Сүүлийн үед томчуудын буруутай үйлдлээс болж тоглож явсан хүүхдүүд эндсэн харамсалтай хэрэг гарсаар байна. Тэд ердөө л тоглохыг хүссэн. Хөл бөмбөг өшиглөж, усанд сэлж, дугуй унаж, найзуудтайгаа хөөцөлдөж тоглохыг хүссэн. Гэвч тэд дахиж хэзээ ч гэртээ ирэлгүй уй гашуу дагуулан одсон. Өдөр алгасалгүй шахам хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тухай аймшигт мэдээ хэвлэлээр гарсаар. Бид үүнд яагаад дасчихаа вэ. Энэ удаад бид эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэх зорилгоор аюул дагуулсан тоглоомын талбайг сурвалжилсан юм.
Баянзүрх дүүргийн 14-р хороо “Түмэн наст” хотхоны тоглоомын талбайг зорив. Өдрийн халуунд хажуугаар хүүхдүүд усаар тоглон жаргалтай гэгч нь гүйлдэнэ. Гэвч хэдхэн метрийн цаана орон сууцны хорооллын барилгын ажил өрнөж байлаа. Уг барилгатай зэрэгцээд тоглоомын талбай харагдав. Ердөө барилгын доод талд савлуур, гулсуур байх бөгөөд барилгын орчимд төмөр хяхтнах чимээ сонсогдож байлаа. Хамгийн гайхмаар нь тус хотхон цорын ганц тоглоомын талбайтай. Харин талбайг харсан хэн бүхэнд хэзээ мөдгүй дээрээс төмөр унаад ирэх вий гэсэн айдас төрөхөөр байв.
Хүүхдээ гадаа тоглуулахаас айж байна
Тус байрны оршин суугч Г.Ганчимэг “Манай энэ хавиар машинууд зөндөө их байна. Хүүхдүүд ч гадаа их тоглодог. Манай хотхонд гэхэд ямар ч тоглоомын талбай байхгүй. Байгаа ганц талбай нь харсаар байтал ийм болчихлоо шүү дээ. Хүүхдүүд гүйлдэж байхад хаанаас ч хамаагүй машин гараад ирж байгаа юм. Би хүүхдээ гадаа тоглуулахаас үнэхээр айж байна. Гадаа гаргасан ч дагаад гардаг боллоо. Саяхан тэр тоглоомын талбай руу нэг хүүхэд дүүгээ дагуулаад орж явна лээ. Би битгий тэнд тогло гээд анхааруулаад явуулсан. Энэ тоглоомын талбайн аюулгүй байдлыг СӨХ-ийн хүмүүс хангах ёстой. Гэтэл өнөөг хүртэл дорвитой хийсэн ажилгүй сууж байна. Тэр барилгыг гүйцэтгэж байгаа хүмүүс нь ядаж аюулгүй ажиллагааг хангачхаж болно биз дээ. Гэтэл ямар ч хүнээ бодсон зүйл алга. Ийм аюултай орчинд хүүхэд эндэхийг үгүйсгэхгүй шүү дээ” гэлээ.
Хариуцах газрууд нь шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй
Энэ залууг Д.Мөнхбаяр гэдэг. Биднийг очиход тэрээр хоёр хүүхдээ тоглуулж байв. “Энэ хавьд байгаа ганц тоглоомын талбай нь энэ. Өөр талбай байхгүй учраас хүүхдээ гадаа тоглоход нь хамт гарч ирчхээд сууж байна. Энэ талбай бол үнэхээр аюултай. Гадуур хүүхэдтэй холбоотой олон сэтгэл өвтгөмөөр хэрэг гарсаар байгаа. Тиймээс аль болох хүүхдээ хараа хяналтдаа тоглуулахыг хичээж байна. Эндхийг хариуцах газрууд нь шалгалт хийгээд ирж аюулгүй байдлыг хангах хэрэгтэй” гэв.
Иргэдийн мэдээлснээр тоглоомын талбайн аюулгүй байдлыг СӨХ ханган, хариуцах ажээ. Тиймээс тус хотхоны СӨХ-ны дарга Б.Ганзаяатай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Бид нар эсэргүүцэн шаардлага тавьсан
-СӨХ-өөс тоглоомын талбайн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байна вэ?
-Манай СӨХ-ийн зүгээс шат шатны хариуцсан байгууллагад хоёр удаа албан бичиг хүргүүлсэн. Тэр барилгын суурь нь эхэлж байхад бид нар эсэргүүцэн шаардлага тавьсан. Барилгын компанийн зүгээс хоёр давхар цутгасны дараа аюулгүй байдлын хаалт, хамгаалалт хийнэ гэж байсан. Дээрээс нь дулааны шугам тавихын тулд танай газрыг ухна гэсэн. Бид одоог хүртэл ухуулахгүй байх талаас нь арга хэмжээ аваад явж байна. Хамгийн сүүлд мэргэжлийн хяналтаас ирж шалгалт хийгээд тоглоомын талбайд яаралтай хамгаалалт барь гээд явсан гэсэн. Гэтэл бодит байдал дээр нүд хуурсан юм хийчихсэн байгаа биз.
-Тоглоомын талбайд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж хаалгыг нь хаах гэх мэт арга хэмжээ авч болохгүй хэрэг үү?
-Бид нар хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд харуулын пост гаргачихсан байгаа. Харуул хамгаалалтаараа л аюулгүй байдлаа хангаад сууж байна. Нийслэлийн Газрын албаны хүмүүстэй өчигдөрхөн уулзаж иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс манай газартай танилцаж энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Ямар нэг хариу өгөөгүй байна.
-Нийтийн эзэмшлийн талбайд тодорхой нэг стандарт байдаг шүү дээ. Гэтэл энэ тоглоомын талбайд эрүүл, аюулгүй орчныг бий болгох стандарт харагдсангүй. Үүнд тайлбар өгөөч?
-Барилгын гүйцэтгэгч “Бэрэн” компанитай хариуцлага тооцох алхам хийгдээд явж байгаа. Энэ барилгыг анх барихдаа барилгын тухай хуульд заасан ногоон талбай, явган зам, зэргийг стандартын дагуу хийж гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл оршин суугчдын мөнгөөр өөрсдийнхөө хийж гүйцэтгэх байсан бүх зардлаа төлүүлсэн. Эргээд оршин суугчдын тав тухыг хангах үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс оршин суугчдын эрх ашгийг хамгаалах гээд бүтэн жилийн турш хөөцөлдөж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан мэдээж стандартыг нь шалгах байх. Бид энэ асуудлыг эсэргүүцэн шат шатны байгууллагад өргөдөл өгсөн. Тиймээс мэргэжлийн байгууллагууд зохих дүгнэлтээ гаргаж манай газартай ирж танилцана гэж найдаж байна.
Э.Ариун