Гудамжны талхчин Туркийн ерөнхийлөгч болсон замнал

Хуучирсан мэдээ: 2018.06.27-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гудамжны талхчин Туркийн ерөнхийлөгч болсон замнал

Гудамжны талхчин Туркийн ерөнхийлөгч болсон замнал

News агентлаг энэ удаагийн ‘Хүмүүс’ буландаа Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Таийп Эрдагоныг онцолж байна. 


Режеп Таййп Эрдоган нь 1954 оны хоёрдугаар сарын 26-нд Туркийн Истанбулын Касимпаса хотод төрсөн одоо 64 настай. Түүнийг төрөхөөс өмнө гэр бүл нь Гүржийн Батумид цагаачлан амьдардаг байсан аж. Ингээд Эрдоганыг дөрвөн нас хүрэхэд түүний гэр бүл илүү сайхан амьдрал мөрөөдөн Истанбулд ирсэн аж. Тэрбээр 2003 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа ‘Би Гүрж гаралтай’ гэж хэлж байсан удаатай. Түүнийгээ сүүлд залруулан ‘Хүмүүс намайг Гүрж гэж ярьдаг. Би өмнө нь ерөөсөө ч өөрийгөө Гүрж гаралтай  гэж хэлж байгаагүй. Харин хүмүүс намайг Армен гаралтай гэж андуурдаг. Гэхдээ би цэвэр Турк хүн’ гэжээ.

Эрдоган багын л хөдөлгөөнтэй, сэргэлэн юм юманд гүйж явдаг хүүхэд байсан гэдэг. Ядуу зүдүү амьдралыг туулсан тэрбээр өсвөр настай байхдаа гудамжинд лемонтой ундаа, талх зарж мөнгө олдог байсан гэнэ. Эрдоган Истанбулын Мармарын их сургуулийг менежментийн чиглэлээр дүүргэхээс өмнө лалын шашны сургууль төгсжээ. Их сургуульд суралцаж байхдаа мэргэжлийн хөл бөмбөгөөр хичээллэж байв.

1994 онд Истанбул хотын даргаар сонгогдож 1998 он хүртэл ажилласан. 1998 онд засгийн газарт илтгэл тавих үеэрээ шашны холбогдолтой шүлэг уншсанаас болж дөрвөн сар шоронд хоригдож байжээ.

2001 онд Шударга ёс, Хөгжлийн нам (AKP)-ыг байгуулж, жилийн дараа 2002 онд бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайдаар сонгогдсон. Түүнээс хойш 11 жилийн турш ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2014 онд Туркийн 12 дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Зураг. Эхнэр Эминь Эрдоганы хамт 

2018 оны зургадугаар сарын 24-нд ерөнхийлөгч, парламентын ээлжит бус сонгууль болж тэрбээр 53 хувийн саналаар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг үргэлжлүүлэхээр болсон юм. Энэ удаагийн сонгуулиар Эрдоган 2023 он хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалд үлдэх бөгөөд шинэ үндсэн хуулиар бол гурав дахь удаагаа улиран сонгогдох боломжтой гэж заасан учраас 2028 он хүртэл ерөнхийлөгчийн байр сууринд үлдэх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Ингэж үзвэл тэрбээр нийт 16 жил төр барина гэж таамаглаж байгаа юм. Ататуркаас хойших Туркийн хамгийн их эрх мэдэлтэй хүн болж засгийн бүх эрх мэдлийг авч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Өдгөө 61 настай ерөнхийлөгч Туркийг лалын консерватив улс болгохыг санаархсан, хэт туйлширсан бодлого барьдаг, тэрс үзэлтнүүдэд өршөөлгүй хандсан гэх шүүмжлэлээс тойрч чадаагүй билээ. Түүний байгуулсан Шударга ёс ба Хөгжлийн нам (AKP) засгийн эрхэнд гарахаас өмнө шашны туйлшралаас нь болж Туркийн цэргийн эрхтнүүд Таийп Эрдоганыг улс төрд ороход нь дөрвөн удаа хориг тавьж байжээ. Харин 2013 онд Эргенеконы хэрэг буюу Шударга ёс ба Хөгжлийн намыг тараахаар үгсэн хуйвалдсан хэргээр армийн өндөр албан тушаалтай 17 хүнийг бүх насаар нь хорих ял өгснөөр Эрдоган саад болж байсан цэргийн эрхтнүүдээс ангижирсан юм. Үүнтэй төстэй “Лантуу ажиллагаа” гэх хэргээр 2011 онд 200 гаруй цэргийн, тэнгисийн цэргийн болон нисэх хүчний албан хаагч, сэтгүүлч, шашингүй үзэлт улстөрчдийг шорон руу илгээсэн билээ. Режеп Таийп Эрдоганыг сөрөг хүчний улстөрчдийг замаасаа зайлуулахын тулд шүүх тогтолцоог ашигласан гэж буруутгаж байв.

Зураг.Ач нартайгаа 

Эрдоганы улс төрийн амжилт нь Туркийн эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм. Турк улс аж үйлдвэр, экспортын гол төв болон хөгжиж байна. Инфляци 100 хувьд хүрч байсан 90-ээд оныг бодвол Туркийн засгийн газар инфляцыг хяналтдаа барьж байна. 2014 онд Туркийн эдийн засаг суларч, эдийн засгийн өсөлт 2.9 болтол буурч, ажилгүйдлийн түвшин 10 хувь болж байсан ч 2017 онд эдийн засгийн өсөлт 7.4 хувьд хүрсэн байна. Хятад, Энэтхэгтэй харьцуулахад Туркийн эдийн засаг өнгөрсөн жил хурдацтай өссөн үзүүлэлттэй гарсан юм.

Зураг.Том охин Эзра Албаярак нөхрийн хамт

Тэрбээр хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдүүд нь бүгд насанд хүрсэн ажил амьдралаа авч яваа залуус байдаг. Түүний эхнэрийг Эминь Эрдoган гэдэг. Түүний хүүхдүүд болох Биллал Эрдоган нь бизнесмэн, Сумей Эрдоган аавыгаа даган улс төрийн карьер хөөсөн. Сумей Эрдоган, Эзра Албаярак Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллагын гишүүн юм. Том хүү Ахмет Бурак Эрдоган нь хувийн бизнес эрхэлдэг аж. Эрдоганыг орчин үеийн Султан хаан шиг авирлан 1000 өрөөтэй, тансаг харшид амьдардаг, дарангуйлагч гэж буруутгах хүмүүс цөөнгүй. Анкара хотын захад, толгодын орой дээр барьсан Эрдоганы тансаг ордонг сөрөг хүчнийхэн нь авторитари сонирхлын сонгодог жишээ гэдэг билээ. АНУ-ын Цагаан ордон, ОХУ-ын Кремлийн ордноос ч хавьгүй том, 1000 өрөө бүхий Ак Сарай буюу Цагаан ордны анхны үнэ 615 сая ам.доллар ажээ. Мөн түүнийг хүүхдүүдээ улс төрд оруулж дараагийн үеэр бэлдэж байна гэж шүүмжлэх нь ч бий.

Зураг. Дунд хүү Биллал Эрдоган, бага охин Сумей Эрдоган,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж