Нэг сэдэв, найман эх сурвалж: Хуурамч шатахуун | News.MN

Нэг сэдэв, найман эх сурвалж: Хуурамч шатахуун

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Нэг сэдэв, найман эх сурвалж: Хуурамч шатахуун

Нэг сэдэв, найман эх сурвалж: Хуурамч шатахуун

Монгол улс дизель түлш, шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2017 онд 410.86 мянган тонн автобензинийг 243,747.77 мянган ам.доллараар, 2016 онд 385.3 мянган тонныг 192,934.2 мянган ам.доллараар импортлон авчээ.

Монгол улсын бүхий л иргэн, аж ахуйн нэгжийн хувьд шатахууны үнийн зардал төсвийнх нь чамгүй хувийг эзэлдэг. Гэтэл хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг химийн бодистой холин дизель түлш, бензинтэй ойролцоо чанарын шатахуун гарган авч, жинхэнэ шатахууны үнээр зарж байгаа тухай мэдээлэл энэ хавраас нийгэмд тараад байна. Анхны мэдээлэл цацагдсанаас хойш зөвхөн Мэргэжлийн хяналтын газар няцаасан мэдэгдэл хийж, бусад холбогдох байгууллага, ялангуяа Ашигт малтмалын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Өнгөрсөн оны Техникийн хяналтын үзлэгийн нэгдсэн мэдээллээр улс даяар 536,399 авто машин тоологджээ. Энэ нь хуурамч шатахууны асуудал 536,399 машины эзэмшигчдэд хамаатай гэсэн үг.

Энэ асуудлын мөрөөр бид холбогдох найман эх сурвалжтай уулзаж байдлыг тодрууллаа. Харамсалтай нь хуурамч шатахуун худалдаалж буйг нотлох баримт олдоогүй ч “ул үндэсгүй цуу үг гэж байдаггүй” гэдгийг зарим эх сурвалж өгүүллээ.

Импортоор орж ирж байгаа нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх газар бараг байхгүй байхад хэрэглээд дууссан байдаг, сүүлийн жилүүдэд чанар муутай шатахуун хэрэглэснээс хамаарсан байх өндөр магадлалтай бензин насосны эвдрэлтэй машин авто засварын газруудад олон ирэх болсон, машины насжилт богиносч байгааг засварчид нотолж байгаа, Мэргэжлийн хяналтын албаныхны зөрүүтэй тайлбар зэрэг нь хуурамч шатахууны асуудал бодитой гэсэн таамагт хөтөлж байна.

Машины эвдрэл, гэмтлийн шалтгааныг илрүүлсэн судалгаа огт байдаггүйг засварчид хэлсэн бөгөөд боломжтой бол шинэ машин худалдан авахыг л зөвлөжээ. Харин шинэ машин авах хөрөнгийн боломжтой хүн олон байгаа юу гэсэн асуулт гарна. Өнгөрсөн жилийн Техникийн хяналтын үзлэгийн нэгдсэн дүнгээр 0-3 жилийн настай машин ердөө 9981 ширхэг тоологджээ.


8 ЭХ СУРВАЛЖ ХЭН БЭ?

  1. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр
  2. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав
  3. “Трафигура” гуравдугаар сард нээлттэй өдөрлөг хийжээ
  4. Машин засварын газрууд
  5. Гаалийн ерөнхий газар
  6. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд
  7. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар /ХЭХГ/-ын дарга Ц.Лхагвасүрэн
  8. Speak out

ЭХ СУРВАЛЖ 1

“Хуурамч шатахууны зарга хуулийн байгууллагад очоод гацсан”

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэртэй ярилцлаа.


-Монголын зах зээлд хуурамч шатахуун нийлүүлэгдэж байна гэдэг мэдээллийг анх та бүхэн олон нийтэд цацсан. Үнэхээр баттай юу?

-Анх манай холбоонд иргэд “хуурамч шатахуун борлуулагдаж байна” гэдэг мэдээлэл өгч, бид судалж эхэлсэн юм. 2012 онд байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар 22 нэр төрлийн нефтийн туслах бүтээгдэхүүнийг татваргүй импортлох шийдвэрийг гаргасан байдаг. Монгол улсад өнөөдөр керосин, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг нефтийн туслах бүтээгдэхүүн хэдэн зуун тонноор орж ирж байна. 1960-аад оны үед керосиныг трактор асаахад ашигладаг байсан бол нафтаг дэнлүү барихад хэрэглэдэг байсан. Одоо ХХI зуун, Монгол улс дэнлүү барихгүй нь тодорхой. Нефтийн туслах бүтээгдэхүүн хаашаа явж байна вэ гэдгийг судлаад явлаа. Гаалийн ерөнхий газраас ч мэдээлэл авсан. Эцэст нь импортоор оруулж ирсэн нефтийн туслах бүтээгдэхүүнийг хооронд нь найруулж, дизель түлш /ДТ/, автобензин рүү дөхүүлсэн бүтээгдэхүүн хийгээд түүнийгээ борлуулдаг компани байгааг олж мэдсэн.

Ийм туслах бүтээгдэхүүнийг нефть импортлогчид ч оруулж ирдэг төдийгүй хуурамч ДТ, автобензиныг борлуулахад оролцож байна.

Чанар стандартын шаардлага хангахгүй хольж найруулсан бүтээгдэхүүнийг авто машинд хийхээр эвдрэл гэмтэл их гарна. Яагаад гэвэл оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хооронд нь нийлүүлээд миксерддэг учраас маш өндөр шаталттай, ууршилт ихтэй.  Авто машины мотор маш цэвэрхэн байх ёстой. Тэр дотор тос, агаар, бензин эсвэл ДТ орж шатаад, уур, утаа болоод гарах ёстой. Гэтэл нефтийн туслах бүтээгдэхүүнээр хийсэн ДТ юм уу, автобензин хэрэглэхээр моторт тортог ихээр үүсдэг. Үүнээс болж, мотор доголдоно, очлуураа хаяхаа болино. Бензин насос эвдэрнэ.

-Хуурамч шатахуун хийдэг компанийн нэрийг тодруулаач, нефть импортлогчид бас оролцдог гэлээ. Энэ яг юу болоод байна вэ?

-“Трафигура” гэж орос эзэнтэй компани нефтийн туслах бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж, хуурамч шатахуун, автобензин хийдэг. Мөн 14 компани нефтийн туслах бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг байсныг бид Гаалийн мэдээнд үндэслэн баталгаажуулж авсан.  Улсын хэмжээнд нефть импортлогч 87 компани бий, түүнээс 14 нь энэхүү туслах бүтээгдэхүүнийг 2015, 2016, 2017 онд тус бүр оруулж ирсэн байдаг.

-14 компанийг нэрлэх боломж байна уу. Нефть импортлогчдын Оросоос импортолдог нефтийн бүтээгдэхүүний хэмжээ буурсан байгаа даа?

-Энэ тухай мэдээлэх боломжгүй. Удахгүй Уул уурхайн яам, Газрын тосны газар зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг хуурамч бүтээгдэхүүнийг шалгасан дүгнэлтээ  ил болгоно. Бид мөн 2018 оны тавдугаар сарын 21-нд нефть импортлогч компаниудад хандан “Танай компани нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хилээр оруулж ирсэн тоо баримт бүхий мэдээлэл манай төрийн бус байгууллагад байгаа. Хил гаалиар оруулж ирсэн нефтийн нэмэлт бүтээгдэхүүний тоо хэмжээ, хэрхэн борлуулагдсан, зарим нэг компанийн нэрдэг шатахууныг авдаг эсэх талаарх мэдээллээ гаргаж өгнө үү” гэсэн бичгийг хүргүүлсэн. Одоогоор нэг нь ч хариу өгөөгүй байна. Тэгэхдээ нефть импортлогчдоос зарим нэг нь өвлийн түлшээ шингэрүүлэх зорилгоор нефтийн туслах бүтээгдэхүүнийг оруулж ирдэг гэдэг тайлбар хийдэг. Гэхдээ л түүнийг хольж болохгүй. Яагаад гэвэл Монгол улсад мөрдөгддөг стандартаар хориглочихсон.

--Нефтийн туслах бүтээгдэхүүнийг хооронд нь найруулсан ДТ, авто бензин нь стандартын шаардлага хангахгүй гэдгийг нотлуулж чадсан уу?

-Бид лабориториудаар дээрх бүтээгдэхүүнийг шинжлүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораториор шинжлүүлэхэд дизель шатахуун, автобензин бүгд чанар стандартад хүрэхгүй байна гэж гарсан. Хөндлөнгийн компани буюу “Амбер” ХХК-ийн лабораторид шинжлүүлэхэд бас л тэнцээгүй.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга та нарын мэдээллийг харин няцаасан байдаг?

-Анх бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунтай уулзаж,  “хуурамч шатахуун борлуулагдаж байна, хяналт тавиач ээ. Шинжлээд стандартын шаардлага хангахгүй байгааг нь тогтоочихлоо шүү” гэж хэлээд ажлын хэсэг байгуулан, хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн байсан юм. Хэвлэлийн хурал хийчихээд явж байтал Л.Эрдэнэчулуун дарга “Монголд хуурамч шатахуун байхгүй, тэд худлаа ярьж байна” гэж мэдэгдсэн. Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа стандартаар түлш импортлогч борлуулагч нь түлшинд чанар сайжруулагч нэмэлт хольж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Л.Эрдэнэчулуун дарга  “А-80 бензин дээр октан нэмэгч бодис нэмээд 92 гэдэг авто бензины чанарыг нь сайжруулаад гаргаад ирсэн. Энэ бол олон улсын стандарт” гэсэн.  Гэвч олон улсын стандарт бас биш л дээ. Монгол Улс нефть импортлогч болохоос үйлдвэрлэгч биш. Хэрэглэгчдэдээ чанартай ДТ, авто бензин нийлүүлэхийн тулд стандартдаа энэ тухай тодорхой заагаад өгсөн. Тодруулж хэлбэл, түлш импортлогч, борлуулагч нь түлшинд чанар сайжруулагч нэмж хольж болохгүй, бензин импортлогч, борлуулагч нь бензинд октан нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмж хольж болохгүй гээд заачихсан. Бид дээрх хариуцлагагүй мэдэгдлийг нь тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан. Орлогч дарга н.Энхсайхан гэдэг хүнтэй уулзсан. Эдний зүгээс “Л.Эрдэнэчулууны мэдэгдэл хувь хүнийх нь байр суурь болохоос Мэргэжлийн хяналтын шийдвэр биш шүү” гэдэг тайлбар хийсэн. Уул уурхайн яам, Газрын тосны газар ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын байр суурийн эсрэг буюу бидэнтэй санал нэг байгаа. Ер нь хуурамч шатахууны асуудал энэ хавраас яригдаж эхэлсэн юм биш. Өмнө нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Б.Лхагважав, Газрын тосны газрын дарга н.Раднаасүрэн, мөн тус газрын мэргэжилтэн н.Сарантуяа нар ярьж байсан асуудал.

-Чанарын шаардлага хангадаггүй авто бензин, түлш хийдэг газар “Трафигура”-гаас өөр байдаг уу?

-Хан-Уул дүүрэгт “Говийн зам” гэж байдаг даа. Тэнд нэг агуулах бий.

-“Трафигура” компанид та бүхэн хандаж үзсэн үү. Хуурамч бүтээгдэхүүн борлуулж иргэдийг хохироохоо болиоч ээ гэж?

-“Трафигура”-д хандаж үзээгүй. Гэхдээ гүйцэтгэгч компаниудынх нь нэг болох “Хар мөрөн импекс”-ийн захиралтай уулзаж “стандартаа мөрдөөч” гэж хэлэхэд “Манайд ямар ч асуудал байхгүй, та нар битгий худлаа юм яриад яваад байгаарай” гээд дарамтлах маяг үзүүлсэн. Дахиж уулзаагүй. “Трафигура” компанийн талаар нэмж тодруулахад Монгол талыг нь Жононбаяр нэртэй залуу удирддаг. Ээж нь Эрдэнэсүрэн гээд Хотын гаалийн бүрдүүлэлтийн хэлтсийн гаалийн ахлах байцаагч. Харин Эрдэнэсүрэнгийн үй зайгүй найз нь Уранчимэг гээд Хотын гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга байх жишээтэй. Гэтэл Уранчимэгийн нөхөр нь Уул уурхайн дэд сайд Д.Загджав гээд ашиг сонирхлын зөрчилтэй юм гарч ирж байгаа.

-Нефтийн туслах бүтээгдэхүүнд татвар ногдуулах шаардлагатай. Тэгж байж хуурамч шатахууны борлуулалтыг хязгаарлана гэдэг асуудал тавьж байсан. Шийдэгдсэн үү?

-Шийдэгдээгүй ээ. Уг нь Уул уурхай, хүн үйлдвэрийн яам энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Сангийн яаманд хандан нефтийн туслах бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулдаг болъё гэсэн хүсэлт гаргасан байдаг. Шийдээгүй болохоор нь холбооны зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандсан. Гэтэл бидэнд Ч.Хүрэлбаатар сайд “2018 оны дөрөвдүгээр сарын 18-аас нефтийн туслах бүтээгдэхүүнд Гаалийн татвар ногдуулж эхэлж, хуурамч шатахууныг зогсоохын тулд  онцгой албан татвартай болгохоор хуулийн төсөл өргөн барьсныг зарчмын хувьд дэмжихгүй байна гэсэн” тайлбар ирүүлсэн. Гайхаж л сууна. Сангийн сайд маань ашиг сонирхлын зөрчилтэй юм болов уу ч гэж бодогдох.

-Чанарын шаардлага хангахгүй шатахууныг автомашиндаа хийснээс иргэд хохирч байгаа гэх асуудал яригдах боллоо. Хохирлыг нь барагдуулах боломжтой юу?

-Иргэд, аж ахуйн нэгжүүдээс бид энэ тухай гомдлыг өргөдлөөр болон Фейсбүүк-ийн хаягаар авч байгаа. Одоогоор 60 гаруй иргэн хандсан. Энэ тоо өсөх байх. Бүгдийнх нь хохирлыг тодорхой болгосны дараа чанарын шаардлага хангахгүй ДТ, авто бензин борлуулсан компаниудыг бүгдийг нь шүүхэд өгнө.

-Хуурамч шатахуун борлуулж байгаа асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж үзсэн үү? 

-Эрүүгийн цагдаагийн газарт хандсан. Эхлээд нэлээн сайн шалгаж явснаа өнгөрсөн  долоо хоногт /2018 оны зургадугаар сарын 18-22-ны долоо хоног.ред/ хэргийг Хан-Уул дүүрэг рүү шилжүүлчихсэн байсан. Гэтэл хэрэг дөрөв хоноод хаагдсан. Ямар үндэслэлээр хаав гээд асуусан чинь “Хэрэг шалгах хугацаа дууссанаар хаасан” гэдэг тайлбар хийсэн. Бид гайхаад л байна. Удахгүй прокурортой очиж уулзаад, хаагдсан тогтоолоо авч байгаад дахин гомдол гаргана. Яагаад гэвэл энэ хэргийг ингээд хааж болохгүй. “Трафигура” гэдэг компанийг судлахад  дэлхийн 36 оронд салбар нэгжтэй гэсэн мэдээлэл гарч ирсэн. Дандаа нефтийн туслах бүтээгдэхүүнийг салбар орнууддаа оруулдаг. Ихэвчлэн Монгол шиг хөгжил буурай, нефть боловсруулах үйлдвэргүй орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Трафигура” Монголд орж ирээд удсан байх магадлал өндөр байгаа. Зарим нэг судлаачаас мэдээлэл авахад 1997-1998 оны үеэс “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч зэсийн баяжмал авдаг байсан. Одоо бол “Ачит эх”, Оюутолгой зэрэг уул уурхайн компанид хольсон шатахуунаа нийлүүлээд оронд нь зэсийн баяжмал авч, түүнийгээ олон улсын зах зээлд гаргаж зараад орлогоо “Голомт”, Худалдаа хөгжлийн банкинд хийдэг. Худалдаа хөгжлийн банкинд таван хувь, “Голомт” банкинд тус бүр 4 хувь эзэмшдэг гэдэг мэдээлэл бий. Гол нь “Трафигура”-гийн энэ үйлдэл мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй учраас хуулийнханд хандсан юм. Гэтэл хууль хяналтын байгууллага дээр гацсан.

