Томас Мюллер: Урам хугарч байна

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Томас Мюллер: Урам хугарч байна

Томас Мюллер: Урам хугарч байна

ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ 1938 ОНООС ХОЙШ АНХ УДАА ХАСАГДАХ ШАТАНД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ

Хөлбөмбөгийн хамгийн том баяр болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д амжилттай үргэлжилж байна. Бүтэн сарын турш явагдах тэмцээн талдаа орлоо. Өчигдөр “F” хэсгийн сүүлийн тоглолтууд болж, Швед, Мексик хасагдах шатанд шалгарч Герман, БНСУ-ын шигшээ баг гэртээ харихаар болсон.

Хэсгийн сүүлийн тоглолтод БНСУ-ыг заавал хожих даалгавартай талбайд гарсан Германы шигшээ баг 2:0-оор хожигдож, хэсгийн сүүл мушгилаа. Эхний тоглолтод Мексикт 1:0-оор хожигдсон “Герман машинууд” гараагаа тааруухан эхлүүлсэн ч цааш сайн тоглолтыг үзүүлнэ гэж олон нийт харж байлаа. Гэтэл энэ байдлыг батлах гэсэн зүйл өнгөрсөн шөнө болж эсрэг багтаа илт судлагдсан Германы шигшээ баг хэсгээсээ гарах нь байтугай хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ.

Германы шигшээ баг 1938 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарч чадсангүй. Энэ хугацаанд “Алтан цом”-ыг дөрвөн удаа хүртэж, мөн дөрвөн удаа мөнгөн медаль, гурван удаа хүрэл медаль хүртжээ. Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт үндсэн 90 минутад гоолгүй өндөрлөсөн ч шүүгчийн өгсөн зургаан минутад солонгосчууд хоёр гоол оруулсан нь гайхалтай эргэлт байсан юм. Ким Ён Гван, Сун Хин Мин гоолын эздээс гадна Жу Хён Ү хаалгачын ур чадварыг ч гайхан биширч байна. Германы дасгалжуулагч Йоахим Лёв гурав дахь удаагаа шигшээ багаа удирдан оролцсон ч хамгийн тааруу амжилтаа Орост харууллаа.

ТОМАС МЮЛЛЕР: УРАМ ҮНЭХЭЭР ХУГАРЧ БАЙНА, ДЭЛХИЙН АВАРГАД ИРСЭН БАГ ХЭЗЭЭ Ч СУЛ БАЙДАГГҮЙ

2014 онд Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д Германы шигшээ баг хэсгээсээ торолгүй гарч Алжир, Франц, Бразил, Аргентинийг хожин “Алтан цом”-ыг дөрөв дэх удаагаа хүртсэн. Орост ирэхийн тулд Германы шигшээ баг Европын бүсээс “С” хэсгийг 10 тоглолтод 10 хожилтойгоор илт тасархай тэргүүлж эрхээ авсан юм. Урьдчилсан шатны тоглолтод ганц ч оноо алдаагүй “герман машинууд” боломжит 30 онооноос бүгдийг нь авсан. Мөн өрсөлдөгчдийнхөө эсрэг хамгийн олон буюу 43 гоолыг оруулсан бол хаалгандаа ердөө дөрвөн гоол алдсан гэсэн өндөр үзүүлэлттэй байсан. Тиймээс аваргаа хамгаалахаар Орост ирсэн тэднийг хэсгээсээ торолгүй гарч цаашлаад финалд хүрнэ гэдэг таамаглал хэдийн гарсан. Мөн Германы шигшээ багийг түрүүлнэ гэсэн бооцоог олон мянган иргэн тавьсанд маргах аргагүй нэг таамаглал билээ. 

Казань хотод болсон тоглолтын дараа Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер сэтгүүлчдэд өгсөн хэвлэлийн хуралд сэтгэгдлээ илэрхийлжээ. “Миний урам үнэхээр хугарч байна. Шведийг хожсоны дараа бидэнд бүх зүйл байна гэж бодож байсан. Бид хэсгийн сүүлд бичигдсэн нь сүйрэл мэт байна. Дэлхийн аваргад ирсэн баг хэзээ ч сул байдаггүй. Өрсөлдөгч биднийг үнэхээр сайн судалсан байна.” гэж хэлжээ.

Мөн Германы хожигдлын талаар олон хүн сэтгэгдлээ үлдээжээ. Зарим иргэд “Хөлбөмбөгийг 22 хүн тоглодог. Германы өмнөх ялалт түүх болон үлдлээ” хэмээн бичсээр байна. Мөн БНСУ-ын залуусыг ч өрсөлдөгчийг хэрхэн судалж, яаж хожил байгуулж чаддагийг харууллаа хэмээн талархлын үгс цуварсаар байна.

Ч.БОЛОР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж