Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разакийг мөнгө угаах, авлигын хэрэгтэй холбогдуулан шалгах явцад хураан авсан эд хөрөнгийн хэмжээ 273 сая ам.доллараар (600 гаруй тэрбум төгрөг) үнэлэгджээ. Энэ нь түүнийг Малайз төдийгүй Азийн хамгийн баян авлигач болгож байна. Малайзын хууль хяналтынхан Нажиб Разакийн гэрээс 12 мянган ширхэг үнэт эдлэл, 567 ширхэг брэндийн гар цүнх, 423 ширхэг бугуйн цаг, 234 нүдний шил зэргийг хураан авсан аж. Үнэт эдлэлийг нэг бүрчлэн бүртгэж үзвэл, 2200 ширхэг бөгж, 1400 ширхэг хүзүүний зүүлт, 2800 хос ээмэг, 2100 бугуйвч, 1600 энгэрийн тэмдэг, 14 ширхэг титэм байна. Хураан авсан эд зүйлсийн дотроос хамгийн үнэтэй нь 1,6 сая ам.долларын алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт, 869 мянган ам.долларын үнэтэй “Rolex Daytona” бугуйн цаг байна. Түүнчлэн “Hermes Birkins” брэндийн цөөн тоогоор үйлдвэрлэсэн 272 ширхэг гар цүнх байгаа нь хар зах дээр худалдвал 12,7 сая ам.доллар хүрэх гэнэ. Байцаалтын явцад Нажиб Разак болон түүний эхнэр эдгээр үнэ бүхий зүйлсийн заримыг нь хүмүүсийн өгсөн бэлэг гэж мэдүүлжээ. Цагдаагийн мэдээллийн дараа ард иргэд тэргүүн хатагтайн ховдог шунахайг шогширч байна. Цагдаа нар Нажибын гэр, орон сууц, Куала Лумпур дахь тансаг зэрэглэлийн эдлэн зэрэгт нэгжлэг хийжээ.
Нажиб Разак нь төрийн өмчийн 1MDB хөрөнгө оруулалтын санг байгуулан түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Малайзын авлигатай тэмцэх газрынхан Нажиб Разак болон түүний эхнэрт хилийн хорио тавьж, мөрдөн шалгаж буй юм. Нажиб Разак 1MDB хөрөнгө оруулалтын санг 2009 онд байгуулсан юм. Түүнээс хойш 2014 оныг хүртэлх хугацаанд 4,5 тэрбум ам.долларыг тус сангаар дамжуулан мөнгө угаасан байна. Тус сангаас Нажиб Разакийн данс руу мөнгө шилжүүлсэн нь илэрснээр түүний мөнгө угаах хэргийн сэжүүр эхэлжээ. Малайзын одоогийн ерөнхий сайд Махатир Мухамад тус сангийн үйл ажиллагааг шалгах мөрдлөгийг дахин эхлүүлж, өмнө нь Нажиб Разакийн үед нуун дарагдуулж байсан баримтуудыг олж авахаар ажиллаж байна.
Малайзын төрийн эрхийг тасралтгүй 61 жил барьсан BN эвсэл өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, сөрөг хүчин төрийн эрхэнд гарснаар экс ерөнхий сайд Нажиб Разакийг сэжигтнээр татан мөрдөн шалгаж эхэлсэн юм. Мөнгө угаасан дуулианаас үүдэн Нажиб Разакийн рейтинг ихээр унасан төдийгүй Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав сонгуулийн өмнө видео мэдэгдэл хийсэн нь санал хураалтын дүнд нөлөөлжээ. Тэрбээр “Малайзын ард иргэдээ, сонголтоо хийхдээ миний охин Алтантуяаг санаарай. Хэрэв та бүхэн буруу сонголт хийвэл охины минь аллага шиг шударга бустай нүүр тулна” хэмээн тус улсын далбааг барин видео бичлэг хийсэн юм. Ш.Алтантуяа нь 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт амь үрэгдсэн юм. Түүний хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. Улмаар түүний нууц амраг Абдул Багинда гэгч нь экс ерөнхий сайд Нажиб Разактай ойр дотны холбоотой хүн юм. Өдгөө Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг дахин нээхээр албаны хүмүүс ажиллаж эхэлжээ. Ийнхүү Малайз улс Их Британиас тусгаар тогтносноос хойш анх удаа сөрөг хүчин засгийн эрхийг барьж байна. Малайзын авлигатай тэмцэх газраас тун удахгүй Нажиб Разакт ял тулгахаа мэдэгджээ.