Авлигачин гэдэг үгэнд цензур тогтооё

Хуучирсан мэдээ: 2018.06.28-нд нийтлэгдсэн

Авлигачин гэдэг үгэнд цензур тогтооё

Авлигачин гэдэг үгэнд цензур тогтооё

Монголд авлигачин ч алга. Авлигатай тэмцээд байгаа хүн ч алга. Яагаад гэвэл танигдахаа больтол нь давтаад, даяаршуулаад хаячихлаа. Ойрын өдрүүдэд авлигачин гэдэг нэр, эсвэл “мэргэшил”-ээр хэн дуртайгаа гүтгэж, түүнд нь хэн ч цочихооргүй болов. Бараг дөнгөж төрсөн хүүхдэдээ тийм нэр өгсөн ч гайхахааргүй болтол ингэж хавтгайруулах нь нийгмийг авлига гэдэг гэмт хэргээс ангижруулах, цэвэрлэх биш дасгаж дөжрүүлэх авлигатай тэмцэх тэмцлийг саармагжуулах сөрөг үр нөлөөтэй байж мэдэх юм.

УИХ-ын чуулганы танхимд ХЗДХ-ийн сайд нь шүүгчдийг авлигачин, луйварчин хэмээн баримтгүйгээр гүтгэж, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан хэвлэлийн бага хурлаар АТГ-ын даргыг “авлигачдыг хамгаалж сул цалин авч байна” гэж зарлав. Хүн гэдэг бодгаль эхлээд ХҮН гэдэг нэрэндээ дуртай. Эцэг эхээс хайрласан алдар нэрэндээ, улмаар өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ овоглох, цоллуулах дуртай байдаг. “Авлигачин” гэдэг бол авлигын хэрэг нь нотлогдоод, ял авсан хүнд зохино уу гэхээс биш хэнд ч хамаагүй наагаад явдаг шошго биш билээ.

Жишээ нь Г.Баасан даргад “авлигачин” гэж хэлүүлээд байгаа хүмүүс “Баасан авгай” гэхэд нь гомддоггүй, гомдлоо ч ямар нэг байдлаар илэрхийлдэггүй түүнээс тэс өөр цохилт авч байгааг тэрбээр хуульч хүний хувьд гадарлах биз ээ. Гэхдээ Г.Баасан даргын хэлээд байгаа шүүмжлэлийн агуулгад үнэний ор байвал дэмжиж болно. Түүнийг өчигдөр “Үйлдэл дээрээ баригдсан этгээдийг суллаад явуулчихсан нь буруу”, “Цаана чинь 60 тэрбумын хэрэг хил даваад дэлхий нийтэд Монголыг шившиглэлээ” гэхчлэн ярьсан бол дэмжих байлаа. Гэтэл

“АТГ-т бүхэлдээ авлигачид сууж байна. Бид өнөөдөр 30 саяын бэлэг авсан хүнийг 576 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаж байгаа шүүгчийг, 200 мянган төгрөгийн хахууль авсан цагдаад 1.6 жилийн ял өгсөн шүүгчийг хуулийн байгууллагаас зайлуулъя гэж хөдөлгөөн өрнүүлэхийг зорьж байна” гэлээ. АТГ-ын ажилтан, албан хаагчдыг авлигачин гэж нотлох ёстой. Тухайн шүүгчид уг шийдвэрийг гаргасныхаа төлөө авлига авсаныг нотлохгүйгээр яаж хуулийн байгууллагаас зайлуулах вэ. Ийм хөдөлгөөн өрнүүлэх ямар эрх зүйн үндэслэл байна вэ гэх зэргийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан бодолцож байж дуугарах ёстой байлаа. Түүнийг Олон нийтийн зөвлөлийн даргаар үүрд байлгах учиргүй, АТГ-ыг гутаан доромжлоод ир гэж сонгоогүй.

Нөгөөтэйгүүр, ХЗДХ-ийн сайд шүүгчдийг авлигачин гэх, зарим шинэ хуульчдын мэдлэг, чадварт эргэлзэх боллоо гэсэн мэдэгдэл хийх зэргээр хариуцлагагүй үг хэлсэнд зөвхөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ц.Нямдорж гишүүний тодорхойлсноор “49 хувийг шилжүүлж худалдах асуудлыг оруулсан” гэх Д.Эрдэнэбат гишүүн төдийгүй олон хүн харамсч байгаа нь лав. Нийтэд үнэлэгдсэн нөлөө бүхий улстөрч нөлөөгөө мэдрээд нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг нь мэдсээр байж хариуцлагагүй үг унагаж байхад санамсаргүй гэх аргагүй.

Цаашид авлига гэдэг үгийг авсан, өгсөн нь батлагдсан тохиолдолд хэлэхгүй бол үнэ цэнээ алдах, өс хонзонгийн хэрэгсэл болох хандлагатай боллоо. Эмнэлэг, цэцэрлэг гээд иргэдийн зүгээс төрийн үйлчилгээг хамгийн ихээр хүртдэг онцлогтой байгууллагад одоо баглаа цэцэг тэвэрч очоод дараа нь авлигачин гэх ч энүүхэнд болох нь. Тиймээс авлига, өглөг хоёроо ялгаж салгаж сэтгэлийн бэлэг итгэлийг эвдэж мэдэх цаг ирснийг мэдэрч авлига гэдэг үгийг цензуртай хэрэглэхэд ч хүрч мэдэхээр байна. Ямартай ч авлига гэдэг үгийг амнаасаа унагахын өмнө тархиндаа нэг цэнэхэд гэмгүй гэдгийг энэ үгээр зэвсэглэгчдэд сануулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж