Урсгал тэнцлийн алдагдал 4,8 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Урсгал тэнцлийн алдагдал 4,8 дахин өсчээ

Монголбанкны Валютын төлбөрийн тэнцэл, статистик судалгааны хэлтсийн захирал С.Болд Монгол Улсын гадаад худалдааны талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг гаргасныг хүргэе.

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн гүйцэтгэлээр урсгал тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.8 дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь мөн хугацаанд валютын төлбөртэй барааны гадаад худалдааны алдагдал 330 сая ам.долларт хүрч 83 дахин, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 520 сая ам.долларт хүрч дөрөв дахин нэмэгдсэнээр голлон тайлбарлагдаж байна. Урсгал тэнцлийн алдагдалд бараа ба үйлчилгээний гадаад худалдааны алдагдлын эзлэх хувь хэмжээ өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 65 хувьтай тэнцэж байсан бол энэ оны эхний хагас жилд 85 хувьтай тэнцэх болжээ.

Хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг энэ оны эхний хагас жилд 1.3 тэрбум ам.доллар болж урсгал тэнцлийн алдагдлыг бүрэн санхүүжүүлснээр, манай улсын нийт төлбөрийн тэнцэл тайлант хугацаанд 220 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 75 хувиар сайжирсан үзүүлэлт боллоо. Хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 6.6 дахин нэмэгдэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн 1.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 дахин өссөн нь голлон нөлөөлөв.

Оны эхний долоон сарын байдлаар экспортын орлого 2.3 тэрбум ам.долларт хүрч 52 хувиар, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч 106 хувиар тус тус өсөөд байна. Нийт гадаад худалдааны эргэлт 80 гаруй хувиар өслөө. Экспортын орлогын 73 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр гэсэн гурван түүхий эд, бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа бол импортын 52 хувийг нефтийн бүтээгдэхүүн, хүнд машин механизм, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл гэсэн гурван бүлэг бүтээгдэхүүн эзэлж байна. Эдийн засагт чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаатай уялдан ирээдүйн эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтууд хийгдэж, тэдгээрийн зарим хэсэг нь импортыг санхүүжүүлж байна. Гэхдээ дотоодын эрэлт өсч байгаагаас шалтгаалж хэрэглээний шинжтэй импорт өсөн нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Монгол Улсын эдийн засагт орж, гарч байгаа гадаад валютын нийт эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өсөөд байна. Гэвч төгрөгийн ам.доллартай харьцах ханш маш тогтвортой байгаа бөгөөд оны эхнээс ердөө нэг хувиар чангарсан үзүүлэлттэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж