Хүүхдийн төлөө хүрэл зүрх ч хайлах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төлөө хүрэл зүрх ч хайлах ёстой

Хүүхдийн төлөө хүрэл зүрх ч хайлах ёстой

Зургадугаар сарын байдаг л нэг орой. Утсаа маажин суутал нэгэн аймшигт мэдээ сошиалд түгсэн нь тоглохоор гарсан хүү тогонд цохиулаад амиа алдсан тухай. Үүнээс нэг хоногийн дараа 10 настай охин золгүйгээр амиа алдсан мэдээлэл дахин хэвлэлээр цацагдав. Энэ гунигт мэдээнд эмзэглэж суусан монголчууд өнөөдөр тэднийг мартаж, хөлбөмбөгөөр амьсгалж байна. Ингээд хэсэгхэн шуугиж байгаа мартчихдаг, ийм болохоор Монголд хариуцлага, ёс зүй төлөвшдөггүй.

Улс төр Оюутолгой, Тавантолгойгоор халуурч, У.Хүрэлсүх том бодлогоо УИХ-ын хаврын чуулганы хаалтаас өмнө батлуулахаар яаравчилж суух зуур ар араасаа зүрх зүссэн мэдээ цацагдсаар. Хариуцлагагүй энэ нийгмийн золиос болсон, хайртай аав, ээждээ үүрд ирэхгүйгээр одсон хүүхдүүд хэд хүрснийг чухам бурхан л мэдэх байх даа.

….Эхэр татан уйлах эхнэрээ аргадах аав. Хэзээ ч ирэхгүй хэнз үрийнхээ төлөө гашуудан шаналах эцэг эх. Энэ дүр зургийг харсан хэний ч өр өвдөхгүй байхын аргагүй. Хэзээ ч тэдний гашуун зовлон эдгэрч, элэг дэвтээх энхрий үр нь эргэж амьдрахгүй. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг зовлон хэмээвч, хэрэвзээ хариуцлагатай, ёс суртахуунтай, өр нимгэн нийгэм байсан бол өчигдөр тийм гунигт үйл явдал тохиохгүй байв. Өнгөрсөн 27 жил бүтээсэн бидний хүнлэг, энэрэнгүй, иргэний нийгмийн нүцгэн үнэн энэ. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгчээр дээрээ ч, доороо ч, хаана хаанаа бид эрхээ л эдэлсэн болохоос үүрэг хариуцлагаа хүлээж, үүрч явсангүй. Үүний үр дагавар нь золгүй явдлын харамсалтай мэдээнүүд.

Эмийн сангийн төмөр хаалтад цахилгаан цэнэг үүссэнийг ажилтан нь мэдэж байжээ. Хэрэв тэр амиа бодоод дуугүй явалгүй асуудлыг тэр дор нь шийдсэн бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байв. Энэ бол түүний иргэний үүрэг байсан. Адаглаад хаалга тогтой, хаалтад хүрч болохгүй гэсэн анхааруулга хадчихсан бол нэг хүүхдийн амийг аврах байлаа, тэр.

Чухамдаа энэ бүгд Монголын өнөөгийн нийгмийн, монголчуудын гэм биш зангийн ердөө л бодит байдал. Миний асуудал биш бол надад хамаагүй гэж боддог амиа хичээсэн зан, асуудлыг хараагүй юм шиг өнгөрдөг хандлага маань эргээд энэ нийгмийн эрсдэл болжээ. Ийм учраас л энэ бүхэнтэй эвлэрч суулгүй, иргэний үүргээ биелүүлэхээс эхлээд амьд явах эрхийнхээ төлөө Монголын төртэй, Засгийн газартай заамдалцмаар байна.

Учир нь, У.Хүрэлсүх нэгэнтээ “Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна” гэж хэлсэн. Түүний үгний цуурай тасраагүй байхад зургадугаар сар гарсаар лавтайяа тав, зургаан хүүхэд усанд живж, төмөр хаалганд даруулан, тогонд цохиулан золгүйгээр амиа алджээ. Тэд бүгд тоглож байсан. Гэвч, гэмт хэрэгтэнд хүртэл гишгэх газар үлдээдэг энэрэнгүй нийгэм байтал яагаад Монголын хүүхдүүд тоглож болохгүй болчихов. Яагаад гэвэл төр нь төр шиг, иргэн нь эрх шиг байж чадаагүй эрх үүргээ хольж хутгаж ирсний үр дагавар, үйлийн үр. Эмийн санч эсвэл сургуулийн захирлыг халснаар энэ асуудал эцэслэгдэхгүй.

Зүй нь хүнлэг энэрэнгүй, хүний төлөө нийгэмд амьдарч байсан бол Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ бүгдээс, ээж ааваас нь уучлалт гуйх ёстой байв. Гэвч тэр завгүй байна. Түүнд хүүхдийн аминаас илүү нүүрсний наймаа л чухал байна. Амь амьдрал, ашиг сонирхлын аль нэгдүгээрт вэ гэж үү. Монголд улсын ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхол үргэлж нэгд бичигддэг. Үүний өр төлөөсөнд үр хүүхэд маань золиослогдож байна.

УИХ-аас хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгчээ. Чухам энэ мөнгөөр хүүхдийн хөгжил хамгааллын төлөө юу хийж, юу бүтээснийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс асуух эрхтэй, иргэд бид.

 …“Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна”. Энэ бол 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын индэр дээрээс хэлсэн үг.

Яг түүн шиг би ч бас үр хүүхэд маань тоглох эрхгүй нийгэмд амьдарч байгаадаа гутарч байна. Би ч бас “Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ” гэж танаас асуумаар байна. Би ч бас үр хүүхдийнхээ амьд явах эрхийг нэхэж шаардмаар байна. Яагаад гэвэл та өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга. Яг тан шиг би заамдалцмаар байна. Хуульгүй мэт аашилж ирсэн намуудтай, таны толгойлж байгаа Засгийн газартай, үр хүүхдээ хаясан Монголын төртэй. Учир нь би ээж хүн.

Хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн уй гунигийг бодохоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн таны хүрэл зүрх ч хайлах ёстой.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж