2020 оны зуны олимп долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ны хооронд болно. Харин паралимп нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл Японы Токио хотноо зохион байгуулагдана. Японы зуны аагим бүгчим халуун өдрүүдэд олимп тохиох тул тус улсын Олимпыг зохион байгуулагч хороо холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
“Бид цаг уурын талаар дэлгэрэнгүй мэдээг хурдан шуурхай хүргэх болно” гэж засгийн газрын ажилтан мэдэгдсэн байна.
Тэд харьцангуй чийгшилтэй халуун уур амьсгал марафонд гүйх тамирчид болон үзэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн болгоомжилж байгаа аж. Тиймээс марафон болох замыг сэрүүхэн байлгах үүднээс халуунд тэсвэртэй материалаар засахаар болжээ. Харин үзэгчдэд зориулж зам дагуу ургасан модыг сүүдрэвч болгохоор тайрч засах аж.
Мөн тус улсын Эрүүл мэндийн яамнаас гадна, дотноос ирэх үзэгчдэд зориулж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Японы аялал жуулчлалын агентлаг түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэгийг тодорхойлсон газрын зурагтай товхимлыг долоон хэл дээр гаргахаар болсон байна.
“Бүгчим халууны эсрэг авч байгаа энэ арга хэмжээнүүд олимпыг үзэхээр ирэх зочдод өндөр сэтгэгдэл үлдээх байх” гэж Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны ажилтнууд найдаж байгаа аж.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж : thejapantimes