ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжлэн явагдана.
Одоогоор ‘А’ хэсгээс Уругвай, ОХУ, ‘В’ хэсгээс Испани, Португал, ‘С’ хэсгээс Франц, Дани, ‘D’ хэсгээс Хорват, Аргентины шигшээ багууд шөвгийн 16-д шалгараад байна.
Өнөө шөнө ‘E’, ‘F’ хэсгийн дөрвөн тоглолт болох бөгөөд тоглолтын өмнөх мэдээллийг хүргэе.
Мексик -Швед
F хэсгийн Швед болон Мекискийн шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт Екатеринбург хотоо 22.00 цагаас болно. Мексикийн шигшээ баг F хэсэгт Герман, БНСУ-ын шигшээ багуудыг буулган авч 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа. Харин Шведийн шигшээ баг 1 хожил, 1 хожигдолтойгоор Германы хамт 3 оноотой бичигдэж байна. Мексикийн шигшээ баг энэ тоглолтоос тэнцэхэд л хэсгээс гарах бол Шведийн шигшээ баг заавал хожих даалгавартай талбайд гарна. Хоёр баг өмнө нь 9 удаа таарч тоглоход Шведийн шигшээ баг 4 удаа ялалт байгуулж байсан бол Мексикийн шигшээ баг 2 хожиж 3 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Ерөнхийдөө Шведийн шигшээ баг хожлын давуу талтай байна.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн
- Мексик: Г.Очоа, У.Айяла, К.Сальседо, Э.Морено, Ж.Гальярдо, Э.Эррера, А.Гуардадо, М.Лайюн, К.Вела, И.Лозано, Х.Эрнандес
- Швед: Р.Ольсен, М.Лустиг, А.Гранквист, В.Линделёф, Л.Аугустинссон, В.Свенссон, А.Экдаль, С.Ларссон, Э.Форсберг, М.Берг, У.Тойвонен
Мексикийн шигшээ баг хэдийгээр хэсгээ тэргүүлж байгаа боловч Шведийн эсрэг үндсэн гараагаа гаргаж байна. Энэ бол хожигдолгүй хэсгээ тэргүүлхийн төлөө гарч нөгөө талаар наанадаж тэнцээ авахгүй бол хэсгээс гарч чадахгүй ч байж болох талтай. Гэхдээ олон гоол алдаж хэсгээс мултарна гэж бодохгүй байна. Хоёр баг одоогоор бэртэл гэмтэлгүйгээр сүүлийн тоглолтондоо оролцох гэж байна. Шведийн шигшээ баг хэсгээс гарна гэж үзвэл заавал ялалт байгуулах ёстой.
Өмнөд Солонгос-Герман
Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд F хэсгийн Өмнөд Солонгос болон Германы шигшээ багуудын тоглолт 22.00 цагт явагдана. Германы шигшээ баг хэсэгтээ Мексикийн шигшээ багт хожигдож, Шведийг буулган авснаар 3 оноотой байгаа бол тэдний өрсөлдөгч Өмнөд Солонгосын шигшээ баг ганц ч хожилгүй хэсгийн сүүл мушгиж байна. Энэ удаа хоёр баг 4 дахь удаагаа тоглох гэж байна. Өмнө нь 3 удаа таарч тоглоход Германчууд 2 хожиж байсан бол Өмнөд Солонгосын шигшээ баг 2004 онд нөхөрсөг тоглолтонд ялалт байгуулж байсан.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Өмнөд Солонгос: Чо Хён У, Ли Ён, Ким Ён-Вон, Жан Хён Су, Хон Чул, Хван Хи Чан, Ко Жа Чёл, Чон У Ён, Ли Сын У, Ли Жэй Сун, Сон Хын Мин
- Герман: М.Нойер, Ж.Киммих, М.Хуммельс, Н.Зюле, Й.Эктор, И.Гюндоган, Т.Кроос, Т.Вернер, М.Ройс, Т.Мюллер, М.Гомез
Германы шигшээ багаас төвийн хамгаалагч Ж.Боатенг улаан картны улмаас тоглолтонд оролоцхгүй бол С.Руди бага зэрэг бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжиж байна. Ямартаа ч Германы шигшээ багийн дасгалжуулагч С.Хедирагийн оронд И.Гюндоганд илүү боломжийг олгож байна. Мөн энэ тоглолт Германы шигшээ багт маш чухал, өөрөөр хэлбэл зөвхөн хожил авахын төлөө талбайд гарах нь тодорхой. Иймд Т.Вернерээс илүүтэй хашир туршлагатай М.Гомез үзүүрийн довтлогчоор гарах магадлалтай байна. Харин тэдний өрсөлдөгч Өмнөд Солонгосын шигшээ багаас ахлагч Ки Сон-Юн болон Пак Жо Хо нар бэртлийн улмаас оролцохгүй. Энэ тоглолтын ялагч тал нь Германы шигшээ баг байх болов уу?