-Цаашдаа та бүхэн яах вэ?

-Манай холбооны гол зорилго нефтийн энэхүү дагалдах бүтээгдэхүүнүүдэд Онцгой албан татвар ногдуулах асуудлыг шийдүүлж, хуурамч шатахуун худалдаалдаг асуудлыг зогсоохын төлөө явна, тэмцэнэ. Мөн нефть боловсруулах үйлдвэртэй болохын төлөө ч ажиллах болно.

Г.ДАРЬ

ЭХ СУРВАЛЖ 2

Б.Лхагважав: Завсрын бүтээгдэхүүнд татвар тавибал энэ асуудал хумигдана

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважаваас хуурамч шатахууны талаар цөөн асуултад хариулт авлаа.


-Монголд хуурамч шатахуун зарж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Яагаад тэгж хардах болсон юм бэ?

-Хардах үндэслэлтэй л дээ. 2017 оны тавдугаар сараас евро стандартын шатах тос, тосолгооны материал ашиглах тухай стандарт хэрэгжиж эхэлсэн.  Танхимын зүгээс энэ стандартыг бүртгүүлэхийн тулд нэлээд хөөцөлдсөн. Шатахуун нийлүүлдэг ОХУ болон Хятад энэхүү евро стандартыг мөрддөг. Гэвч үнэндээ стандартын шатахуун дотоодод зарагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй санагдсан. Учир нь, сүүлийн жилүүдэд Монгол Улсын хилээр керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафтаг их хэмжээгээр оруулж ирсэн байсан. Тиймээс л Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байж болзошгүй гэж хардаж байгаагаа хэлсэн л дээ. Энэ асуудал одоо эрчимтэй яригдаж байна. Маш их хэмжээний түүхий эд хилээр орж ирсэн мөртлөө хаашаа орсон нь тодорхойгүй байгаа.

-Шатах тос, тосолгооны материалыг юунд хэрэглэдэг юм бол?

-Зэс угаахад ашигладаг. Эрдэнэтэд  “Петролеум продакшн” гэж  үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрийн ашигладаг шатах тос, тосолгооны материалыг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага. Ер нь авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр Монголд  орж ирдэг болсон. Тиймээс л ийм хардлага гарч байгаа юм.

-Хуурамч шатахуунаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Мэргэжлийн хяналтынхан бол тийм зүйл байхгүй гэж дандаа үгүйсгэдэг?

- Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгочих юм бол энэ төрлийн импорт хязгаарлагдана. Дотоодод хуурамч шатахуун үйлдвэрлэх асуудал хумигдана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ төрлийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тавина гэсээр бараг хоёр жил боллоо. Яагаад шатах тос, тосолгооны бүтээгдэхүүнд онцгой албан татвар тавьдаггүй шалтгааны бол мэдэхгүй юм байна. Тэгэхээр хууль эрх зүйн талаас зөрчилгүй болчихоод байгаа юм. Яагаад ийм хардлага гарав, нөгөө талаар хилээр орж ирж байгаа их хэмжээний шатах тос, тосолгооны материал юун зориулж байна вэ гэдгийг шалгах нь Мэргэжлийн хяналтын хийх ажил шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг татвараар л зохицуулна, өөр ямар ч арга байхгүй. Гол нь энэ төрлийн бүтээгдэхүүнд яагаад татвар тавихгүй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамнаас асуух ёстой.

-Ямар компани оруулж ирдэг юм бол та сайн мэдэх үү?

-Багануурт нэг компани байдаг гэсэн мэдээлэл сонссон. Яг нарийн асуудлыг нь хэлж мэдэхгүй байна. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо гээд хэдэн залуус энэ асуудлаар хөөцөлдөөд байгаа юм билээ. Ер нь шударга бизнес хийх асуудал бас энд давхар хөндөгдөж байгаа юм л даа. Нэг жишээ ярихад, Монголын нэг байгууллага Тоёототай гэрээ хийхээр болсон юм билээ. Япончууд манайд зарагдаж байгаа шатахууныг судлаад “Танайд ийм шатахуун зарагдаж байгаа нөхцөлд бид машинаа нийлүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм билээ.

Ж.Нямсүрэн

ЭХ СУРВАЛЖ 3

“Трафигура” гуравдугаар сард нээлттэй өдөрлөг хийжээ

Нийслэл Улаанбаатараас зүүн урагш 90 км-т орших Багахангай дүүргийн цагдаагийн постын хажууд томоос том агуулах харагдана. Энэ агуулах “Трафигура” компанийнх ажээ. Бидэнд олдсон мэдээллээр “Трафигура” компани нь хуурамч шатахуун үйлдвэрлэдэг, түүнийг Монголдоо томоохон шатахуун импортлогчид худалдан авч зах зээлд жинхэнэ шатахуун хэмээн борлуулдаг гэсэн юм.

Хуурамч шатахуун гэдэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг химийн бодистой хольж гаргаж авсан, дизель түлш, машины бензинтэй төстэй шатахуун ажээ. Ингэж хольж гаргаж авсан шатахуун нь утаа их гаргадаг, дутуу шаталтай учраас агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг, чанарын шаардлага хангаагүй учраас машины эд анги, ялангуяа бензин насосны эвдрэлийн шалтгаан болдог байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр гадаад, дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Нефтийн туслах бүтээгдэхүүн болох керосин, нафта зэргийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг аж. “Трафигура” компани нь дэлхийн 36 оронд салбартай, нефтийн химийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй ч зарах борлуулах эрхгүй компани аж.

Биднийг тус компанийн агуулахад очиход ойролцоох замаар “Галын аюултай” гэсэн анхааруулга бичигтэй том оврын ачааны машинууд явж байлаа. Ихэнх нь орон нутгаас ирсэн бололтой. Агуулахын харуулаас компанийг төлөөлөх хүн байгаа эсэхийг асуухад “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгч болохгүй гэсэн сануулгыг удирдлагаас бидэнд өгсөн. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг эсэхийг мэдэхгүй байна” гэв. Харуулын өрөөний ханан дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд цуу, яриагаар мэдээлэл өгөхийг хориглоно гэсэн утга бүхий албан бичгийг хаджээ.

Биднийг харуултай ярилцаж байх зуур нэгэн ажилтан гарч ирэв. Энэ зургадугаар сарын 20-ны өдөр тус компанийн Ерөнхий менежер хэвлэл мэдээлэлд компанийн талаар мэдээлэл өгөх, цуу яриа тараахыг хориглосон гэдгийг тэр ажилтан бас хэллээ. “Тиймээс бид ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Гадуур хуурамч шатахуун гэж яриад байгаа болохоос биш мэдэхгүй шүү дээ. Манай компани захиалгын дагуу хүргэлт хийдэг. Өнөөдөр ямар ч хүргэлт байхгүй байна. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэдгийг хэн нотлох юм. Саяхан Уул уурхайн яам, Ашигт малтмал газрын тосны газар гээд гурван байгууллага шалгалт хийгээд явсан. Тэд  хууль зөрчсөн үйлдэл байхгүй гээд дүгнэлт гаргачихсан. Манайх гуравдугаар сард компанийн нээлттэй өдөрлөг хийсэн. Энэ үеэр ард иргэд манай компанитай танилцсан байх”  гэв.

