“Орос-2018” хөлбөмбөгийн XXI дэх удаагийн ДАШТ-ний хамгийн том сенсаци нь дэлхийн дөрвөн удаагийн аварга, Оросод аваргаа хамгаалах зорилготой “ногт ганзгалан” ирсэн Германы шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багт хожигдсон явдал байлаа. Германы шигшээ баг F хэсгийн сүүлийн тоглолтоо Өмнөд Солонгосын эсрэг хийсэн бөгөөд заавал хожиж байж дараагийн шатанд шалгарах байсан. Гэвч Германчууд Солонгосын шигшээ багт хоёр гоол алдаж тэмцээнийг өндөрлүүллээ. Ингэхдээ тэд бүр хэсгийн “хомоол” хамж гоолын зөрүүгээр хүснэгтийн сүүлд бичигдсэн.
Германы шигшээ баг ийнхүү дэлхийн аваргын хэсгээс гарч чадаагүй нь 1998 оноос хойш дэлхийн аваргын алтан медаль хүртсэн Европын багууд дараагийн дэлхийн аваргад хэсгээс гарч чаддаггүй гэсэн үзүүлэлт үнэн болж байх шиг. 1998 онд Франц түрүүлсэн ч 2002 онд, 2006 онд Итали түрүүлсэн ч 2010 онд, 2010 онд Испани түрүүлсэн ч 2014 онд, 2014 онд Герман түрүүлсэн ч 2018 онд хэсгээсээ гарч чадсангүй.
Мөн Германы шигшээ баг ДАШТ-нд оролцсон 19 удаагийн тэмцээндээ 80 жилийн дараа нэгдүгээр шатыг давж чадаагүй гэсэн сөрөг үр дүнг үзүүллээ. ДАШТ эхлээд 1930, 1934, 1938 онуудад шууд хасагдах журмаар зохиогдож байгаад 1950 оноос хэсэгт хуваагддаг болсон. Германы шигшээ баг 1930 оны дэлхийн аваргад оролцоогүй бол 1934 онд хүрэл медаль хүртэж байсан. Харин 1938 онд шууд хасагдах журмаар тоглосон сүүлийн дэлхийн аваргад нэгдүгээр шатнаас шууд тэмцээнийг орхиж байсан. Тэгвэл Германы шигшээ баг 80 жилийн дараа тэмцээний эхний даваа буюу хэсгийн шатнаас хасагдаж байна.
Магадгүй энэ ялагдал бол Германы шигшээ багийн дасгалжуулагч 23 тоглогчоос зарим нь буруу сонголт байсан гэдгийг харуулах шиг боллоо. Өнгөрсөн улирал форм сайтай байсан Л.Сане болон Боруссиа Дортмунд клубын М.Гёце нарыг гэрт нь үлдээсэн. Мөн Ж.Брандтыг түлхүү ашиглаж, тоглолт нь сайн болохгүй байсан М.Өзил, С.Хедира болон Ж.Дракслер нарыг зоригтойгоор суулгах ёстой байсан болов уу. Германы шигшээ баг тоглолтын эхний хагаст санаа өөрсдийн тоглолтоо олчих байх гэсэн боловч харин ч эсрэгээрээ өөрсдийн хийж чаддаг ажлаа хийж чадсангүй. Тэдний эсрэг Солонгосчууд сайн хамгаалж, дэлхийн аваргуудад том саад болж чадлаа. Дэлхийн аваргын өмнө шигшээ багтайгаа гэрээгээ сунгаад байсан Й.Лёвт маш том бүдрэлт болж байна. Ерөнхийдөө Солонгос “портер”-оор Герман “бенз”-ийг тоосондоо булж орхилоо.
Б.БЯМБАБАЯР