Серби-Бразил
Өнөө шөнө 02.00 цагаас Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд Е хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт болно. Бразил 1 хожил, 1 тэнцэж 4 оноотой гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж байгаа ч Сербийн шигшээ баг 1 хожил, 1 хожигдолтойгоор 3 оноотой хүснэгтийн 3-рт бичигдэж байна. Хоёр багийн хожсон нь дараагийн шатанд шалгарна. Хоёр баг 2014 оны зун нөхөрсөг тоглолтоор анх удаагаа уулзахад Бразилын шигшээ баг 1-0 харьцаатай ялалт байгуулж байсан. Тэгвэл дэлхийн аваргад тэд 2 дахь удаагаа таарч байгаа нь энэ ажээ.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Серби: В.Стойкович, Б.Иванович, А.Рукавина, Д.Тошич, А.Коларов, Н.Матич, Л.Миливоевич, С.Милинкович-Савич, Д.Тадич, Ф.Костич, А.Митрович
- Бразил: А.Бекер, Фагнер, Миранда, Т.Силва, Марсело, Каземиро, Паулиньо, Ф.Коунтиньо, Виллиан, Г.Жесүс, Неймар
Тите хасагдах шатанд шалгарах гэвэл заавал Сербийн шигшээ багийг буулгаж авах шаардлагатай. Иймээс Тите болон түүний шавь нарт өнөөдрийн тоглолт маш чухал юм. Өнөөдөр жигүүрт Данило гарахгүй бол Д.Кошта нар бэртлийн улмаас хэсгийн сүүлийн тоглолтонд оролцож чадахгүй. Харин Сербийн шигшээ баг өнөөдрийн тоглолтонд бэлэн. Гэхдээ гарааны хэд хэдэн тоглогчид 1 шар хуудастай байгаа бөгөөд энэ нь Сербийн шигшээ багт багагүй асуудал болж магадгүй. Гэхдээ хасагдах шатанд шалгарч үлдэх гэвэл хуудас асуудал болохгүй л болов уу? Бразилын шилдэг довтолгоог Сербийн туршлагатай ахмад хамгаалагчид хэрхэн зогсоох нь өнөөдрийн тоглолтын хувь заяаг шийднэ. Хожил аль аль багт нь ус агаар шиг чухал байгаа ч өнөөдрийн ялагч нь Бразилын шигшээ баг, тэр дундаа Ф.Коунтиньо болон Неймар нар асуудлыг шийдэх болов уу?
Швейцар-Коста-Рика
Швейцарын шигшээ баг Бразилын шигшээ багтай тэнцэж, Сербийг хожиж хүснэгтийг Бразилын хамтаар 4 оноотой тэргүүлж байгаа. Одоо шийдвэрлэх хэсгийн сүүлийн тоглолтоо Коста-Рикагийн эсрэг өнөө шөнө 02.00 цагаас Доод Новгород хотноо тоглоно. Коста-Рикагийн шигшээ баг 4 жилийн өмөн Итали, Уругвай, Английн шигшээ багуудыг ардаа орхиж хэсгээ тэргүүлж байсан бол энэ жил ганц ч хожил авч чадаагүйн дээр өрсөлдөгчдийнхөө хаалганд ч гоол оруулж чадаагүй байна. Нэр төрийн хожлын төлөө өнөөдөр талбайд гарна. Швейцраын шигшээ баг Коста-Рикагийн шигшээ багтай 2 удаа тоглож байсан бөгөөд харилцан 1-1 ялалт авсан байдаг.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
- Швейцар: Я.Зоммер, Ш.Лихтштайнер, Ф.Шер, М.Аканжи, Р.Родригес, В.Бехрами, Г.Жака, Ж.Шакири, Б.Жемайли, С.Цубер, М.Гавранович
- Коста-Рика: К.Навас, Ж.Акоста, Ж.Гонсалес, О.Дуарте, Б.Овьедо, К.Гамбо, К.Борхес, Д.Гузман, Б.Руис, К.Балоньос, М.Уренья
Швейцарын шигшээ багийн Г.Жака болон Ж.Шакири нар Сербийн эсрэг тоглолтонд спортын бус буюу улс төрийн өнгө аястай үйлдэл хийсэн гэсэн шалтгаанаар шийтгэл хүлээж магадгүй байсан ч мөнгөн торгууль хүлээсэн. Ямартаа ч хоёр тоглогч өнөөдрийн тоглолтонд оролцох боломжтой байгаа. Швейцар Коста-Рикагийн өмнө Б.Эмболо эсвэл М.Гавранович нарын аль нэгийг гаргаж магадгүй байгаа ч А.Митровичийг гараанд бичсэн байна. Өнөөдрийн тоглолтонд Швейцарын шигшээ багт харьцангуй дарамт багатай. Гэхдээ хожлын төлөө талбайд гарна.
Б.БЯМБАБАЯР