Э.Ариун

ЭХ СУРВАЛЖ 4

Машины эдэлгээ маш их багасч байгаа

Стандартын бус хуурамч шатахуун хэрэглэсэн тохиолдолд авто машины эд ангид хэрхэн нөлөөлдөг талаар машин засварын газруудаас тодрууллаа.


“Delta” сервисийн инженер Б.Отгонбаатар:

-Сүүлийн үед олон нийтийн дунд шатахуунд октан өндөртэй шатахуун хэрэглэж байна гэх мэдээлэл яваад байгаа. Октан гэдэг нь өөрөө шатахууны нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Ер нь бол чанар муутай шатахуун машины эд ангид муугаар нөлөөлж, эдийн засгийн хувьд хор хөнөөлтэй. Чанар муутай шатахуун дээр шаардагдах ёстой октаныг нь нэмэгдүүлэх нь тухайн машины хүч, үйл ажиллагааг сайжруулдаг. Ялангуяа бензин насос, бензин шүүр, тэжээлийн системүүдийг бохирдуулдаг. Чанар нь муу учраас бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй, техник хэрэгсэл саатах, тэжээлийн систем нь байнга алдаа заах, бүр хөдлөхгүй хэмжээний эвдрэл үүсэхгүй ч их, бага хэмжээгээр машинд эвдрэл үүсгэдэг. Үүнээс болж автомашины эд ангиа заавал солиулах, засварлах шаардлага гардаг учраас хэрэглэгчдэд эдийн засгийн хувьд хүндрэл учруулдаг. Сүүлийн үед автомашин залуужих тусмаа шатахуун голж байна. Ийм байдал сүүлийн үед их нийтлэг болсон. Машины эд ангийг эвдэх, насжилт богиносгож байгааг тооцоо, судалгаатай хэлэхэд хүндрэлтэй ч машины эдэлгээ маш их багасч байгаа. Яагаад гэвэл хэвийн ажиллах ёстой хөдөлгүүр шаталт муу байгаагаас шатах камерт тортог их үүсч, тухайн эд анги тортогт идэгдэж, хугацаанаасаа өмнө эвдэрч байгаа явдал маш их байна. Сүүлийн гурав, дөрвөн жилд машины тэжээлийн элэгдэл маш их нэмэгдэж байгаа. Энэ нь гэхдээ өмнө нь нарийвчлалтай оношлогоо хийж байгаагүйтэй холбоотой байж болно. Эдгээр элэгдэл, эвдрэл ялангуяа дизель түлшээр  явдаг машинуудад илүү их мэдрэгддэг. Хөдөлгүүрийн шатах камерын хэсэгт илүү их эвдрэл, гэмтэл үүсдэг. Шатахууны хольцоос шалтгаалан шингэн болох ёстой хэсэг нь шатахгүй машины эд ангид наалдаж, тортог сууж байгаа нь машины моторын эд анги эвдрэх эхлэл тавигдаж байна гэсэн үг.

“Бензин насосны эвдрэл их байгаа нь шатахуунтай шууд холбоотой”

“B альфа” автозасварын инженер Б.Цогбаяр:

-Ерөнхийдөө “Лексус” 470, 570 зэрэг жийп оврын машинуудад шатахууны эвдрэл илүү их мэдэгддэг. Насос нь эвдрэх, инжектрүүд зэрэг бензин системүүд гэмтэж эхэлдэг. Муу түлш хийснээс болж мотор, эд ангиудад сөргөөр нөлөөлдөг. Хуурамч шатахуун байдаг эсэхийг мэдэхгүй ч Монголд хэрэглэж байгаа шатахуун маш муу чанартай гэж бодож байна. Монголд орж ирж байгаа машинууд ихэнх нь олон километр явж байгаад орж ирсэн авто машин байдаг. Гэтэл гадаадад хэдэн мянган километр явж байхдаа эвдрэл үүсэхгүй байж Монголд орж ирээд л байнга эвдэрч байгаа нь хэрэглэж байгаа шатахуунтай л холбоотой гэж бодож байна. Ер нь чанар муутай шатахуунаас болж эвдрэл үүсдэг байсан ч сүүлийн нэг жилийн хугацаанд бүр их болсон байна. Бензин насос янзлуулж байгаа жолооч нар зөвхөн манай засварын газарт гэхэд өдөрт 2-3 байдаг. Тэгэхээр Улаанбаатарт хэдий тооны автозасвар байдаг билээ гээд бодохоор бензин насос эвдрэлтэй маш их авто машин гарч ирэх байх. Энэ бүхэн нь Монголд хэрэглэж байгаа шатахуунтай л шууд холбоотой гэж бодож байна. Чанар муутай шатахуун бензин болон дизель системд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, шахах ёстой хэмжээндээ шахаж чадахгүй, моторонд дутуу шахалт явагдаад ирэхээр янз бүрийн эвдрэл үүснэ гэсэн үг. Машин доголдоод л эхэлбэл бензин систем болон инжектор дээр л доголддог. Гэтэл жолооч нар оношоо зөв тогтоохгүй бусад эд ангиа оношлуулаад байх тохиолдол их гардаг.

“Эдийн засгийн боломжтой бол шинэ машин сонгох нь тохиромжтой”

“KIA motors mongolia” засварын газрын засварчин Б.Түвшин:

-Ер нь бол хөдөлгүүрийн систем болон түлшний системд шатахуун хамгийн их нөлөөлдөг. Эвдрэлийн гол эх үүсвэр нь гэсэн үг. Дизель түлшний системд чанар муутай шатахуун хамгийн их нөлөөлдөг. Түүнээс болж хар утаа гаргах, эд ангиудад эвдрэл үүсдэг. Чанар муутай шатахуун хэрэглэнэ гэдэг нь түлшний системийг тэр чигт нь эвдрэлд оруулдаг. Сүүлийн үед гарч байгаа эвдрэлүүд шатахуунтай холбоотой. Чанар муутай, хуурамч шатахуун оруулж ирж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ дэлхий даяар түлшний хэрэглээ илүү нано, утаа бага гаргадаг, шаталт сайтай шатахуун хэрэглэж байна. Европт гэхэд евро-6 стандарт хэрэглэж байхад монголчууд евро-3 стандартын шатахуун хэрэглэж байна. Өмнө нь түлш голдоггүй хөдөлгүүрүүд суурилагддаг байсан бол одоо илүү нарийн технологи, хөдөлгүүртэй, түүндээ зохицсон шатахуун хэрэглэгдэж байгаа. Гэхдээ Монголд орж ирж байгаа авто машинууд гадаадад олон жил явж байсан учраас энд орж ирээд шатахууны хэрэглээ болон машины эдэлгээнээс хамаарч эвдрэл их үүсдэг тохиолдол бий. Эдийн засгийн боломжтой бол иргэд шинэ автомашин сонгох нь илүү тохиромжтой.

Ш.ЧИМЭГ

ЭХ СУРВАЛЖ 5

ГЕГ: Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг УИХ шийднэ

Монгол Улсын хилээр шатах тос, тосолгооны материал буюу завсрын бүтээгдэхүүн татваргүй орж ирдэг. Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ мэдээгээр өнөөдрийн байдлаар гадаадын болон дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Нефтийн туслах бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг аж. ГЕГ-ын ажилтны хэлснээр өдөртөө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Зам-Үүд боомтоор орж ирдэг байна. Энэхүү нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд нь болдог байна.

2017 онд 23.576 тонн буюу 27 тэрбум 178 сая төгрөгийн нефтийн дагалдах бүтээгдэхүүн, 2018 оны таван сарын байдлаар 8.090 тонн буюу 10 тэрбум 500 сая төгрөгийн 20 гаруй нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж иржээ. Зөвхөн өнгөрсөн тавдугаар сард гэхэд 1028 тонн 1 тэрбум 400 сая төгрөгийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирсэн тухай  статистик дүн мэдээлэл байна.

Эдгээр бүтээгдэхүүнд гаалийн албан татвар ногдуулах боломжтой юу гэсэн асуултад “Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага учир холбогдох хууль дүрмийг Засгийн газар, УИХ-аар шийдэх ёстой, энэ төрлийн бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг бид мэдэхгүй” гэдгийг ГЕГ тодотгосон юм.

Мөн керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нь хагас боловсруулсан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн учир хэрэв онцгой албан татвар авсан тохиолдолд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 30 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт оруулах боломжтойг ч хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ 6

“Лабораторийн шинжилгээг үндэслэхээс өөр арга байхгүй”

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос дараах тодруулгыг хийсэн юм.


-Сүүлийн үед хуурамч шатахуун гэдэг зүйл ихээр яригдах боллоо. Танай байгууллагын зүгээс шалгалт хийсэн. Нотлогдсон уу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас “шатахуун чанаргүй байна” гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага иргэдийн өргөдөл гомдлыг үндэслэж  шалгалт хийсэн. Бид эхний ээлжид авто бензины октаны тоог тодорхойлдог зөөврийн гар багаж, мөн шатахууны дутуу шахалтыг хэмжих багажаар шалгасан.  Шалгалтын явцад октаны тоо бага гарсан зөрчил илрээгүй. Хэмжилт мөн адил хэвийн байсан. Бид шалгалтаар гарсан дүгнэлтийг дахин итгэмжлэгдсэн лабораторид давхар өгч шинжлүүлье гэж шийдсэн. Дан ганц зөөврийн багажаар дүгнэлт гаргаж  болохгүй гэдэг шийдвэрийг гаргаад бүх компанийн шатахууныг лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн материалууд байгаа. Ямар нэг зөрчил илрээгүй.

-Та бүхэн шинжилгээний хариуд итгэлтэй байгаа юу? 

-Ер нь бол олон улсын стандартаар 92 шатахуун  92-оос багагүй, 95 бол 95-аас багагүй гэхчлэн заасан байдаг. Тэгэхээр 92-95 хооронд шатахууныг хэвийн гэж  үзсэн. Гадуур хуурамч шатахуун зарагдаж байгаа гэж ярьдаг ч тийм зүйл байхгүй. Хуурамч гэдэг нь газрын тосны бүтээгдэхүүнийг ор тас өөр бодисоор орлуулж хийсэн шатах материалыг хуурамч гэж нэрлэдэг. Түүнээс биш газрын тосны бүтээгдэхүүн дээр чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг л  ярих ёстой.

-Багахангай дүүрэгт хуурамч шатахуун хийдэг газар байна гэсэн мэдээлэл цацагдсан. Танай байгууллагын зүгээс тус газарт очиж, шалгалт хийж байсан уу?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гаргаад Багахангай дүүрэгт шалгалт хийсэн. Шалгалтын дүн материал нь тус яам, Газрын тосны газарт байгаа. Манай байгууллагын зүгээс ОХУ-аас орж ирж байгаа компаниудын орос нефтийн гарал үүслийн бичгийг тогтмол шалгадаг. Октаны тоо нь хэвийн байдаг. Шалгахаар лабораторийн дүн хэвийн гэж гардаг. Бид лабораторийн шинжилгээг үндэслэхээс өөр  ямар ч арга байхгүй.

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас мэдээлэл хийхдээ хэд хэдэн шатахуун түгээх станц шатахуунаа дутуу шахдаг гэж мэдээлж байсан. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Нотлох баримттай нэг ч өргөдөл, гомдол манай байгууллагад ирээгүй. Гадуур  л ийм зүйл яригдаад байдаг. Үнэхээр октаны тоо бага байгаа бол бидэнд нуугаад байх шаардлагагүй. Тэгвэл яагаад мэдэгдэл хийгээд  байгаа газрууд шатахууны октаны тоо бага байна гэсэн бичиг, шинжилгээнийхээ хариуг манай  байгууллагад ирүүлэхгүй байгаа юм бэ? Би үүнийг гайхаад байдаг юм. Хамгийн гол нь нотлох баримттай үндэслэлтэй зүйл дээр л манай байгууллага хөдөлнө.

Нефтийн салбарт 20-30 компани үйл ажиллагаа явуулж байхад нийтэд нь хамруулаад бүх компани хуурамч шатахуун үйлдвэрлэдэг юм шиг иргэдийг төөрөгдүүлж байна. Хуурамч  шатахуун гэж нэрлээд байгаа нэр томьёоны хувьд буруу шүү. Гол нь чанарын шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоосон шинжилгээний бичгээ авчраад яривал хэн хэнд нь амар байна. Иргэдэд ч ойлгомжтой. Бидэнд ч амар.

-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос танай байгууллагатай холбогдсон уу?

-Манайхтай ирж уулзсан. Үнэхээр чанарын шаардлага хангахгүй шатахуунаар иргэдийг хохироогоод байгаа аж ахуйн нэгж байвал хамтарсан шалгалт хүртэл хийе. НМХГ-ын зүгээс байцаагчаа хүртэл гаргаж өгөхөд бэлэн байна гэж удирдлагууд тухайн үед хэлж л байсан. Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны хүмүүс “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудын шатахууныг ОХУ руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу ирэхээр эргэж холбогдъё” гэсэн. Өнөөдрийн байдлаар эргэж холбогдоогүй л байна.

-Өөр юуны талаар ярилцсан бэ?

-Хуурамч  шатахуун гэдэг нэр томьёоны хувьд буруу байгаад байна. Үндэслэлгүй юм битгий ярь гэдгийг ч хэлсэн. Үндэслэлгүй гэдэг маань тийм нэртэй компанийн шатахуун түгээх станцаас авсан нефтийн шинжилгээний хариу октаны тоо бага гарлаа гэсэн шинжилгээний эх хувийг манайх руу явуулаад, хамтран шалгая гэсэн бол ондоо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар ч гэсэн ялгаагүй цуг явах л байсан юм. Үнэхээр чанарын шаардлага хангахгүй машин тэргэнд гэмтэл учруулаад байгаа шатахууныг иргэд хэрэглэж  байгаа бол үүнийг болиулах л ёстой.

Э.Сосорбурам

ЭХ СУРВАЛЖ 7

ШӨХТГ: “Манай шалгалтын дүн гараагүй байна”

Хуурамч шатахуунтай холбоотой гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар /ХЭХГ/-т ирсэн эсэх талаар тус газрын дарга Ц.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Хуурамч шатахуунтай холбоотой гомдол танайд ирсэн үү?

-Иргэдээс хуурамч шатахуунтай холбоотой гомдол манай төвд ирээгүй. ШӨХТГ-аас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээс гарч буй мэдээлэл, Шатахуун хэрэглэгчдийн холбооноос гаргасан мэдэгдлийн дагуу хуурамч шатахуунтай холбоотой хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

-Шалгалт эхлүүлээд байгаа талаар бараг хоёр сарын өмнө мэдэгдэж байсан. Яагаад одоог болтол хариу нь гараагүй багаа юм бол?

-Энэ шалгалт нь дэлгүүр ороод ууттай бүтээгдэхүүнийг шалгахтай адилгүй. Лаборатори, харьцуулалтын нэлээд нарийн шинжилгээ ордог. ОХУ-аас манайд нийлүүлж байгаа тухайн бүтээгдэхүүний талаарх лавлагаа, нэлээд цаг хугацаа шаарддаг юм.

-Лабораториудад шинжилгээ хийсэн гэсэн. Хариу нь ямар гарсан бэ?

-Шатахуунд шинжилгээ хийдэг итгэмжлэгдсэн лаборатори манай улсад 14 бий. Тэдний шинжилгээнүүдийг судалж байна. 

-Лабораториудын шинжилгээгээр хуурамч шатахуун илэрсэн үү?

-Хувийн болон улсын лабораториудад шинжилгээ хийж байна. Нэг лабораторийн шинжилгээгээр ийм байна гээд зарлаж болохгүй. Таныг ямар хариулт сонсмоор байгааг ойлгож байна. Энэ асуултад тийм, үгүй гэж хариулж болохгүй. Ингэж хариулах нь нийгэмд сөрөг ойлголт төрүүлэх магадлалтай. Олонх лабораторийн шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал, хуурамч шатахуун борлуулж байсныг зарлаж болно. Түүнээс өмнө хуурамч шалтахуун борлуулж байна гэж зарлах нь учир дутагдалтай.

-Цөөн лабораторийн шинжилгээгээр хуурамч шатахуун илэрсэн юм байна, тийм үү?

-Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулах хэрэгтэй байх. Эдгээр байгууллага өнгөрсөн хугацаанд хуурамч шатахууны шалгалт хийсэн. Дүнгээ тайлагнаагүй байгаа. Хуурамч шатахуун гэж ямар ойлголтыг хэлэхийг мэргэжлийн байгууллагууд нь илүү сайн тайлбарлах байх.

Р.Ренчиндулам

ЭХ СУРВАЛЖ 8

“Цэвэр шатахуун ховор болсон”

Хуурамч шатахуун Монголд зардаг эсэх талаар иргэдийн байр суурийг сонслоо.


Иргэн Г. Батжаргал:

-Жолооч нар хуурамч шатахууны талаар ойлголт тун багатай. Миний хувьд энэ төрлийн бизнес эрхэлдэг учир харьцангуй мэдээлэл сайтай. Шатахуун гаднаас оруулж ирдэг ихэнх компани нэмэлт бүтээгдэхүүнтэй хольж зардаг юм билээ. Мөн хуучныг шинэтэй,  эсвэл удаан хадгалсан түлшээ хооронд нь хольчихдог. Цэвэр шатахуун бараг ховор болсон. Тэднийг  зогсооё гээд чаддаггүй. Энэ талаар хаана, хэнд хандахаа мэддэггүй. Цахим орчинд хуурамч шатахууны талаарх мэдээлэл их гардаг. Даанч манайхан нэгдээд асуудлыг эсэргүүцэж чаддаггүй. Жолооч нараа нэгдэхийг л уриалж байна даа.  Би ганцаараа мянга эсэргүүцээд барахгүй дарагдаад өнгөрдөг. АИ-93, АИ 95 хоорондоо ямар ч чанарын ялгаа байхгүй. Бүгд адилхан гэж би хувьдаа боддог. Жолооч нар тэр нь сайн, энэ нь муу гэж их ярьдаг. Уг нь бол хооронд нь сайн, мууг нь шүүмжлэх гэхээсээ илүүтэй хуурамч шатахуунтай тэмцмээр байгаа юм.

Иргэн  Н.Мэндбаяр:

-Би 10 гаруй жил жолоо барьж байна. Хуурамч шатахууны талаар ойлголт бараг байхгүй. Шатахуунаа байнга худалдан авдаг нэг л газар бий. Янз бүрийн шатахуун түгээх газруудаас авч байснаас нэг л газраар үйлчлүүлсэн  нь дээр гэж үздэг. Энэ нь  ч найдвартай. Гадуур шатахууны талаар янз бүрийн мэдээлэл сонсдог. Хамгийн гол нь жолооч нар шатахуун түгээх газраа л зөв сонгох чухал.

Иргэн Н.Энхбаяр:

-Хуурамч шатахуун зардаг талаар өмнө нь сонсож байсан ч хуурамч үгүй эсэхийг нь таних мэдлэг, мэдээлэл байхгүй. Миний хувьд таван жил жолоо барьж байна.

Иргэн  Ч.Эрхэмбаяр:

-10 гаруй жил жолоо барьж байна. Хуурамч шатахууны талаар телевизийн мэдээнээс л сонсож байсан. Ах нь хуурамч шатахуун мөн эсэхийг ялгаж чадахгүй. Саванд өгөхөө болиод шууд машины  банкинд хийдэг болсон болохоор шалгах боломжгүй шүү дээ. Битүү савнаас битүү сав руу хийж байгаа учир жолооч нар юу ч мэдэхгүй л өнгөрдөг.

Иргэн Э.Зоригтбаатар:

-Миний хувьд хуурамч шатахууны талаар мэдлэг, мэдээлэл байхгүй. Элдэв юм бодолгүйгээр  л шатахуунаа худалдаад авчихдаг шүү дээ. Хуурамч шатахуун байх вий гэж огтхон ч бодож байгаагүй.

Иргэн М.Ариунболд:

-Би хувийн байгууллагад жолоочоор ажилладаг. Манайх “Петровис” шатахуун түгээх станцаар тогтмол үйлчлүүлдэг. Ерөнхийдөө хуурамч шатахуун зардаг талаар өмнө нь сонсож байсан. Сүүлийн үед жолооч нар гадуур зарагддаг шатахуунуудыг хуурамч, жинхэнэ гэж их ярьдаг болсон байна.  Жолооч нартаа хандан хэлэхэд, энэ талын  мэдлэг мэдээлэлтэй болох  нь өөрсдийгөө эрсдэлээс хамгаална гэж зөвлөмөөр байна.

Хүснэгт: 2010 оноос хойш шатахууны хэрэглээ

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, автомашины тоо

Ш.Адъяамаа

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-06-27 64.119.16.145

Энэ шатахууны эзэдээр ТВ мэдээлэл өгүүлээчээ зөв буруугийг мэдмээр байна далимдуулагчид дэвэрэгчид хажууд нь их үймүүлэх юм .нэмсэн бол би бид л болж байвал түмэн яаж хохирох падгүй гэсэн шиг санагдах юм

Avatar

Дорж 2018-06-27 202.9.42.1

20000 д хийсэн бензинээр миний машин 120км орчим явдаг.Налайхийн Гордокийн МТ-ээс авсан бензинээр 78 км яваад дууссан.Тэхээр энэ колонкийн бензин но-той л байна даа.

Avatar

Хүннү 2018-06-27 112.72.11.108

АТҮТ -н оншилгоо буруу л юм байна. Ийм шатхуун хэргэлж байхад ямарч машин утаа хаяна. Агаарын бохирдол гээд л байдаг эхлээд цэвэр шатхуунаа ав л даа. Элдэв юм хольсон машин эдсэн зүйл зархаа боль.

Avatar

бат 2018-06-27 103.26.195.18

саяхан Эмээлтийн МТ ШТС-аас евро дизель хийлгээд хот руу ороод явж байтал машины маань ард түймэр гарч байгаа юм шиг утаа үнэр гараад хачин юм болсон зайдуу газар очиж байгаад хаазалаад нилээн багасан, дараа нь хотод явж байтал бөөн хар хөх утаа гараад байсан, Хавар Эрдэнэд МТ-ээс Дизел авахад түлшний шүүр бохирдож бөөн хөр хөх утаа гараад солиулж байсан. Хамгийн том МТ ингэж хулхидаж байхад бусад жижигүүд иймэхрүү найркаа хийх нь юу ч биш болжээ. Авилгал бүх шатандаа байгаа болохоор бензин түлшний НАЙРКА зарах нь зогсохгүй болов уу, НАЙРКА-ны эцэг Перовисын Оюунгэрэл, ШУНХЛАЙН хэн нар АПУ-ийн хуурамч архи шиг зарж байна даа. МОНГОЛ ЭЗЭНГҮЙ АЙЛ болсон. НАЙРКА МАНДТУГАЙ

Avatar

Зочин 2018-06-27 66.181.187.120

Хуурамч байгаа байхаа машин хааз огоход унтарчихдаг.бас бензин насос тасалддаг шаталт нь омхий vнэртдэг гээд урьд байгаагvй юмаа vзээд л явж байна…сод монгол шунхлай 2 оос авсаны дараа яг ингээд байсан юм даа.

Avatar

Зочин 2018-06-27 66.181.187.201

Petrovis ыг шалгаач миний машин тэндээс бензин аваад унтарсан. Хүмүүсээ тэндээс бензин аваад тун найдваргүй юм билээ

Avatar

Уншигч 2018-06-27 64.119.16.189

Боломжтой бол шинэ машин ав ч гэх шиг, тэгээд хуурамч бeнзин хийгээ л адилхан ш тээ.

Avatar

ИРГЭН 2018-06-27 66.181.160.73

МАНАЙ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ БОЛ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЮУНААСАА АЙГААД [Хориотой Үг] БОЛООД БАЙГАА ЮМ ВЭ? БИ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ. ХОЙШОО УЛААН-ҮД ӨӨРИЙН МАШИНТАЙ ЯВААД БЕНЗИН ХИЙГЭЭД ЯВАХАД МОНГОЛООС ХИЙСЭН БЕНЗИНЭЭС ИЛҮҮ ХОЛ КМ ЯВЖ БАЙНА ҮҮНИЙГ ТАЙЛБАРЛААД ӨГДӨӨ АЖИЛ ХАРИУЦСАН ХҮМҮҮСЭЭ? МӨН ОРОСООС БЕНЗИН /92/ХИЙХЭЭР МАШИН ДОГОЛДОЛГҮЙ ЯВЖ БАЙНА. ХАРИН МОНГОЛООС 92 ХИЙХЭЭР МАШИН ДОГОЛДООД БАЙДАГ. ТИЙМ БОЛОХООР ХАЯА НЭГ 95, 98 ХОЛЬЖ ХИЙХЭЭР ЗҮГЭЭР БОЛДОГ. ИЙМ ЭНГИЙН АСУУЛТАНД ХАРИУЛАЛДАА АЖИЛ ХАРИУЦСАН ХҮМҮҮСЭЭ? ЯМАР НЭГ НО БАЙНА? АКТОНДАА ХҮРЭХГҮЙ БАЙНА? ЭСВЭЛ БЕНЗИН НЬ БОХИР БАЙНА ШҮҮ ДЭЭ? ОЛОН ХҮМҮҮС ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРООД БАЙХАД ЗҮГЭЭР ГЭЖ ХЭЛЖ БАЙДАГ НОВШИЙН АМЬТАД ЮМ ДАА…………

Avatar

Зочин 2018-06-27 202.179.27.231

Автогаз хямд ч гэсэн бас адилхан хуурамч октан багатай зардаг ш д ээ

Avatar

Зочин 2018-06-27 202.179.27.231

Авто газ хүртэл ноотой байгаа ш дээ!!!!!!! НӨАТ төлдөггүй гээд хямд зардаг гээд байдаг энэ зунаас эхлээд бүр улаан цайндаа бүх АВТОГАЗ борлуулагч байгууллага ижил үнэтэй болсон !!!! Дээр баримт дээрээ бүхэл бүтэн 150 төг -н хямд нэгж үнээр өглөө гэсэн баримт өгнө…

Avatar

Зочин 2018-06-27 141.255.162.36

M-Oil unee nemehgui bsan n iim uchirtaim bishuu Gadnii zah zeell deer une nemegdeed bhd mongold nemegdehgui baih yamarch bolomjgui uyd edniih nemegdehgui bsn holiod baijee

Avatar

Зочин 2018-06-27 202.131.242.254

Бензин, шатахууныг заавал түүхий нефтээс гаргах албагүй. Нефтийн бусад бүтээгдэхүүн, нүүрс, шар буурцагнаас ч хүртэл үйлдвэрлэж болно. Гол нь стандарт хангасан эсэх асуудал. Нефтийн бусад бүтээгдэхүүнээс дотооддоо бензин, шатахуун үйлдвэрлэж эхэлсэн нь Роснефтийн монополийг багасгаж байгаа сайн зүйл. Дөнгөж эхэлж байгаа дотоодын үйлдвэрлэл рүү дайрч байгаагийн ард Роснефт байхыг үгүйсгэхгүй. Монголыг 100% шатахуунаар базаж байх бодлоготой нь харшилж байгаа учраас.

Avatar

Зочин 2018-06-27 64.119.16.193

Тэр Бага хангайгаас МТ, М-Ойл гэсэн бичигтэй цистернүүд ачаад явж бна гэнэ. С1 TV ээр гарсан.

Avatar

pkxny 2018-06-27 119.40.98.162

здаанууд хариуцлага тооцдог ацнууд алга уу\n

Avatar

Irgen 2018-06-27 202.55.188.36

Buh shatahuun importldog companiin kolonkuudad genetiin shalgalt hiigeed chanariig n togtooh heregtei unen mon n garaad l irneshdee. Tgd l irged haanaas avahaa shiidchii

Avatar

Aaaannn 2018-06-27 27.123.214.126

Anhnaasaa petrowis l naidwartai shahalt saitai shudeee

Avatar

Зочин 2018-06-27 66.181.178.209

s****a biz

Avatar

Зочин 2018-06-27 192.160.102.166

Huuramch gedgiig n yag hen heleed yalgaad bgaam be. SHalgadag gazar n ugui zgr geed bgam bishuu.

Avatar

Зочин 2018-06-27 176.10.99.200

Rosneftees avdaggui hediig n yalgaad haah heregtei!!!!!

Avatar

зочин 2018-06-27 202.179.27.84

Шатахуунаа ч шалгаж чадахгүйд хүрэх гэж. Чингэсийн Монгол гээд байгаа. Монгол ялнаа гэж эндээ.

Avatar

Зочин 2018-06-27 27.123.214.103

Герман машин ундаг. Магнай трейд арай найдвартай шатахуунаар хангаж бгаа гэж боддог. 4 Жилийн өмнө Дархан Мандал Говь дээр өөр нэг томоохон компаний колонкоос бензин хийхэд машин асахгүй сандаргаж бсан.

Avatar

Зочин 2018-06-27 202.70.34.70

Петровис хуурамч шатахуун зардаг. Битгий тэндээс аваарай хүмүүс ээ

Avatar

Зочин 2018-06-27 66.181.187.62

MAGNAI TEREDES AVAD MASHIN MOTOR EVDERSEN GENE BY AV

Avatar

Зочин 2018-06-27 192.42.116.16

Odoo enuugeer dalimduulaad yag ali n importloj oruulj irj baina harin ali n damlaad bas holiod zaraad bain gedgiig medej avah saihan bolomj yum bishuuu Heregelegchided ashigtai yum bn shu\n

Avatar

Зочин 2018-06-27

Манай улсын компаниауд бүгд Роснефтээс авдаг юм бишүү??\nЭнэ зүгээр л монгол компаниудаа элгээр нь хэвтүүлж орос компанийг монголд монопол болгож оруулж ирэх гэсэн явуулга байх шүү

Avatar

МХЕГ 2018-06-27 43.228.129.65

Мэргэжлийн хяналтынхан октанаас өөр үзүүлэлтээр шалгаж мэддэггүй юм байна. Найрлага, хүнд металийн хольц, тортогжилт гээд нарийн шалгах юм бол мэдэгдэнэ шд

Avatar

Өсөлтийн зөрүү 2018-06-27 43.228.129.65

Автомашины тоо тогтмол өсч тэр хэрээр шатахууны хэрэглээ нэмэгдэж ирсэн байна. Гэтэл 2015 оноос шатахууны хэрэглээ гэнэт буурчээ. Энэ л сэжигтэй байна. Хүмүүс хэрэглэдгээрээ хэрэглэсээр байгаа, буурах ёсгүй. Тэгэхээр зөрүүнд нь хуурамч шатахуун хэрэглэсэн байхнуу эсвэл бүгд приус унасных уу?…

Avatar

Зочин 2018-06-27 66.181.166.226

Shathuunii chanar geheesee iluu mashinii asuudaltai humusu ehleed mashinadaa ymr evdrel baina medeesei.\nMergejliin hyanaltaas shinjleed asuudalgui baina geed bhd l asuudal baih yostoi geed gujirdeed bgaa n sonin bn shu!

Avatar

Зочин 2018-06-27

Өөөрсдийн үндэсний компаниудаа дэмжээсэй хэдий облтол дандаа гадаадын хувалзуудыг дэмжиж байхын. Шунхлай, Петровис, МТ гээд тогтсон үндэсний компаниудаа дэмжээсэй

Avatar

зочин 2018-06-27 202.179.27.84

Хэзээ үндэсний компанууд шатахуун хийдэг болчихоов.

Avatar

Зочин 2018-06-27 66.181.161.11

Гаалин мэдээг олж аваад гаргаачэээ?! Хэн ингээд бгааг хэлээд нэгмөр болгооч энэ улс чинь эзэнгүй боллоо

Avatar

zochin 2018-06-27 66.181.168.82

uneniig ilchleh tusam buur nuun daragduuldag huuli huchniih ni baiguullaguud huurhii huuramch benzinee unegui hiilgedeg iim hugiin niigem ene tsag uy bol\n

Avatar

Зочин 2018-06-27 27.123.212.136

ЭРДЭНЭТ , АЧИТ ЭХ , ХХБАНК ЗЭРГИЙН АРД ТАЛД ЭЛБЭГДОРЖ ХУЛ ГАЙЧ ХУУРАМЧ БЕНЗИНТЭЙ ХОЛБООТОЙ ЛУЙ ВАРАА ЯВУУЛЖ БАЙНА !!!

Avatar

Зочин 2018-06-27 66.181.176.94

Завсрын бүтээгдхүүн оруулж ирсэн газрын үйл ажиллагаа, агуулхаас ачигдан гарч байгаа цистернүүд хаашаа явж хаана юунд хүргэж байгааг тусгай мөрдөгчид гаргаад шалгахад л болно ш дээ. Илэрвэл эрүү үүсгээд \n ямар ШТС тэрнийг борлуулсаныг олон нийтэд зарла.

Avatar

Зочин 2018-06-27 103.10.23.253

Хуурамч шатахууны асуудал яг ийм л юм байна. Гадаадаас хуурай спирт оруулж ирээд гэрийнхээ ваннад устай хольж найруулаад "Архи" гэж зарах, эсвэл архины үйлдвэрээс нь савлагаатай архи оруулж ирээд "Архи" гэж зарах. Энэ хоёрт чанарын асар их ялгаа байгаа биз? Тэгэхээр найруулсан шатахуун зарж байгааг таслан зогсоох хэрэгтэй биш үү? Яагаад таслан зогсоохгүй байна вэ?

Avatar

Зочин 2018-06-27 103.26.195.8

Huuramch shathuun gej bnaa bur olon jil bolj bgaa ym shig bn bilee.Trapigura gej ene luivarchin kompaniin ard hen bnaa.Toriin tomchuud erh medeltenguud l bgaa shuu d ee.Ted l hamgaalj bgaa.\nTatvargui oruulj ireed holiod zarahaar tsul ashig bhgui yu.tegeed avilgaa faraagaad hamgaaltand ni bgaad bgaa shuu dee.eniig tatvartai l bolgohgui bol hen ch diilehgui dee.huuli hyanalt tsagdaa shuuh prokorer bugd oroltsson bgaa daa…Tatvartai l. bolgo uur arga bhgui.IH huraliin erhem gushuud l medene dee.Eh oron ard tumen gej tseejee geldej ih hashigardag gishuudees huuli sanaachilchih honshoortoi ym bn uu ugui yu harj l baiy….tsaana ni tarvagan hunii taliinhan bgaa gej barag unen bh shuu…

Avatar

Зочин 2018-06-27 64.119.17.226

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Мөнхболд хуурамч шатахуун үйлдвэрлэгч нараас авлигал аваад нууц амраг Эрдэнэчулуунтайгаа хуваадаг. Хуурамч гэдэг нь нотлогдоод ирэнгүүт одоо яах бол. Цагдаад ажиллаж байхдаа авлигал авсан Мөнхболд ямар замаар НМХБ болов. Энэ талаар мэдээлэл цуглуулаарай залуусаа

Avatar

Зочин 2018-06-27 66.181.179.232

ЗАГДЖАВ ЗАГДЖАВ ЗАГДЖАВ

Avatar

Зочин 2018-06-27 64.119.19.223

Sayahan mongol huuhduudiin tsusnaas avsan shinjilgeegeer har tugalganii hemjee undur garsan gej medeellej baisan. Delhii niir har tugalgagui benzin heregledeg bolood udsan. Harin mongold standart gej baina uu. Ur huuhdee hurtel horduulj baigaadaa setgel zovohgui heden tsaas l ol baival bugd hamaagui gesen uzeltei.

Avatar

Зочин 2018-06-27 64.119.19.223

Sayanii 30 garsa haluun udruuded 95 uguhgui baisan shuudee. Yasan gesen chin haluunaas bolood uurshaad shahaj bolohgui baigaa gej tailbarlaj baisan. Bas 95 hiisen mashin haluund dogoldood baina gej humuus yarij baisan. Haluund uurshdaad hereglej boldogui benzin gej odoo l sonsoj baina. Manaihan yor n ih doroi, huvia hicheesen, shunaltai hujaagaas dor ard tumen yumaa

Avatar

Зочин 2018-06-27 202.21.112.106

Энэ мэргэжлийн хяналтын Мөнхболд гэж [Хориотой Үг] нөхөр октан октан л гээд байх юм. Октанаас өөр юм мэддэггүй мал уу? Шатахуунд чинь октанаас өөр маш олон чанарын үзүүлэлт байгаа ш дээ.

Avatar

Зочин 2018-06-27 66.181.160.31

ПАА БАРАГ ТӨРӨХӨӨСӨӨ Л ЛУЙ ВАРЧИН ГЭДЭГ ДАГАВАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮМҮҮС ОРОЛЦОЖ ДЭЭ, ТЭГЭХЭЭР Ч ХУУРАМЧ ЮМ ЗАРАГЛАЖ БАЙСАН НЬ ТОДОРХОЙ ДОО, УИХ ЗГ ХҮРТЭЛ ХАМГААЛНА ГЭХЭЭР ИХ Л ГАЗАР АВСАН ТОМ ЛУЙ ВАР БАЙНА ДАА,

Avatar

Зочин 2018-06-27 122.201.23.75

Хамгийн муу бензинтэй газар бол Петровис.\n

Avatar

BOLD 2018-06-27 64.119.18.37

ODOO MANAI MONGOLD BUH YUM HUURAMCH BOLSON.

Avatar

Иргэн 2018-06-27

Сайн сурвалжлага болжээ. Хуурамч шатахуунтай тэмцэж байгаа залуучуудыг дэмжиж байна. Манайд орж ирж байгаа шатахууны чанар муу байгаа нь лабораторийн шинжилгээтэй, шинжилгээгүй иргэдэд ч мэдрэгдэж байгаа ш дээ. Гэтэл Мэргэжлийн хяналтыхан гэж хахууль авахаас өөр хийх юмгүй амьтад байх юм. Бүх салбарт аюулгүй байдал алдагдчихаад байхад олон улсын түвшинд байна гэсэн юм яриад л сууж байдаг.

Avatar

Иргэн 2018-06-27 27.123.214.115

Яагаад эрүүгийн хэргийг хаав? Загджав , УУЯ, СЯ ямар холбоотой вэ? Яагаад улсад орлого оруулах онцгой албан татвар ногдуулах асуудлыг шийдэхгүй бна? Яагаад МХГ яаран сандран дүгнэлт хийв?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж