багт боломж гарснаар хасагдах шатанд үлдсэн юм. Герман хожсон бол мексикчүүд гэртээ харих байсан бөгөөд Өмнөд Солонгост ингэж талархахаас аргагүй билээ.
Тоглолтын дараа хөгжөөн дэмжигчид Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны гадна баяраа илэрхийлж, ах дүүс хэмээн магтан дуулжээ.
Ч.ШАРХҮҮ