ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр 14 дэх өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнгөрсөн шөнө ‘E’, ‘F’ хэсгийн сүүлийн тоглолтууд болж, цааш өрсөлдөх дөрвөн баг тодорсон. Тоглолтын мэдээллээс хүргэе.
‘А’ хэсгээс Уругвай, ОХУ, ‘В’ хэсгээс Испани, Португал, ‘С’ хэсгээс Франц, Дани, ‘D’ хэсгээс Хорват, Аргентины шигшээ багууд шалгараад байсан. Тэгвэл өчигдөр “F” хэсгээс Швед, Мексик, “E” хэсгээс Бразил, Швейцарь хэсгээсээ шалгарч цааш өрсөлдөх эрхтэй боллоо.
ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ БНСУ-Д ХОЖИГДОЖ, ГЭРТЭЭ ХАРИХААР БОЛЛОО
МЕКСИК –ШВЕД 0:3
- Гоол: Л.Августинссон 50’, Гранквист 60’, Э.Алварез 74’
БНСУ-ГЕРМАН 2:0
- Ким Ён Гван 90+3′, Сун Хин Мин 90+6′
Швед, Мекискийн шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт Екатеринбург хотод боллоо. Талбайд заавал хожих даалгавартай гарсан Шведийн шигшээ баг 3:0-оор хожиж, хасагдах шатанд үлдсэн юм.
Мексикийн шигшээ баг Герман, БНСУ-ын шигшээ багуудыг буулган авч 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байсан бөгөөд тэдэнд тэнцэхэд л шууд хэсгээ тэргүүлэх боломж байсан. Харин Шведийн шигшээ баг 1 хожил, 1 хожигдолтойгоор Германы хамт 3 оноотой бичигдэж байв.
Тоглолтын эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 50 дахь минутад Шведийн хамгаалагч Л.Августинссон эхний гоолыг оруулсан бол үүнээс ердөө 12 минутын дараа А.Гранквист хоёр дахь гоолыг хийж, шведчүүд 2:0-оор тэргүүлж эхэлсэн. Улмаар Мексикийн залуу тоглогч Э.Алварез өөрийн хаалгандаа авто гоол хийж, тоглолт 3:0-оор Шведийн ялалтаар өндөрлөлөө.
Шведийн шигшээ баг Мексикийн хожсоноор хэсгээ тэргүүлж, Мексик хоёроор шалгарав.
Тэгвэл энэ тоглолттой зэрэгцэн Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт боллоо. Орост аваргаа хамгаалах ирсэн Германы шигшээ баг энэ удаа тааруу амжилтыг үзүүлж, шөвгийн 16-д үлдэж чадсангүй. Азийн төлөөлөл БНСУ-ын баг нэмэлт цагт хоёр гоол оруулж, “Герман машинууд”-ыг буулган авлаа.
Германы шигшээ багийн 1958 оноос хойш шөвгийн наймд шалгарч байсан амжилт нь ийнхүү тасалдлаа. Аваргаа хамгаалахаар Орост ирсэн “герман машинууд”-ыг ийм эрт гэртээ харина гэж хэн ч таамаглаагүй. Хэсгийн эхний тоглолтод Мексикт 1:0-оор хожигдож, Шведийг 2:1-ээр хожсон ч заавал хожих даалгавартай байсан.
Хоёр баг өмнө нь гурван удаа таарч тоглоход германчууд 2 хожиж байсан бол Өмнөд Солонгосын шигшээ баг 2004 онд нөхөрсөг тоглолтод ялалт байгуулж байжээ.
F хэсгээс хоёроор шалгарсан Мексик Бразилтай долдугаар сарын 2-д тоглох бол Швед-Швейцарийн тоглолт долдугаар сарын 3-д болох хуваарьтай байна.
БРАЗИЛ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ, ШВЕЙЦАРЬ УДААЛАВ
СЕРБ – БРАЗИЛ 0:2
ШВЕЙЦАРЬ-КОСТА-РИКА 2:2
Орост ирсэн том багуудаас Бразилын шигшээ баг боломжийн амжилтыг үзүүлээд байсан.
‘E’ хэсэгт Бразил, Швейцарь 4 оноотой байсан бол Серб 3 оноотой. Энэ хэсгээс Коста-Рика хоёр хожигдолтой болсноор хасагдах хэсгээсээ шалгарах боломжгүй болоод байлаа.
Дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн цорын ганц баг бол Бразил улс. Гэхдээ энэ удаа хэсгээсээ гарах эсэх нь сүүлийн тоглолтоос шалтгаалах байв. Хэрвээ Бразил Сербид хожигдвол, Швейцарь Коста-Рикагаас тэнцээний нэг оноог салгаж чадвал бразилчууд цааш тоглох боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байсан юм. Гэвч энэ удаа бразилчууд тийм амархан бууж өгсөнгүй.
Бразил, Сербийн тоглолт Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тоглолтын 36 дахь минутад Бразилын хагас хамгаалагч Пауло эхний гоолыг оруулж, бразилчууд 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Улмаар төвийн хамгаалагч Силва эсрэг багийн хаалганд хоёр дахь гоолыг оруулж, 2:0-оор Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.
Хэсгээ 7 оноогоор тэргүүлсэн Бразилын шигшээ баг Мексиктэй долдугаар сарын 2-д тоглохоор боллоо.
Энэ тоглолттой зэрэгцэн Швейцарь, Коста-Рикагийн тоглолт Доод Новгород хотод боллоо. Цааш шалгарах магадлал өндөр байна Швейцарь тэнцээний нэг оноо авснаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа. Тоглолт 2:2-оор Швейцарийн ялалтаар өндөрлөж, энэ дэлхийн аваргын ээлжит багууд тодорсон.
Ч.БОЛОР