МАН-ын “тамын тогоо”

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

МАН-ын “тамын тогоо”

МАН-ын “тамын тогоо”

Тамын тогооны монгол драм МАН-ын тайзан дээр дэглэгдэж, ээлжит жүжгийн эхний үзэгдэл тавигдаж байгаа бололтой. Энэ жүжиг эрх баригч МАН-ыг тархинаас нь идэж, тартагт нь тултал доройтуулж ч магадгүй шинжтэй. Эл жүжгийн зохиол тун энгийн. Лидерээ лойдорууд нь эхлээд даган хуйларчихаад, эцэст нь дагуулж тонгордог тэр л маягаар эхэлж байх шиг. Эртнээс ийм л байсан, эдүгээ ч тэр л жишгээ давтаж байна. Энэ намд Намбарын Энхбаярыг эгээ л ‘Загалмайлсан эцэг’ мэт шүтэгдэж байх үед түүнийг ‘Number one’ гэж хөөрөгдөж байсан ‘цөөврүүд’ нь л хамгийн түрүүнд урваж, зураг хөргийг нь дэвсэлж байлаа.

Ийм тавилан М.Энхболдыг ч тойроогүй. Сонгуулийн штабыг нь удирдалцаж, шоу уулзалтыг нь хөтөлж, хамтдаа хөрөг татуулж, цугтаа бараа болж байсан хүмүүс өнөөдөр түүнийг улайран эсэргүүцэж огцор хэмээн орилж байгаа. У.Хүрэлсүхийг ч бас ийм л тавилан хүлээж буй. ‘Засгаа авч залуураа атга’ хэмээж байсан сүр Данзангууд түрүүчээсээ түүнээс нүүр буруулж эхэлсэн. ‘Туг минь болооч’ гэж хошгоруулж хашгируулж асан тугалган цэргүүдийнх нь тар танигдаж, МАН-ын ‘тамын тогоо’ улам улайсах нь тэр. Томчуудын дунд яс хаях нь тойрон хүрээлэгчдийн ганц чаддаг ажил нь. Үүнийгээ ч тэд сүүлийн үед улам дадамгай, улам гарамгай гүйцэтгэх болов.

 ‘У.Хүрэлсүх С.Бямбацогтыг дуудаж уулзаад УИХ-ын даргын суудлыг өгье, намаа цэвэрлэхэд тусла эсвэл чамайг дэвшүүлэхгүй гэсэн 2 сонголтыг тулгасан’ гэх худал цуурхалаар энэ жүжгийн зохиол эхлэв. Бүр түүнийгээ болсон явдал мэтээр гүжирдэн зохион байгуулалттайгаар түгээж эхлэв. Д.Гантулгыгаа ‘гандаашны хэрэг’-ээр явуулсан МАН-ын УИХ дахь бүлэг 32:32 болж хүч тэнцсэн. Хүч тэнцсэн гэж байгаа ч яг бодит байдал дээрээ бол У.Хүрэлсүхийг дэмжигсэдийн хүрээ хумигдаж эхэлсэн тухай ‘бор шувуу’ ордон дотроос нисч байгаа.  Яг энэ үед МАН доторх хар пиарчид олон нийтэд У.Хүрэлсүх С.Бямбацогтод УИХ-ын дарга болооч гэсэн санал тавьжээ гэсэн захиалгат мэдээ тараав. УИХ-д гурав сонгогдсон тулхтай гишүүн рүү, дандаа эв ярьж цав гагнаж ирсэн зөв бодолтой улс төрч рүү ингэж тэд ‘хөвөнд боосон чулуу’ шидэв. Энэ зохион байгуулалттай сайтар дэглэсэн жүжигт сохроор итгэн хорсогсод С.Бямбацогт руу савраа нуусан муур шиг гэтэж байна. Ингээсэй ч гэж мөнөөх жүжгийн зохиолчид хүлээж байсан нь лавтай.

2016 оны сонгуулийн дараа намынхан нь С.Бямбацогтыг Ж.Эрдэнэбатын хамт Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд тэр нэрээ татаж байсан. Дараа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар унахад бас л түүнийг дараагийн Ерөнхий сайд гэж харж хүлээгсэд бишгүй олон байсан. Намын даргад У.Хүрэлсүхтэй өрсөлдөнө гэж түүнийг олон нийт ярьж байсан ч тэр бас л татгалзсан. Тэр улс орны язгуур эрх ашиг, намын эв нэгдлээ эн тэргүүнд тавьж байсан болохоос хэзээ ч эрх мэдэлд шунасан удаагүй. Гашуун үнэн гэвэл тэр аль нэг фракц, ямар нэг бүлэглэлийн гишүүн байгаагүйгээс болж хүрч болох байсан өндөрлөгтөө хүрч чадаагүй. Өнөөдөр ч бас тийм чанараасаа болж хоёр толгойтой могой шиг болсон МАН-д хоорондоо толхилцох хэрүүлийнх нь бай болж буй нь энэ  бололтой.  У.Хүрэлсүх С.Бямбацогтыг УИХ-ын дарга бол гэсэн санал ерөөсөө ч тавиагүй гэдгийг баттай эх сурвалж баталж байна. Тийм байтал ийм яриа яагаад дэгдээх болсон нь сонин.  Түүнийг хүчтэй байгаад, барьцаалагдах, бас эрхэнд нь орох ямар ч барьц өгөхгүй байгаад шатаж үхтлээ дургүйцэх хүн олон буй нь мэдээж. Тэр тусмаа МАН-ын ‘Тамын тогоо’ тийм хүмүүсээр буцалж байгаа нь ойлгомжтой.

Нэгэн цагт зүү орох зайгүй нөхөрлөж явсан М.Энхболд У.Хүрэлсүх хоёрын дажин яаж төгсөхийг таашгүй. Үүгээр далимдуулж энэ намд эвийг холбосон эцсийн гагнаас болсон С.Бямбацогтыг улс төрийн тавцангаас зайлуулах адын хүсэл хэсэг бүлэг хүмүүст байгааг дээрх ор үндэсгүй худал зохиол баталж орхилоо. Лидерээ намнадаг МАН-ын хараал ард түмэнд л лав сайн зүйл авчрахгүй. МАН үүнийг мартавч мань үүнийг мартахгүй гэдэг үг л үүнд хамгийн ихээр зохино. ‘Хөвөнд боосон чулуу’ үнэнд яаж гүйцэгдэхийг л хүлээе дээ. Хорчингууд энэ зохиолоо цааш хэрхэн үргэлжлүүлж, яаж төгсгөхөөр зорьж буй нь нэг их удахгүй ил болох биз ээ.          

                 Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж