Тайвань-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Тайвань-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

Тайвань-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна

Монгол улсын П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг энэ сарын 26-ны өдөр “NTUH-HOPE-2018” Тайвань-Монголын олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн нээлтийг арга хэмжээг зохион байгуулав. Нээлтийн арга хэмжээний үеэр энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж буй Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлгийн багийг халуун дотноор хүлээн авсан төдийгүй талууд энэ онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дэд захирал С.Наранцэцэг хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбар нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй онцгой салбар юм. Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэг олон жилийн турш Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд гүнээ талархаж байна” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн үгэндээ “Тайванийн эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээний чанар дэлхий нийтэд аль хэдийнээ танигдаж чадсан билээ. Тайвань-Монгол хоёр орны эмнэлгүүд улам бүр ойр нягт харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буйг харж байгаадаа туйлын баяртай байна. Энэ удаагийн багийг ахлан ирсэн Тайванийн Үндэсний их сургуулийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю хэлсэн үгэндээ “Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Бид энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилахуйн мэргэжилтнүүдийг Тайваньд мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамруулахаас гадна жил бүр хамтран ажилладаг эмнэлгийн тавьсан санал хүсэлтийн дагуу албан байран дээрх сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэ онд зүрх судасны өвчний чиглэлээр сургалт явуулж байна” хэмээн онцлов.

Тэрээр мөн хэлсэн үгэндээ “Бидний хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр маш үр дүнтэй хэрэгжиж байна. Ирэх онд бид хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойгоо угтах болно” хэмээв.

Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэг нь “Тайвань-Монголын Олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Клиникийн 1-р эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг зургаан эмнэлэгтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд энэ удаагийн нээлтийн арга хэмжээний үеэр эдгээр эмнэлгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцон, энэхүү хамтарсан хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн явдалд талархал илэрхийлсэн болно. 

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж